ХБНГУ-аас Монгол Улсад шинээр томилогдсон онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Хельмут Кулитцийг хүлээн авлаа
2023.10.11

ХБНГУ-аас Монгол Улсад шинээр томилогдсон онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Хельмут Кулитцийг хүлээн авлаа

Уулзалтаар хоёр улсын боловсролын салбарын олон жилийн нягт хамтын ажиллагаанд талархал илэрхийлж тэр тусмаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй техникийн болон мэргэжлийн боловсролын салбарт ХБНГУ-тай хамтран хэрэгжүүлж буй ажлууд амжилттай байгаа талаар онцлов.

Ирэх онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих жил” болгон зарлаж буйг уламжлав.

ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол” төсөл, “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль” төсөл хэрэгжиж байна. 2023 оны 9 дүгээр сард баталсан Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд дээрх төслүүдийг 2026 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон.

Мөн энэ оны 11 дүгээр сард БШУЯ-аас Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буй ХБНГУ-ын “Саксон мужийн боловсролын өдөрлөг” арга хэмжээг хамтран зохион байгуулах талаар болон Ерөнхийлөгчийн Илгээлт-2,100 тэтгэлэгт хөтөлбөр, Ерөнхий сайдын санаачилсан 1,000 инженер ХБНГУ-д бэлтгэх асуудлаар талууд санал солилцлоо.