Б.Энхбаяр: "Доромжлох"-ыг гэмт хэрэгт тооцох хуулийн заалтыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд татаж авна
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдэд иргэдийн мэдэх эрхийг хангахад саад болж байгаа хуулийн заалт нь юу вэ гэдгийг авч үзье. Гол асуудал нь худал мэдээлэл тараах гэдэг зүйл ангиар сэтгүүлчдийг яллаад, амыг нь үдээд байгаа юм.
Миний бие 2021 оны гуравдугаар сард Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэдэг зүйл анги дээр хоёр тайлбар оруулах хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа.
- Худал мэдээлэл тараах гэдэг үйлдэл дээр төрийн байгууллага гомдол гаргахгүй. Цагдаа шүүхээр айлгах асуудал байхгүй.
- Улс төрд нөлөө бүхий этгээд буюу улс төрчид өөрийг нь хардсан хэвлэл мэдээллийн байгууллагын үйлдэлд гомдол гаргахгүй.
Уг хуулийг батлуулахын тулд МСНЭ-тэй хамтарч ажиллахад бэлэн байна.
Түүнчлэн Эрүүгийн хуульд өнгөрсөн жил доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцъё гэдэг асуудал хуулийн төсөл өргөн баригдсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд би доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцохын эсрэг байдаг. Гишүүн байхдаа ч энэ байр сууриа илэрхийлж байна.
Иймд доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцох хуулийн заалтыг би Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд татаж авна гэдгээ илэрхийлж байна” гэлээ.
Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох гэмт хэргийг тусгах нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэтрүүлэн хязгаарлах, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд цензур тогтоох үр дагавартай болохыг хүний эрхийн олон улсын байгууллагууд буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний байгууллагууд онцгойлон анхааруулсан байдаг гэдгийг Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Глоб интернэшнл төв, Хэвлэлийн хүрээлэн зэрэг байгууллагаас сануулсаар байв. Мөн уг заалтыг татан авахыг УИХ-ын гишүүдэд уриалан, захидал илгээж байсан юм.