Нийтийн тээврийн салбарт боловсон хүчин дутагдалтай байна
НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанд нийслэлийн нийтийн тээврийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцууллаа.
Нийтийн тээврийн салбарт боловсон хүчин дутагдалтай байна. Тухайлбал, инженер техникийн 329 ажилтан байгаа бөгөөд нэмэлтээр 38 хүн шаардлагатай. Засвар үйлчилгээний 241 ажилтан байгаагаас 62 орон тоо сул байна. Мөн 2039 жолооч байгаа бөгөөд 221 хүн шаардлагатай байна. Жолооч хүрэлцээгүй нь автобус үйлчилгээнд явахад нөлөөлж байгаа тул цалин хөлс нэмэгдүүлэх шаардлага бий болсныг дурдаж байлаа.
Энэ онд нийтийн тээврийн үйлчилгээнээс 465 автобус хасагдана. Парк шинэчлэлийн хүрээнд энэ онд 205 автобус оруулж ирснээс дунд багтаамжийн 50, цахилгаан 55, их багтаамжийн дизель 100 автобус байгаа юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 470 автобусаар парк шинэчлэл хийжээ. 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 400 автобус авсан бөгөөд эргэн төлөлт хангалтгүй, 26 хувьтай байна.
Нийслэлийн нийтийн тээвэрт 110 чиглэл байгаагаас богино эргэлтийн 27 чиглэл бий. Эдгээрт өдөрт 1020 автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд давхардсан тоогоор 520 мянган хүн үйлчлүүлж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Улсын төсвөөс нийтийн тээврийн салбарт олгодог татаас жил ирэх бүр нэмэгдэж байна. Автобусны маршрут, чиглэлийн төлөвлөлтөд алдаа, мөн аж ахуйн нэгжийн ашиг сонирхол бий болсон. Цаашид богино эргэлтийг нэмэгдүүлэх бөгөөд зорчилтыг нэмэгдүүлэхийн тулд уян хатан төлбөрийн зохицуулалт хийнэ. Түүнчлэн автобусны зогсоолын стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн зорчилт 26 хувьтай байгааг 60 хувьд хүргэх бодлого баримтлан ажиллана” гэдгийг хэлж байлаа.
Мөн “Улаанбаатар смарт карт” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй тул уулзалт хийж, компанид мэдэгдэл хүргүүлжээ.
Хотын дарга Х.Нямбаатар “Хуучин ногоон автобуснаас нэг нь ч үйлчилгээнд яваагүй, тендерийг цуцалсан. Тендерээр 700-750 автобус шинээр авахаар төлөвлөж байна. Өдөрт үйлчилгээнд явах автобусны тоог 1200-1300-д хүргэхээр зорьж байгаа. Түгжрэлийн оргил ачааллын үед автобуснууд нэг талдаа гарч, хүлээлт үүсгэдэг. Иймээс түгжрэлийг бууруулах бүхий л арга хэмжээг авах шаардлагатай байна. Ирэх арванхоёрдугаар сард нэг шугамтай метроны үндсэн ТЭЗҮ, ажлын зураг, төсвийн нээлттэй тендерийг олон улсад зарлана” хэмээв.