2023.11.10

Такси үйлчилгээг сайжруулахад хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд хийгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгон, стандартад нийцүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Мөн шийдэл хүлээсэн тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, Худалдан авах ажиллагааны жишиг бичиг баримт боловсруулах эрхийг МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхимд шилжүүлэх хуулийн төсөл явж байгааг онцоллоо.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хууль батлагдвал агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллах хүсэлтэй байна.

Авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд нийтийн тээврийн төрлийг боловсронгуй болгож, дэлхийн томоохон хотуудын жишигт нийцүүлнэ. Үүнийг төр дангаараа хийж чадахгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэн, шинээр 1200-1300 автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн.  Эхний ээлжийн парк шинэчлэлийг хийхээр олон улсын нээлттэй тендер зарласан. Үнэлгээний хороо шуурхай ажиллаж, олон нийтэд нээлттэй байдлаар үнийн санал, тендерийн баталгаа, хүчинтэй хугацаа, стандарт, шаардлагыг танилцуулан, үнэлнэ. Метро барих ТЭЗҮ, зураг төслийн тендерийг зарлах бөгөөд  санхүүжилтийн 2-3 сонголт бий.

Уламжлалт нийтийн тээврийн хоёр дахь төрөл бол такси үйлчилгээ. 1996 оноос хойш хувийн аж ахуйн нэгжүүд таксины салбарт хэд хэдэн шинэчлэл хийж ирсэн. Харамсалтай нь 2007 оноос хойш нийтийн тээврийн хөгжих боломж жилээс жилд хумигдсаар, гол хоёр төрлийн нийтийн тээврийн шинэчлэл үр дүнд хүрээгүй. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс хийсэн судалгаагаар өдөрт дунджаар 80 мянга гаруй хүн хувийн такси үйлчилгээ үзүүлж байна гэх тооцоолол гарсан. Ийм байдлаар ямар ч хяналт, зохицуулалт, стандартгүй явж болохгүй. Тиймээс такси үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахын тулд нийслэлийн зүгээс ямар байдлаар зохицуулалт хийж, хувийн хэвшлээ дэмжиж болох вэ гэдгийг та бүхэнтэй хэлэлцмээр байна” гэв.

Хотын даргын зүгээс хувийн хэвшилтэй хамтран такси үйлчилгээнд шинэчлэл хийн, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрөл, хэлбэрээр нь ангилан олгодог болох тогтолцоог бий болгохоор зорьж байгаагаа онцолж байлаа. Үүнийг мөн УИХ-д өргөн барьсан анхдагч хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 11 дүгээр зүйлд Такси үйлчилгээний хяналт, зохицуулалтын тухай оруулсан. Тус хуулийн төсөлд “Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгох бөгөөд уг зөвшөөрлийг нийслэлээс олгоно” хэмээн тусгасан байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Нийтийн тээвэр, түгжрэлтэй холбоотой асуудлуудыг хөндөх учраас тэр чиглэлийн компанийн удирдлагууд өнөөдрийн уулзалтад ирсэн. Өмнө нь түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хэрхэн сайжруулах талаар саналаа өгдөг, уулзаад л өнгөрдөг байсан. Хотын шинэ дарга хурдтай ажиллаж байна. Асуудал биднийг хүлээхгүй, улам ужгирна. Иймээс хурдан шийдэхгүй бол болохгүй” гэдгийг онцоллоо.

Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч  А.Ганхуяг “Такси үйлчилгээ хяналт, зохицуулалтгүй байгаа нь үнэн. Нэг жишээ дурдахад, энэ зун л гэхэд “Оюу толгой” ХХК-д ажилладаг 17 хүн 2.5-3.5 сая төгрөгийн цалингаасаа татгалзаж, “Таксинд явна” гэх шалтгаанаар ажлаасаа гарсан байна. “Таксинд хоёр долоо хоног явахад 2.5-3 сая төгрөгийн орлого олж байхад тэр хол явж ажиллаад яах вэ” гэсэн хариулт хэлж байх жишээтэй. Улсдаа баялаг бүтээх ёстой хүмүүс замын түгжрэлд хувь нэмэр оруулж, таксинд явж байгаа гэсэн үг. Гол нь бид дата, судалгаанд тулгуурлан, асуудлыг цогцоор нь харж, шийдэл гаргах хэрэгтэй” хэмээлээ.

“Петровис” ХХК-ийн ерөнхий захирал О.Содбилэг “Бид түгжрэлийн судалгааг хийж үзэхэд хоногт давхардсан тоогоор 200 мянган машин тодорхой зорилгогүй явж, хотын түгжрэлд нөлөөлж байгаа дүн гарсан. Энэ нь халтууранд явж байгаа жолооч нар. Нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй байгаа. Үүнийг шийдэхээр ажиллаж байгааг сонслоо. Түгжрэлийн шалтгаан, нөхцөлийг зөв тодорхойлох нь чухал. Бид судалгаагаа хуваалцахад бэлэн. Агаарын бохирдлын хувьд шатахууны чанарт анхаарах хэрэгтэй. Дэлхий нийтээр Евро-5 шатахуун руу шилжсэн. Дизель түлшний хүхрийн хэмжээ Евро-5 шатахуунтай харьцуулахад 500 дахин их байна. Шатахууны чанарт анхаарвал агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөөтэй. Энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн” гэв.

“UBCab” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр “Нийтийн тээвэр, тэр дундаа такси үйлчилгээний салбарт Улаанбаатар хот бодлогогүй явж ирсэн. Би энэ салбарт 7-8 жил ажиллаж байна. Манайх 38 мянган жолоочтой. Өдөрт 50-60 жолооч нэмэгддэг. Такси үйлчилгээ бүртгэлтэй, нэгдсэн зохион байгуулалтад орох ёстой. Техник технологи хөгжихийн хэрээр нэг таксинд нэг хүн суугаад явахаас илүү хуваалцах хэрэгцээ нэмэгдэж, нэг хотхон, бүсэд амьдарч байгаа хүмүүс энэ үйлчилгээг хуваалцдаг болсон. Бид энэ хүрээнд Замын үйлчилгээний журам боловсруулж ЗТХЯ-д хүргүүлсэн” гэлээ.

Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд “Бид Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтран ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, эмэгтэйчүүдийг дэмжин ажиллаж байгаа. Банкны салбарынхан такси үйлчилгээний шинэчлэлт дээр лизинг буюу санхүүгийн түрээсийн чиглэлээр хамтарч ажиллах боломжтой. Мөн албан ёсны зөвшөөрөл, тэмдэгтэй такси үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн байна” гэсэн юм.

Түүнчлэн МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс такси үйлчилгээтэй холбоотой дата мэдээлэлд тулгуурлан, оновчтой судалгаа хийж,  өмнөх алдаа дутагдлуудаа засан, цогц төлөвлөлт гарган, хамтран ажиллах боломжтойг онцолж байлаа.

Ийнхүү нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын худалдааны танхимтай зөвшилцсөнөөр такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгоход төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарч ажиллах тухай Ажлын хэсэг байгуулахаар боллоо.