Б.ЖАВХЛАН: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ АЙЛ ӨРХҮҮДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОХ СОРИЛТТОЙ ТУЛЖ БАЙНА
Ковидын дараах хямрал, үнийн өсөлт, геополитикийн асуудал зэрэг хүндхэн сорилттой оныг бид үдлээ. Тэгвэл эдгээр асуудлууд тоон үзүүлэлтээр хэрхэн гарсан, ирэх онд биднийг эдийн засгийн ямар нөхцөл угтаж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлантай ярилцлаа.
-Бидэнд цаг гаргасан танд баярлалаа. Өнгөрсөн оны макро эдийн засгийн тоо баримт их дажгүй харагдаж байна. Эдийн засаг 6-8 хувийн өсөлттэй гарсан байна. Нүүрсний борлуулалт 68 тоннд хүрсэн байна. Түүхэн дээд түвшинд хүрлээ. Инфляци 12-8.6 руу орлоо. Гэхдээ иргэдийн амжиргааны түвшин бүр л муудаад байна. Яагаад эдгээр өсөлт иргэдийн амжиргааны түвшинд нөлөөлөхгүй байна вэ?
-Бидний дараагийн том сорилт яг энэ юм. Өнгөрсөн дөрвөн жилийг бүхэлд нь харах юм бол дэлхий нийтээрээ маш том сорилтод орсон. Ковид, дайн, эдийн засгийн даяарчлал, төвлөрөлүүд хаашаа, яаж явж байна. Юу нь буруу байна. Манай улс бусад улсаас ямар хамааралтай юм. Бусад улсад ямар нөлөө байгаа юм. Ямар чиг баримжаатай хөгжих ёстой вэ гэдгийг маш сайн ойлгууллаа.
Эдийн засгийн хараат байдлаас ойрын хугацаанд гарахгүй бол дараагийн том эдийн засгийн сорилтыг бид давж чадахгүй. Энэ бүгдэд бэлэн байх ёстой. Бид хоёр том хөрштэй. Хөрш орнуудаа хэзээ ч сольж чадахгүй. Хил хаагдахад хэдэн жилээр биеэ даах эдийн засгийн тогтолцоотой болох ёстой юм. Энэ бүгдийг өнгөрсөн жилүүд бидэнд ойлгууллаа. Эдгээр жилүүдийн хүндрэлийг бид одоо л нэг давах янзандаа орж байна. Эдийн засаг маань одоо л тогтворжиж, эргэж байна. Би макро түвшиндээ ярьж байна шүү. Одоо л үнийн өсөлтийн хурд саарч байна. Хэрэв эдийн засаг дөрвөн жилийн өмнөх шигээ үргэлжилсэн бол юун эдийн засгийн өсөлт, юун айл айл өрхийн орлого нэмэгдэх. Бид үүнийг ярих ч боломжгүй байх байлаа. Ямар ч улс гүрэн манайд бонд гаргахгүй гээд, тулсан өр зээлүүд гаднаас нэхэгдсэн. Үүнийгээ төлж чадаагүй бол Шри Ланкын араас дампуурлаа зарлаж, цагаан тугаа өргөөд ОУВС явах байлаа шүү дээ. Ийм байдалд оролгүй өөрсдийнхөө нөөц боломжоор амжилттай давж чадсан.
Бид төсвөөр дамжиж айл өрхөд очиж болдог сувгууд дээр хөрөнгө тавьсан. 1.9 их наяд буюу төсвийнхөө давсан орлогоор анх удаа цалингаа нэмсэн. Алдагдлаа нөхөлгүйгээр шүү дээ. Мөн тэтгэвэрээ ч нэмсэн. Тодорхой хэмжээнд халамжийн дүнг нэмсэн. Хүүхдийн мөнгөө эргээд өгдөг боллоо. Түүхэндээ анх удаа давсан орлогоороо тодотгол хийсэн.
АРД ТҮМНИЙХЭЭ БАЯЛАГИЙГ ҮНЭД ХҮРГЭЖ, ЗАРЖ ЧАДДАГ БОЛСОН
-Өнгөрсөн оноос нүүрсний борлуулалтын хэмжээ нэмэгдсэн шүү дээ. Түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Бага борлуулалттай үед ч бид амьдарч л байсан. Их болсон энэ үед бид зөвхөн төсвийн алдагдлаа л нөхөж байна гэсэн үг үү?
Тэгж ойлгож болно. Энэ жил ААН-үүдийн орлогын албан татвар маш сайн давж биеллээ. АМНАТ ч маш сайн давж биеллээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудыг сэргээсний үр дүнд ард түмнийхээ баялагийг үнэд хүргэж зарж чаддаг болсон юм. 100 доллараар зардаг байсан бол биржээр 170 болгож зарлаа шүү дээ. Үүнээс бид өмнө ямар их боломж байгаад, түүнийгээ алдаж байсан нь ил тод болсон. Гэхдээ бид тэр хэмжээгээр зардлаа нэмэх боломжгүй. Зардлын өсөлт нь хязгаартай. Ялангуяа биднээс үл хамаардаг гадаад зах зээлтэй хамааралтай байдаг түүхий эдийн борлуулалт экспортын нөлөөнөөс их болж байгаа орлогын өсөлтөөр зардлаа өсгөх нь их аюултай. Маш тогтворгүй байдал үүснэ. Ирэх жил нүүрсний үнэ унавал яах уу. Эрэлт багасвал яах уу. Гэнэт хил хаагдвал яах уу. Сүүлийн хоёр жилийн төсвийг тэлээд байна л гэдэг энэ өөрөө хязгаартай шүү дээ.
2024 оны төсвийг түүхэн дээд хэмжээнд хүртэл тэлсэн. 27 их наяд төгрөгийн төсөв баталсан шүү дээ. Төсвөө ийм өндөр хэмжээтэй тэлэхээр, мөнгөний бодлогын хүү буурах магадлал бага байна гэсэн үг. Тэгэхээр иргэд, ААН-үүдэд очиж байгаа мөнгө үнэтэй очиж байгаа юм биш үү?
-Төсөв мөнгөний бодлого хоёр уялдаж байгаа эсэхийг асууж байх шиг байна. Сүүлийн жилүүдэд маш сайн уялдаж байгаа гэж болно. Бид өнгөрсөн жил мөн л төсөв давсан орлогоор алдагдлаа бууруулж чадсан. Алдагдлаа бууруулна гэдэг нь мөнгөний хатуу бодлоготой. Энэ жилийн төсвийн тэлэлт бол цалин, тэтгэвэрийн өсөлт байсан. Урсгал зардал маань 3.8 их наядаар тэлсэн. Үүний 2.8 их наяд төгрөг нь зөвхөн цалин тэтгэвэр тэтгэмж байсан юм.
БИД ИНФЛЯЦИЙН ХУРДАА ГҮЙЦЭХГҮЙ БАЙНА
Бид ковидын өмнөх жил хүртэл цалинг тогтмол 6-8 хувиар нэмдэг байсан. Сүүлийн жилүүдэд чадаагүй. Гэтэл нөгөө талдаа юмны үнэ өсөөд байдаг. Тэрийгээ хөөж гүйцэхгүй болохоор иргэдийн маань бодит орлого дандаа хасах болоод яваад байсан. Иргэдийн ажиргаа улам муудаад байна гэдэг нь иргэдийн орлого, олон жил өссөн инфляциа гүйцэхгүй байгаа юм. Нэмэгдээд нэмэгдээд гүйцэхгүй. Тэгэхээр бид орлогоо нэмээд инфляциа бууруулах хэрэгтэй. Яг энэ үед мөнгөний бодлого хатуу төлөвт байхаас өөр аргагүй. Ямар ч байсан эдийн засгаа тогтворжуулаад, төлбөрийн тэнцлээ эерэг гардаг болгоё. Тэгж байж мөнгөний бодлогоо суллахгүй бол эдийн засаг тогтворжихгүй. Гэхдээ энэ хугацаа удахгүй болов уу л гэж бодож байна.
-ДНБ 12 жилд хоёр дахин өссөн байна. Гэтэл төрийн өмчит компаниудын хөрөнгө сүүлийн арван жилд арав дахин өссөн. Биднээс авч байгаа татвар сүүлийн дөрвөн жилд хоёр дахин нэмэгдсэн. Тэгэхээр орлогын албан татвар төлдөг ААН-үүд улам багасаад, манай эдийн засгийн цикль нэг л буруу яваад байгаа юм биш үү?
-Санал нийлэхгүй байна. ДНБ сүүлийн арван жилд биш шүү. Сүүлийн дөрвөн жилд юм. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн Газар 36 их наяд ДНБ хүлээж авсан. Энэ жил 60 гарч байна. Ирэх жил 70 гараад эхэлнэ. Дөрвөн жилийн дотор хоёр дахин тэлж байгаа юм. Энэ өсөлтийг дагаад төсөв маань тэлж байна. Гэтэл бид 2019 онд татварынхаа багц хуульд шинэчлэлт хийсэн. Түүнээс хойш нэг ч татварын хувь хэмжээ өөрчлөгдөөгүй.
-ХАОАТ цалингаас шалтгаалаад нэмэгдсэн шүү дээ.
-Тэр бол манай орлогын 0.6 хувь. 820 мянган ХАОАТ төлдөг иргэн байдаг юм. Үүнээс 1700 хүнд л хамаарна. Тэр бол орлогод маш бага хэмжээгээр нөлөөлдөг. Өөр ямар ч хувь хэмжээ нэмэгдээгүй. Үүн дээр эдийн засгийн идэвхжил сайн явж байна гэсэн үг.
-Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо багасаад байна уу? Иргэдэд цалин олгоод, татвараа төлдөг ААН-үүдийн оролцоог хэлж байна л даа?
-Бас л тийм биш. Үгүй. Төрийн өмчит ААН-үүдийн ихэнх нь алдагдалтай байдаг. Орон нутаг болон төрийн өмчийн бүртгэлтэй 460 гаруй ААН байдаг юм. Үүний 80 гаруй хувь нь алдагдалтай ажилладаг. Тэндээс улсад оруулдаг орлого маш бага. Хэдхэн том үйлдвэр байна. Эрдэнэт үйлдвэр, ЭТТ ХК хоёр АМНАТ сайн төлж байгаа.
Төрийн өмчит, ашиггүй ажилладаг ААН-үүдийг татан буулгана. Стратегийн хувьд байх ёстой цахилгаан станцуудаа бол алдагдалтай байсан ч авч явна. Ингэхээр хувийн ААН-үүдийн оролцоо өндөр болж байгаа.
-Манай улсад тулгамдаад буй хоёр том асуудал бол шатахуун, эрчим хүч болчихлоо. Одоо бид яах вэ?
-Эдийн засаг тэлж байгаагаа дагаад хэрэглээ тэлж байгаа юм. Манай эрчим хүчний хэрэглээ хамгийн ихдээ 1480 хүрч байсан юм билээ. Одоо 1700. Эрчим хүчний хэрэглээ огцом өсөж байна гэсэн үг. Энэ хэрэгцээгээ бид 100 хувь дотоодоосоо хангаж чаддаггүй. Зөрүүгээ Оросоос авдаг. Чадахгүй бол эрчим хүч зогсох аюултай. Ямар ч байсан Эрчим хүчний сайд маань ОХУ-руу явлаа. Оросууд ч өөрсдөө амаргүй байна. Дотооддоо ч эрчим хүчээ хязгаарлах нөхцөл бүрдсэн. Эрчим хүчээ дипломат харилцаан дээрээ найдахаас өөр арга байхгүй. Тэгвэл хэрэгцээгээ бид 100 хувь дотооддоо үйлдвэрлэдэг л болох хэрэгтэй байна. Тэгэхийн тулд сэргээгдэх эрчим хүч Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаа яаралтай барих хэрэгтэй байна. Дорнодын цахилгаан станцаа яаралтай ашиглалтад оруулах ёстой. Бид ойрын хугацаанд эрчим хүчнийхээ чадлыг 150 МКв-аар сайжруулах боломж гарч ирсэн.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛД ХОЁР ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН
-Ойрын хугацаа гэдэг нь?
-2-3 жил. Мөн Таван толгой цахилгаан станцын ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Ирэх жил эрчим хүчний салбарт хамгийн том хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Хоёр их наяд төгрөг шүү дээ. Төсөв дээр харагдахгүй байна билээ гэж хэлэх байх. Бид сургууль цэцэрлэгээ төсвөөсөө бариад сурчихлаа. Гэтэл дэд бүтцийн төслүүдийг төсөв хараахан дийлэхгүй байна. Заавал зээл тусламж, гаднын хөрөнгө оруулалтаар хийнэ. Ирэх жилийн томоохон төслүүдийн 80 хувь гадаадын тусламжаар хийгдэнэ.
-Таван толгой цахилгаан станцын ажил ирэх жил эхэлнэ гэсэн үг үү?
-Эхэлнэ. Одоо бол эргэж буцахгүй хийнэ.
-Шатахууны тухайд? ОХУ шатахуун эрчим хүчээр манай улсын боомилоод эхэлсэн нь Ураны төсөлтэй холбоотой юу?
-Үгүйсгэхгүй. Гэхдээ би Оросуудтай тэнд сууж байгаад шийдвэр гаргаагүй учраас мэдэхгүй. Геополитикийн ээдрээтэй үед бид жинхэнэ хөрш шиг нь л байлаа. Харин Ураны төсөл ч юм уу, гуравдагч улстай хамтрах төслүүд дээр Монгол Улс бие даасан шийдвэр гаргана. Тиймээс эрчим хүчний хувьд хараат байж болохгүй. Түлшин дээр бол Оросоос 100 хувь импортолдог. Одоо бид Дорноговьд нефтийн үйлдвэртэй болж эхэлж байна. Эхлэх гэж бас нэлээн юм болсон шүү дээ. Мэдээж гадны хүчин зүйлүүд хүчтэй байжээ. Одоо бол эргэж буцалтгүй болсон. Бид төслийг авахад санхүүжилтийн модель нь их ээдрээтэй байсан. Гэрээ маань нэг том дүнтэй. Дөрвөн төсөл болгоод задалсан. Эдгээр төсөл дөрвүүлээ эхэлсэн.
-Гэхдээ 2027 оноос анхны бүтээгдэхүүнээ өгнө шүү дээ
-2027 он ойрхон.
-Тэр болтол бензин авах гэж дугаарлаад зогсох юм уу?
-Бид 100 жил тийм байсан шүү дээ.
Хоёр том салбар дээр асуудал тулгараад эхлэхээр салбарыг зохицуулалтгүйгээр чөлөөлж болдоггүй юм уу? Жишээ нь шатахууныг тусгай зөвшөөрөлгүйгээр дуртай нь оруулж ирэх юм бол хомсдол үүсэхгүй үнэ ч хэлбэлзэхгүй байх юм биш үү? Эрчим хүчний салбарыг ч гэсэн заавал алдагдалтай ажиллуулж, төрөөс татаас өгөх шаардлага байна уу?
-Байж болох л асуудал. Гэхдээ түлш гэхэд стратегийн онцгой бүтээгдэхүүн. Зүгээр ганзагын наймаачин бедонд хийгээд хадгалдаг юм биш. Маш нарийн технологиор тээвэрлэнэ. Зүгээр нэг айлын амбаарт хадгалахгүй шүү дээ. Төр үүнийг хяналтдаа байлгаж авах ёстой. Одоо бид нөөцийн системээ сайжруулах ёстой.
2024 ОНД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ АЙЛ ӨРХҮҮДЭД МЭДЭГДЭЖ, ӨГӨӨЖӨӨ ӨГНӨ
-Эдийн засгийн өсөлт иргэдэд яагаад нөлөөлөхгүй байна вэ?
Би бол нөлөөлж эхэлсэн байгаа гэж хэлмээр байна. Гэхдээ олон жил өссөн үнийн өсөлтөө бид хараахан гүйцэж чадахгүй байна. Юу ч гэсэн эдийн засгаа тогтворжуулаад авлаа. Төсвөөс гарах цалин, тэтгэвэр, тэтгэмжээ нэмээд авлаа. Эдийн засаг маань тогтворжихоор хувийн хэвшил маань жинхэнэ баялаг бүтээж, ажил олгогч нар маань ашиг орлоготой болоод, үйл ажиллагаа нь тогтворжиж, үнийн өсөлт нь буураад, жинхэнэ ажил олголт тэлээд ирнэ. 2024 онд бидний үндсэн зорилтууд биелнэ. 2023 онд эдийн засгаа тогтворжууллаа. 2024 онд эдийн засгийн тогтворжилт айл өрхүүдэд мэдэгдэх ёстой.