2024.02.01
Засгийн газрын гишүүдтэй 2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Монгол Улсын Засгийн газрын гишүүдтэй 2024 онд хамтран ажиллах гэрээ байгуулав.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Монгол Улсын тухайн оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг. Зөвлөгөөний үеэр салбар бүрд хамтран ажиллах гэрээг аймаг, нийслэлийн Засаг дарга нар салбарын сайд нартай байгуулдаг уламжлалтай.
Монгол Улсын Засгийн газраас Төрийн ордонд зохион байгуулж буй орон нутгийн удирдлагын нэгдсэн уулзалт семинарт Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар оролцож байна. Нэгдсэн уулзалтын хүрээнд бүсчилсэн хөгжлийн талаар хэлэлцэж, бүс бүр тэргүүлэх чиглэлээ тодорхойлон хөгжих талаар үүрэг чиглэл өгч байгаа аж. Мөн үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Засгийн газрын гишүүдтэй 2024 онд хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Аймгийн удирдлагууд энэ сарын 1, 2-нд Төрийн ордонд болох бүсчилсэн хөгжлийн форумд үргэлжлүүлэн оролцоно.