2010.05.25
Х. Баттулга: Мэргэжлийн давуу байдлаа ашиглан бойкот зарлана гэдэг байж боломгүй зүйл
-Яамны зүгээс энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газар энэ асуудлаар хуралдаж байна. МИАТ-ийн ТУЗ-ийг өөрчилнө. Шинэчлэгдсэн ТУЗ-өөс үүрэг гүйцэтгэгчийг томилно. МИАТ-т үүссэн энэ нөхцөл байдал, цаашдын асуудлаар яам анхааралтай ажиллана. Өөрсдийн мэргэжлийн чадвар, давуу байдлыг ашиглаж ийм хэлбэрийн бойкот зарлана гэдэг байж боломгүй зүйл. Ямар морь унаад явж байгаа биш дээ. Энэ болчимгүй үйлдлээс болж нийтдээ 1140 орчим хүний хөдөлгөөн саатлаа. Улсад 380 орчим сая төгрөгийн хохирол учирсан. Онгоц нислэгт гарахад техникийн хүмүүс аюулгүй байдлын баталгаа өгсний дараа нисдэг журамтай. Гэтэл дүрэм журмаар боож байгаа асуудал юм.
-Нөхцөл байдлыг ийм ноцтой болохоос нь өмнө тохиролцоонд хүрч болоогүй юм уу?
-ТӨХ, манай яамнаас зүгээс ажил хаялт зарласан хүмүүстэй уулзалт хийгээд тохиролцох гэж үзсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй. Тохиролцох гэж оролдсон боловч бүгдээрээ гарын үсэг зураад халагдлаа гэсэн. Нэг ёсондоо мэргэжлээрээ боож байна гэсэн үг.
-Онгоцны нислэг хэзээнээс эхлэн хэвийн болох вэ?
-Өнөөдрөөс нислэг хэвийн болно. Солонгос улсаас инженер техникийн баг ирж ажиллана. Гаднаас нарийн мэргэжлийн хүмүүсийг авчирч МИАТ-ийн үйл ажиллагааг хэвийн болгоно. Гэхдээ 100 хувь тэдэнд буруу өгөхгүй байна. Энэ бол олон жилийн турш нисэхийн хонхорт болсон асуудалтай холбоотой.
-Буруутай этгээдэд хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Буруутай этгээд нь тогтоогдсон уу ?
-Буруутай этгээд бол тодорхой. Онгоцны их засварыг гадаадад хийлгэх ёстой байдаг. Гэтэл их засварыг мөнгө хэмнэх нэрээр дотооддоо хийж байгаад төгсгөлийн мөчид демократ нь мултарч, онгоцны далавч цоорсон. Энэ асуудалд хариуцлага тооц гээд ТӨХ-оос үүрэг өгч, МИАТ-ийн ТУЗ хуралдаж шийдвэр гаргаад хариуцлага тооцоход ийм асуудал болж байна. Техникийн албаны дарга Ё.Энхтөр хүмүүсээ зохион байгуулалтад оруулснаар асуудал ийм дээрээ хүрлээ.
-Хэдэн хүн халагдах өргөдлөө өгсөн бэ ?
Одоогоор 96 хүн өргөдлөө өгсөн.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.