Замын цагдаагийн газар сэтгүүлчдэд сургалт зохион байгууллаа
2010.01.27

Замын цагдаагийн газар сэтгүүлчдэд сургалт зохион байгууллаа

Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлж болно. Ингэхийн тулд хүмүүст аваар осол гэдэг нь ямар хор хөнөөлтэй юм гэдгийг ойлгуулан таниулах хэрэгтэй. Ингэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болоод холбогдох байгууллагууд нь хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэн сургалт зохион байгуулсан байна.

Манай оронд сүүлийн 10 жилийн турш осол гэмтэл нь Монгол Улсын хүн амын нас баралтын шалтгааны гуравдугаарт, өвчлөлийн шалтгааны тавдугаарт орж байна. Зам тээврийн осол гэмтлийн дийлэнх буюу 77 хувь нь Улаанбаатар хотод, 23 хувь нь хөдөө орон нутагт гардаг аж.

Осол гэмтэлд өртсөн 5-19 насны хүүхдүүдийн 83.3 хувийг зам тээврийн осол эзэлж байна. ГССҮТ-ийн судалгаагаар жилд 140 мянган хүн зам тээврийн осолд өртөн эмчлүүлдэг аж. Үүнээс 30 мянга гаруй нь амь насаа алддаг гэжээ. Зам тээврийн осол аваарын шалтгаан нь ихэнхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлсэн,бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явсан, хамгаалах бүс, малгай хэрэглээгүй зэрэг шалтгаануудаас болсон байдаг.  

Зам тээврийн ослоор жилд 1,2 сая хүн нас барж, 500 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байдаг бөгөөд 2020 он гэхэд үхлийн тэргүүлэх шалтгаан нь зам тээврийн осол болно, амь насаа алдагсдын ихэнх нь 5-9 насны хүүхэд, залуучууд эзэлж байгаа гэсэн судалгаа байдаг байна

Тус сургалтад оролцогчдод ЭМЯ-ны мэргэжилтэн Ц.Хандармаа “Осол гэмтлээс сэргийлэх талаарх  төрийн бодлого чиглэл”,  Монголын мянганы сорилын сангийн осол гэмтэл хариуцсан мэргэжилтэн Н.Мэндбаяр “Монголын мянганы сорилын сангийн осол гэмтлээс сэргийлэх төслийн танилцуулга”, “Осол гэмтэл өнөөгийн нөхцөл байдал, учирч буй хор уршиг” сэдвээр ГССҮТ-ийн эмч Ш.Нансалмаа, Зам тээврийн осол гэмтлийн байдал, түүний үр дагавар сэдвээр ЗЦГ-ын ОНХТ-ийн дарга, цагдаагийн хошууч С.Энхтөр, “Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны онцлог, хэвлэл мэдээллийнхэний оролцоо” сэдвээр ЭМГ-ын мэргэжилтэн Д.Болдмаа нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.