С.Амарсайхан: Малчид дуудлага худалдаагаар мах борлуулж 2.7 тэрбум төгрөгийн орлого олсон
2024.02.13

С.Амарсайхан: Малчид дуудлага худалдаагаар мах борлуулж 2.7 тэрбум төгрөгийн орлого олсон

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхантай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Цаг уурын байгууллагаас олон аймаг, сум зудын нөхцөлтэй байгааг мэдээлж буй. Өвөлжилтийг хүндрэл багатай туулах, хор уршгийг арилгахад Улсын Онцгой комисс хэрхэн ажиллаж байна вэ?

-Хөдөөгүүр байнга л явж байна. Орон нутагт нөхцөл байдал амаргүй байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 17 аймгийн 47 сум төмөр буюу мөсөн (цасны өнгөн хэсэг буюу гүнд мөсөн бүрхэвч тогтсоноос мал бэлчээрлэх боломжгүй болсон) 17 аймгийн 135 сум цагаан зудтай байна. Нийтдээ улсын хэмжээнд 17 аймгийн 250 сум зудтай байна гэсэн үг. Төмөр зуд гэдэг их амаргүй л дээ. Мал бэлчих, автомашин техник явах боломжгүй. Цас дагтаршсан, мөстсөн тул малын туурай шилбэ халцардаг, гэмтдэг аюултай.

Засгийн газраас эдийн засгийн гол тулгуур болсон салбаруудын үйл ажиллааг хэвийн явуулахад чиглэсэн ажлын хэсэг байгуулан шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь хөдөө аж ахуйн салбар. Энэ бол эдийн засгийн салбаруудын гол суурь. Тиймээс малчдын орлогыг нэмэгдүүлэх, махны эргэлтийг эрчимжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх чухал.

Өвөлжилт хүндэрч байгааг малчид маань мэдсэн учраас мал, махаа бойлох ажлыг эрт эхлүүлжээ. Малчдын гар дээр 2023 оны 12 дугаар сарын байдлаар 47 мянган тонн мах бэлэн байсан. Энэ бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг хийж, өнөөдрийн байдлаар 43 мянган тонн махыг “эрүүл ахуйн шаардлага хангасан” гэсэн мал эмнэлгийн баталгаажуулалттайгаар зах зээлд нийлүүлсэн байна. Энэ тооноос аваад үзвэл нэгдүгээр сарын 18-ны өдрөөс хоёрдугаар сарын 5-ны хооронд 6100 тонн мах худалдаалжээ.


Малчид биржээр нийт 310.8 тонн үхэр, хонь, ямааны мах борлуулжээ. Мөнгөн дүнгээр аваад үзвэл 2.7 тэрбум төгрөг.

Махны экспортыг нэмэгдүүлэх, дотоодын эргэлтийг сайжруулах, хаа хаанаа орлого, ашгаа өсгөх нь чухал. Гэвч малчид маань арга замаа сайн мэдэхгүй байгаа учраас нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлээд ХХААХҮЯ-ны дэргэхэд Хөдөө аж ахуйн биржээр махыг худалдаж эхэлсэн. Малчид биржээр өнгөрсөн хугацаанд нийт 310.8 тонн үхэр, хонь, ямааны мах борлуулжээ. Мөнгөн дүнгээр аваад үзвэл 2.7 тэрбум төгрөгийн мах биржээр худалдаалж, 99 хэлэлцэл хийгдсэн байна.

Биржээр худалдаалж буйн ач холбогдол нь дундын дамжлага цөөрнө гэсэн үг. Хоёрдугаарт, малчид махны үнээ бууруулахгүй худалдаалах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл махыг дуудлага худалдаагаар худалдаж байна гэсэн үг. Нэг килограммыг 6500 төгрөгөөс эхлэн дуудлаа гэхэд 8-9 мянга хүрнэ. Энэ хэрээр хаа, хаанаа үр ашигтай ажиллах боломжтой. Нөгөө талдаа малчид Улаанбаатар гэх байдлаар заавал төв рүү тээвэрлэж ирээд ажил удаад, цагаа бараад байхгүй сум, аймгийн төвөөсөө махаа биржид шууд худалдах боломжтой болж байгаа юм.

Тухайн аймаг, сумын мал эмнэлгийн газраас “эрүүл ахуйн шаардлага хангасан” гэдэг бичгээ авчих юм бол 100 кг үхрийн мах байна гээд үнээ тохироод л шууд цахимаар бирж рүү нийлүүлж байгаа ийм ахиц, дэвшил гарсан. Мөн амьд малын худалдаануудыг хийж байна. Жишээ нь, он гарснаас хойш Дорнод, Сүхбаатар аймагт 9900 амьд хонь арилжаалжээ.

-Энэ өвөл малын зүй бус хорогдлын тоо ямар түвшинд байна вэ?

-Өнөөдрийн байдлаар нийт 375 мянган малын зүй бус хорогдолтой байна. Өнгөрсөн хугацаанд малчдынхаа зүй бус хорогдлыг багасгах тал дээр нэлээд анхаарч ажилласан. Малчид маань ч малаа ангилж ялгаад, бойлоод эдийн засгийн эргэлтэд оруулж чадсан учраас хоргодол харьцангуй бага байна.

-Хаваржилт хүндрэх төлөвтэй болчихлоо. Урьдчилан сэргийлэх, хохирол багатай давах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулсан болов уу?

-Амны билгээс ашдын бэлэг гэдэг. Хүндрэхгүй бол бидэнд хаа, хаанаа өлзийтэй. Гэвч өвөлжилт асар хүнд байгаа учраас хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Сүүлийн жилүүдэд төмөр зуд гэж зүйл тохиолдоогүй. Гэтэл одоо 14 аймгийн 47 сум төмөр буюу мөсөн зудтайбайна. Мөн 17 аймгийн 135 сум цагаан, дахиад 168 сум цагаанархуу, нийслэлийн 9 дүүргийн 2 нь зудтай байна гэдэг асар өргөн хүрээнд нөхцөл хүндэрснийг хэлж байгаа. Энэ хэрээр хаваржилт хүндэрнэ гэсэн үг.

Ихэнх нутгаар мал төллөөд эхэллээ. Тарга, тэвээрэг алдсан мал төл авах, авахгүй тухай асуудал байна. Зуд гэхээр малчдын л асуудал мэт хардаг. Мал хорогдлоо гэхээр малын тоо л ярьдаг. Үүнийг шийдье гэхээр өвс, тэжээл ярьдаг бол үүний цаана нийгэмд нөлөөлөх асар олон сөрөг үр дагавар явж байдаг.

Малчин айлын амьдрал хүндэрч, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ. Үүнийг дагасан нийгмийн асар их стресс, хүндрэл бэрхшээл бий болдог үр дагавруудаа бид тооцолгүй ирсэн юм билээ. Тиймээс сум, орон нутгийн удирдлагууд малчдынхаа амьдрал, ахуйд онцгой анхаарч, ажилгүйдэл ядуурал бий болгохгүй байх, хэрвээ малаа зуд, зурханд алдсан бол дахин малжуулах төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, ажлын байр бий болгох асуудлаа эртнээс төлөвлөх зохион байгуулалтыг хийгээд явж байгаа.


Малчид мах, сүү, ноос ноолуураар дамжуулан эдийн засгийн асар их үнэ цэнийг бий болгож байгаа хүмүүс. Тийм учраас Засгийн газар бүх цаг үед малчидтайгаа цуг байгаа.

Малчид маань мал аж ахуйгаа өсгөхөөс гадна үр хүүхдээ халамжлан, хайрлаж, өөрсдөдөө ажлын байр бий болгож байгаа. Нөгөө талдаа өв соёлоо тээж, алс, хязгаар нутаг орондоо эзэн болж үнэтэй үүрэг гүйцэтгэж яваа хүмүүс шүү дээ.

Ингээд амь нас, эрүүл мэндээ зольж, амьдрал ахуйгаа зориулж өсгөж үржүүлсэн мал нь нэг өдрийн шуурга, хэдхэн өдрийн хүйтэнд цөөрөөд, үгүй болчхоор малчдын маань сэтгэл санаа, амьдрал ахуйд яаж нөлөөлөл үзүүлэх вэ. Ийм хүч, хөдөлмөрөөр хот суурин газрын бидний ширээн дээр мах, сүү, цагаан идээ ирж байна вэ гэдгийг бид ойлгох цаг нь болсон.

Тиймээс бид иргэд, малчдаа дэмжиж, аль болох сэтгэл, санааны дэмжлэг үзүүлж, мэргэжлийн зөвлөгөө өгч өвөл, хаврыг хамтдаа давах зайлшгүй шаардлага байна. Мал аж ахуйн салбарыг малчдын л асуудал гээд орхиж болохгүй. Зуд зурхны эрсдэл бүх хүний амьдрал, амьжиргаатай холбоотой асуудал. Малчид мах, сүү, ноос ноолуураар дамжуулан эдийн засгийн асар их үнэ цэнийг бий болгож байгаа хүмүүс. Тийм учраас Засгийн газар бүх цаг үед малчидтайгаа цуг байгаа.

-Өвс, тэжээлийн нөөц хэр байна вэ?

-Засгийн газрын шийдвэрээр тэжээлийн экспортыг 2024 оныг дуустал зогсоосон. Малчид хаврыг даван дуулахад өвс, тэжээлийн үнэ тогтвортой байх нь чухал. Үнийн тогтвортой байдлыг хангахын тулд дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд гадагшаа экспортоо зогсоож, импортыг нээж өгсөн. Өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй тонн хорголжин тэжээл манайд импортоор орж иржээ.

-“Наадмын дараа намар” гэдэг шиг сар шинийн дараагаас нийслэлчүүдийн хувьд нөөцийн мах чухал сэдэв болдог. Энэ жил хэдий хэр хэмжээний нөөцийн мах бэлтгэсэн бол?

-Төлөвлөгөөгөөр нийслэлд 6300 тонн мах бэлтгэх ёстой. Тэгвэл өнөөдрийн байдлаар 6250 тонн мах бэлтгэсэн байна. Нийслэлчүүдийн хаврын хэрэглээнд нийцүүлэн ирэх гуравдугаар сарын 1-нээс зах зээлд нийлүүлж эхэлнэ. Мөн гурил, тэжээлийн хангалт, нийлүүлэлтийн асуудал бий. Дотоодод улаанбудай хомс байгаа учраас гурилын компаниуд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа.

Иймд Засгийн газар оны өмнө хуралдаад гурил үйлдвэрлэгч компаниудад улаанбуудай импортлох зөвшөөрөл олгох шийдвэр гарсан. Нийт 88 мянган тонн улаанбуудай импортлох зөвшөөрөл олгосноос өнөөдрийн байдлаар 26 мянган тонн улаанбуудайг гурилын үйлдвэрүүд импортлон оруулж иржээ. Мөн дотоодод гурилын үнэ өсөлттэй, хангалт, нийлүүлэлт сайнгүй байсан тул улаанбуудайн гурилын импортыг нээж өгсөн. Ингээд гаднаас 2.7 мянган тонн гурил импортолжээ.

-Онцгой комиссоос онцгойлон анхаарч ажиллаж буй өөр ажил юу байна вэ?

-Улс орны гал алдуулахгүй байхтай холбоотой ажлыг салбар, салбарт хийгээд явж байна. Нийслэлд саяхан болсон харамсалтай осол бол шатаж, тослох тэсэрч дэлбэрэх бодист хайнга бөгөөд дүрэм журамгүй, хэт хэнэггүй хандсан асуудлууд байна. Энэ бол олон асуудлын нэг жишээ.

Тиймээс Шадар сайдын санаачилгаар “Нэг Улс-Нэгдсэн стандарт” хөтөлбөр боловсруулаад Засгийн газраар хэлэлцүүлээд орон даяар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл салбар бүрд аюулгүй ажиллагааны хэм хэмжээ, хөгжлийн шалгуур, бидний амар тайван амьдралын баталгаа болсон стандартыг мөрдүүлж хэвшүүлж, шаардаж шахахтай холбоотой үндэсний хөдөлгөөнийг эхлүүлнэ. Үүнд аж ахуй нэгж, иргэд оролцож, оролцоогоороо аюулгүй байдлаа хангах уриалгыг бий болгох нь чухал.

Стандартыг хангана гэдэг бол амь, амьдралаа хамгаалж байна л гэсэн үг.

Стандарт бол зөвхөн шатахуун түгээх станц биш эрүүл мэнд, эм тариа, хүнс, хоол, барилга байгууламж, зам дэд бүтэц гээд бидний ажил, амьдралтай холбоотой бүхий л зүйлтэй холбоотой. Тиймээс стандартыг бүгд дагаж, мөрдөж, шаардъя. Стандартгүй бол аюул хэнийг тойрохгүй, хэзээ ч гарч болзошгүй эрсдэлүүд байна. Стандартыг хангана гэдэг бол амь, амьдралаа хамгаалж байна л гэсэн үг. Стандарт бол төр, иргэн, аж ахуйн нэгжийн хариуцлагатай, ухамсартай хамтын ажиллагаан дээр л бий болно. Түүнээс үүнийг нэг хүн яриад, нэг хэсэг нь хэрэгжүүлээд болчихдог зүйл биш. Бүр харилцаа, хандлага, хариуцлагын стандартаас эхлэх хэрэгтэй.

Ингээд цаашид улс орон даяар эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангасан эрсдэлгүй, эмх цэгцтэй, ая тухтай амьдралын орчныг бүрдүүлэх, амьжиргааны түвшин буюу амьдралын стандарт тогтоно. Энэ стандарт тогтож байж улс орны хөгжил урагшилна. “Стандарт бас дахин стандарт” гэдэг үгийг л ажил, амьдралдаа баримтлаад хүн бүр явсан, суусан газар бүрдээ үүнийг хэвшил болгож байж бид асуудлаас ангижирна.

-Ярилцсанд баярлалаа.