ХӨРС ЭРҮҮЛ БОЛ ХҮНС ЭРҮҮЛ, ХҮНС ЭРҮҮЛ БОЛ ХҮН ЭРҮҮЛ
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн зориулалтын судалгааны лаборатори бүхий өөрийн гэсэн шинэ барилгатай болж байна. Одоогоос 3 жилийн өмнө сайдын ажлыг хүлээж аваад шинжлэх ухааны бүх хүрээлэнд очиж ажилласан. Зөвхөн удирдлагуудтай нь уулзсан төдий болоод явахыг хүсээгүй.
Эхний ажилласан хэдэн хүрээлэнгийн нэг нь Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн. Захирал М.Бямбасүрэнгээс надад хэд хэдэн хүсэлт, санал тавьсан нь өнөөдөр бүгд биеллээ олж, ажил хэрэг болж чадлаа.
Тус хүрээлэнгийн орон тоог нэмэгдүүлэх болон суурь судалгааны санхүүжилтийг бий болгох засгийн газрын шийдвэр гаргуулж, хүнсний аюулгүй байдалд анхаарах эрдэмтэн судлаачдын тоог нэмэгдүүлсэн, хүнсний аюулгүй байдал улс орны амин чухал асуудал учраас энэ хүрээлэнгийн үйл ажиллагааг аль нэг хүрээлэнгийн байрны бөөрөнд биш бие даасан байртай, барилгатай болгох зорилт тавьсан.
Тус хүрээлэн 50 гаран жилийн түүхтэй. Гэвч энэ хүрээлэнд насаараа ажилласан ахмад буурлууд төрийн ямар ч одон медальгүй байсан нь сонин санагдсан. Тиймээс тус хүрээлэнгийн хамгийн ахмад эрдэмтэн судлаач н.Чулуунжав гуайг ерөнхийлөгчид биечлэн танилцуулж буурал эрдэмтэн маань Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан цол хүртлээ.
Залуу эрдэмтэн судлаачдын цалин хөлсийг 50-60 хувь нэмэгдүүлж, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүллээ. Мөн судлаачдад олгодог шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагааг нээлттэй өрсөлдөөнтэй болгосон гээд олон ажлын ард бид хамтдаа гарсан байна. Судалгаа хийгээд орхих бус үйлдвэрлэлд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь бидний хамгийн том зорилт болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхи санаачлагатай оролцож, ойн хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах, эрүүл үр суулгацаар хангах, тариалангийн талбайг хамгаалах агро ойжуулалт байгуулах зэрэг ажилд тус хүрээлэнгийн судлаачид голлох үүрэг хүлээнэ. Ингээд ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамт олондоо оюуны бүтээлийн ургац арвин, хүн ардын эрүүл хүнсний аюулгүй байдлыг хангах үүрэг нь улам гэрэлтэй байхын ерөөл дэвшүүлье.