“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарын 30 гаруй УИХ-ын гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төслийн талаар Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хуралдаанд танилцуулав.
Хуулийн этгээдэд хуульд тогтоомжид заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосон, зохих төлбөр, татвар ногдуулсан, хураасан эсэхийг шалгах шаардлагыг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол УИХ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын хянан шалгах түр хорооны шалгалтын сэдвийг “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр тогтоохоор төсөлд тусгажээ. Хянан шалгах түр хороо нь ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох үйл ажиллагаа; ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг бүртгэх үйл ажиллагаа; тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх; ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа гэсэн дөрвөн хүрээнд шалгалт хийх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.
Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлж УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар ажиллахаар төсөлд тусгасныг Байнгын хорооны дарга хуралдаанд танилцуулсан юм.
УИХ-ын тогтоолын төслийн талаарх дээрх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаартай холбоотой тодруулга хийж, Байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авав.
Ийнхүү төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонх буюу 80 хувь нь “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжив.
Иймд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.