2024.05.08
БУЛГАН АЙМГИЙН ХОЙД ХЯЗГААР ТЭШИГ СУМАНД АЖИЛЛАВ
Тэшиг сум нь Монгол Улсын хойд хэсэгт ОХУ-тай, баруун талаараа Хөвсгөл аймагтай хиллэдэг. 70 гаруй мянган га талбайтай газар нутагтай. Нутгийн 84 хувийг ой эзэлдэг. Тэшиг суманд Булган аймгийн хамгийн том Харгал нуур оршдог. Эг, Тарвагатай, Эрин, Тавт, Төмрөн, Хужирт зэрэг олон голтой. Манай орны үзэсгэлэнт сайхан байгальтай сумын нэг юм.
Тэшиг сум 3500 гаруй хүн амтай. Бусад сумын адил мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Газар нутгийн байршлаас шалтгаалан эдийн засгийн харилцаа хангалттай биш ч Тэшигчүүд байгалийн баялагтаа түшиглэн жимс, ургамал, газар тариалангийнхаа үр шимийг хүртэн аж төрж байна.
Тэшигчүүд байгалийн баялагт түшиглэсэн мега төслүүд суманд нь хэрэгжүүлэх, хилийн Бага илэнх боомтыг байнгын ажиллагаанд оруулах зэргээр эдийн засгийн хувьд бие даан хөгжих хүлээлттэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. Хилийн Бага илэнх боомт нь ОХУ-ын Айнек гол боомттой хиллэдэг. Дэд бүтэц хөгжөөгүй тул 2009 оноос хойш ажиллаагүй. Хэрэв энэ боомт байнгын үйл ажиллагаатай болбол Тэшиг сум зэргэлдээх сумд төдийгүй хойд бүсдээ худалдааны гарцуудын нэг болно гэж онцолж байсан юм.