2024.05.09
ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ГАМШИГТАЙ ТЭМЦДЭГ АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫГ ХАМТРАН, БИЕЧЛЭН ХЭРЭГЖҮҮЛДГЭЭРЭЭ “ГОВИЙН ЧОНО” ДАДЛАГА, СУРГУУЛЬ АЧ ХОЛБОГДОЛТОЙ
Дорнод аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагаанд Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, яам, агентлаг, гамшгаас хамгаалах улсын албад, Дорнод аймгийн удирдлага, зүүн бүсийн Онцгой байдлын байгууллага зэрэг 30 гаруй байгууллагын 250 орчим ажилтан, алба хаагч, олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагын төлөөллүүд болоод Австрали, Бангладеш, Канад, Энэтхэг, БНСУ, Лаос, Малдив, Непал, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Турк зэрэг нийт 14 гадаад улсын 70 гаруй төлөөлөл оролцож байна.
Гадаад улс орны гамшигтай тэмцэх чиглэлээр мэргэшсэн байгууллагын төлөөллүүд өөрийн улс орны болон бүс нутгийн гамшгийн үеийн бэлэн байдал, шуурхай хариу арга хэмжээ, эрэн хайх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төлөвлөлт, стандарт, сайн туршлага, сургамж дүгнэлтээс хуваалцаж, манай орны аврагч нар болон мэргэжлийн байгууллагын ажилтан, албан хаагчид эх орондоо суралцах боломжийг олгож байдаг нь энэ арга хэмжээний онцлог.
Олон улсад гамшгийн эрсдэлийг нийгэм, эдийн засгийн дан ганц нэг салбарт сөргөөр нөлөөлөх байдлаар авч үздэг байсан үе өнгөрч, системийн хэмжээнд авч үздэг болсон. Аливаа гамшгийн эрсдэлийг улс орны эдийн засаг, нийгэм, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, худалдаа, байгаль орчин, хүн амын эрүүл мэнд, соёл, боловсрол, амьжиргаа зэрэг бүхий л салбарт хор хөнөөлөөр нь, нөлөөлөх байдлаар нь авч үзэн, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлдэг болоод байна.