Ахлах ангийн сурагчдад зөвлөгөө мэдээлэл өглөө
2024.05.14

Ахлах ангийн сурагчдад зөвлөгөө мэдээлэл өглөө

Өдөрлөгт ШУТИС-ийн ректор Т.Намнан, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, СУИС-ийн ректор Э.Сонинтогс, ХААИС-ийн ректор Б.Баасансүх, МУБИС-ийн ректор Ж.Батбаатар, МУИС-ийн проректор Г.Галбаяр, Боловсролын зээлийн сангийн захирал Б.Амарсанаа болон Афтер скүүл платформын үүсгэн байгуулагч Б.Тэмүүлэн нар оролцов.

Тэд Афтер скүүл платформ дээр ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдад зориулж мэргэжил сонголт, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх болон оюутан залууст зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

2024 онд элсэлтийн ерөнхий шалгалтад 35600 хүүхэд бүртгүүлсэн бөгөөд тэдний 32 мянга нь 12 дугаар анги төгсөгчид байна. Энэ хичээлийн жилээс эхлэн Афтер скүүл платформыг ерөнхий боловсролын сургуулийн хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмжин хөгжүүлж эхэлсэн бөгөөд 1-4 дүгээр сард нийт 53 удаагийн мэдээлэл, сургалт, зөвлөгөөг зохион байгуулсан байна.

Нийт 2300 нийгмийн ажилтан анги удирдсан багш бүртгэлээ баталгаажуулж, 147 мянган хүүхэд залуус цаг хугацаа, орон зайнаас үл шалтгаалан ижил, тэгш хөгжиж байна. Зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 300 сурагч танхимаар хамрагдсан бол 22 сумын сурагчид цахимаар шууд холбогдож мэдээлэл авсан. Үүнээс гадна Монгол орны өнцөг булан бүрээс сурагчид холбогдох боломжийг олгосон.