ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ХӨРӨНГӨ БОСГОХ БОЛОМЖ НЭМЭГДСЭН Ч ЭХ ҮҮСВЭР ХАНГАЛТТАЙ БИШ
Аливаа нэг төсөл, бизнес хэрэгжихийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй бөгөөд хөрөнгө оруулагчийг татан оролцуулах нь зайлшгүй.
Сүүлийн жилүүдэд Хөрөнгийн зах зээлд Биржийн бус зах зээлийн арилжаа, Банкуудын IPO, Уул уурхайн биржийн арилжаа зэрэг олон чухал үйл явдлын нөлөөгөөр томоохон өөрчлөлтүүд орсон бөгөөд Хөрөнгийн зах зээлийн хэмжээ 2.5 дахин томорч, дотоодын хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн тоо огцом нэмэгдсэн. Жишээ нь, Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа 2021 оны 9 сард эхэлснээс хойш 2 жилийн хугацаанд буюу 2023 оны 12 сарын байдлаар 1.3 их наяд төгрөгийн бондын үлдэгдэлтэй байгаа нь тэр хэмжээгээр компаниудад хөрөнгө оруулалтын боломж нэмэгдсэн гэсэн үг юм.
Цаашид Хөрөнгийн зах зээлийг тэлэх, үнэт цаасны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд яалт ч байхгүй гадаадын хөрөнгө оруулалт маш чухал юм. Монгол Улс байгалийн баялаг ихтэй, ложистикийн хувьд ази, европын холбоос, мал аж ахуйн нөөц арвинтай гээд олон давуу талуудтай бөгөөд 2010 оны үед Монгол улс ОУ-ын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахын зэрэгцээ хууль, эрх зүйн орчин гадаадын хөрөнгө оруулагч нарт таатай, гол нь Монгол Улсын Засгийн газар тогтвортой байдлыг амалдаг байсныг бид санаж байгаа.
Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал маш их өөрчлөгдсөн ба Монгол улсын Засгийн газарт итгэл алдах олон үйл явдал, хэрэг маргаануудын улмаас гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улсад хөрөнгө оруулах сонирхолгүй байна. Ямар ч хөрөнгө оруулагч ашигтай байх, оруулсан хөрөнгөө алдахгүй байх найдвартай байдлыг харах нь ойлгомжтой. Иймээс бид Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа тогтвортой, ойлгомжтой, залгамж чанараа хадгалж чадаж байна уу? Гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчиддаа бизнесийн болоод хууль, эрх зүйн найдвартай, тогтвортой орчныг санал болгож чадаж байна уу гэдэгт дүгнэлт хийх цаг болсон гэж харж байна.
БИД ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ХӨРӨНГӨ БОСГОХ БОЛОМЖ НЭМЭГДСЭН Ч ЭХ ҮҮСВЭР ХЯЗГААРЛАГДМАЛ ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХЭРЭГТЭЙ. ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ТОМООХОН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ГОЛ ХӨШҮҮРЭГ НЬ ТАТВАРЫН БОЛОН ТАТВАРЫН БУС ДЭМЖЛЭГ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОЛОН БИЗНЕСИЙН ОРЧНЫ ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ЮМ.
Олон жил ярьсны эцэст Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэж чадсангүй. Газар эзэмших, ашиглах эрхийг зориудаар гэмээр буруу тайлбарлах, олон нийтийг төөрөгдүүлэх хандлага ажиглагдлаа.
Энэ бүхний эцэст Монгол Улсад, Монгол иргэнд ямар үр өгөөж ирэх вэ гэдэг нь гол асуулт. Гадаадын хөрөнгө оруулагч нэг бизнест хөрөнгө орууллаа гэхэд түүнийгээ дагаад бүтээн байгуулалт, олон улсын стандартад нийцэх жишиг үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, цалин хөлс гэх мэт наад захын үр өгөөж бидэнд ирнэ. Тиймээс хөрөнгө оруулагчдад урт хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалтаа хийгээд, тогтвортой ажиллах, үр ашгийг нь хүртэх тэр орчин нэн тэргүүнд хэрэгтэй байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn