Сеймын удирдлагуудтай санал солилцов
2010.06.24

Сеймын удирдлагуудтай санал солилцов

БНПУ-д айлчилж байгаа УИХ-ын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Очирбат, Д.Одбаяр нөрын тэргүүтэй төлөөлөгчид БНПУ-ын Сенатын дэд Маршал Марек Жиолковски, Сеймын Дэд Маршал Стефан Нешиоловски, Сеймийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга Анджей Халицки, Парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, сенатор Станислав Горчица болон тус бүлгийн гишүүдтэй уулзав.

Уулзалтын үеэр хоёр орны хоорондын болон парламент хоорондын харилцаа, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцож тодорхой асуудлуудыг ярилцав. Талууд хоёр оронд хэрэгжүүлж буй ардчилал, эдийн засгийн өөрчлөлтийн ижил төстэй болон ялгаатай байдлуудын талаар ярилцаж, цаашид харилцан туршлага судлах, ойр хамтран ажиллах шаардлага буйг санал нэгтэй цохон тэмдэглэв. Төлөөлөгчид мөн өдөр Польш улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсон сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгөв.

Польшид суугаа монгол иргэд, тэдний олонхийг бүрдүүлж байгаа эмч нар Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, гадаадад дэлгэрүүлэн сурталчлах, иргэний давхар харъяалал, гадаадад суугаа иргэд сонгуулийн эрхээ эдлэх, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгалд хамрагдах боломж, ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах, оюутны тэтгэлгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг төр, засгаас анхааран дэмжихийг хүсч зарим тодорхой санал тавилаа.

Хөтөлбөрийн дагуу төлөөлөгчид Сейм, Сенатын танхимтай танилцаж, Варшав хотын түүхийн дурсгалт газруудыг үзэж сонирхов. Мөн өдрийн орой Варшав дахь Монголын ЭСЯ-наас төлөөлөгчдийн айлчлалтай холбогдуулан зохион байгуулсан хүлээн авалтад Польшийн парламент, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам болон бусад байгууллагын төлөөлөгчид, Польш дахь Монголчуудын холбоо, иргэдийн төлөөлөл оролцлоо. Монголын парламентын төлөөлөгчдийн айлчлал маргааш өндөрлөнө.c

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.