Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт
Нийслэл хотын хойморт байрлах Чингэлтэй дүүргийг ажлын гараагаа эхлүүлээд буй шижигнэсэн залуутай зүйрлэж болно. Нийслэлийн төвийн дүүргийн нэг, хүн амын төвлөрөл их, аж ахуйн нэгжүүд ихтэй учир дэд бүтцээ шинэчлэн сайжруулах, өргөжүүлэх ажлуудаа нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй гэдгийг тус дүүргийн удирдлага, оршин суугчид нь ч онцолцгоодог.
Чингэлтэй дүүргийн "Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” ОНӨТГ 2023 онд нийт 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ
Нийслэл Улаанбаатар хотыг бүсчилэн хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Хайлааст орчмын 14, 18 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн загвар төслийг гаргасан. Тус дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн танилцуулснаар “Сэлбэ дэд төв”-ийг дээрх хороодын нутаг дэвсгэрт байгуулахаар төлөвлөжээ. Уг төсөл хэрэгжсэнээр иргэд тохилог, эко орон сууцаар хангасан, нийгмийн дэд бүтцийн хүртээмжтэй, амралт, аялал зугаалгын бүс бүхий эрүүл ногоон хороололд амар тайван, аюулгүй, тухай амьдрах орчин цогцоороо бий болно. Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг зургаан дэд төвийн бүтээн байгуулалтад тулгуурлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний нэг тулгуур нь болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 158 га газрын 2000 нэгж талбар дахь айлуудын газрыг чөлөөлөхөөр төлөвлөлт гарган, амжилттай эхлүүлээд буй аж. Сэлбэ дэд төв нь Улаанбаатар хотыг хөрс, агаарын бохирдол, түгжрэлээс салгах томоохон эхлэлийн цэг байх юм.
Ухаалаг шийдэл – Сэлбэ дэд төв
Сэлбэ дэд төв байгуулагдсанаар нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд дулааны эрчим хүчээр найдвартай хангагдах /эхний ээлжид 35-р сургууль, 51-р цэцэрлэг гэх мэт төрийн болон нийгмийн үйлчилгээний байгууллагууд холбогдоно/, хотын агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж буй гэр хорооллын халаалтын болон айл өрхийн зуухны түүхий нүүрсний хэрэглээг жилд 15,000 тонноор бууруулах, 10 гаруй ААН-ийн уурын зуухыг хална.
Зөвхөн дулааны эрчим хүчнээс гадна иргэд ундны усны найдвартай эх үүсвэрээр хангагдахаас гадна тус дэд төвд байгаа цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн СӨБ хамрагдалт 55.77% хүртэл нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарчээ. Сэлбэ дэд төвийг дагалдан авто зам ашиглалтад орсноор нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг гэр хорооллын иргэдэд ойртуулах боломж бүрдэх гэхчлэн нэрлээд байвал иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй амьдрахад эергээр нөлөөлөх зүйлс олон.
Н.Батсүмбэрэл
Чингэлтэй дүүрэгт эрчимтэйгээр өрнөж буй бүтээн байгуулалтын томоохон хэсэг нь дэд бүтцийг сайжруулахад чиглэгдэж буй. Гэр хорооллын гудамж болон орон сууцны дундах “хялгасан судас” болсон замуудыг шинэчлэн сайжруулах, зарим газарт шинээр зам тавих зэрэг ажлууд төлөвлөгөөний дагуу ээлж дараатайгаар хийгдэж байна.
Зам тавигдахын зэрэгцээ гудамж талбайн гэрэлтүүлэг тавих ажлуудыг ч орхигдуулалгүй хийж байгаа нь дүүргийнхээ дэд бүтцийг нарийн төлөвлөсний илрэл юм. Эдгээр ажлуудтай зэрэгцээд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Камерын нэгдсэн төв “Ногоон бүс”-ийн үйл ажиллагааг жигдрүүлснээр тус дүүргийн хэмжээнд 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо буюу байшин хороолол иж бүрэн камержуулалттай ногоон бүс болж, камерын нэгдсэн төвийн серверийн хүчин чадал, бичлэг хадгалах хугацааг 360 хоног болгож, гудамж талбайд I-7 стандартын орчин үеийн камерыг суурилуулаад буй.
Эрүүлийг хүсвэл ...
Хүн амын нягтаршил ихтэй Чингэлтэй дүүргийн иргэдэд нэн чухал бүтээн байгуулалтын төлөвлөгөө танилцуулагдсан нь тус дүүргийн 10 дугаар хороонд Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар баригдах олон улсын жишигт нийцсэн Нэгдсэн эмнэлгийн барилга билээ. Дүүргийнхээ шинэ Нэгдсэн эмнэлгийн барилгын төсөлд Чингэлтэй дүүрэг өөрийн төсвөөр буюу 6,8 тэрбум төгрөгөөр нийтдээ 2,8 га газрыг бүрэн чөлөөлж дуусгасан бөгөөд одоо барилгын зураг төслийг Азийн хөгжлийн банк гаргаж, барилгын компанийн тендерийг зарлах үлдээд буй.