2024.08.14

Ч.Анар: Шинэ технологийн тусламжтайгаар эдийн засгаа тэлж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах боломжтой

Ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан 9 дэх удаагийн Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон өөрчлөлт, сонгуулийн холимог тогтоолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй болсон. Нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй энэ удаагийн Улсын Их Хурал хууль тогтоомжийг хэлэлцэх, батлах, хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, илүү мэргэжлийн түвшинд  явуулах ёстой. Салбар салбарын төлөөллөөс бүрдсэн УИХ-ын гишүүдийн дотор чадварлаг инженерүүд цөөнгүй бий. Тэдний нэг нь "Анд глобал, “ОНДО”-гийн үүсгэн байгуулагч финтек, харилцаа холбоо, мэдээллийн технологи, хөрөнгө оруулалтын салбарт түүчээлэгч Ч.Анар.

Тэрээр, 2001 онд ШУТИС-ийг холбооны инженер мэргэжлээр төгсөж,  системийн инженерээр ажлын гараагаа эхэлсэн. Ийнхүү 2006 онд "GMobile"-ийг хамтран үүсгэн байгуулж, дотоодын үүрэн холбооны операторын тоог нэгээр нэмж байв. 2015 онд Монголын санхүү, технологийн салбарт хувьсгал авчирсан "ЛендМН"-ийг үүсгэн байгуулсан ба 2020 онд харилцаа холбооны салбартаа эргэн ирж, "ОНДО"-г үүсгэн байгуулсан. 2021 онд "Монгол ТВ"-ийн "Шарк танк" нэвтрүүлэгт оролцсоноор олон нийтэд танигдсан билээ. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 3 дугаарт бичигдэж, гишүүн болсон.

Түүний хувьд багаар ажиллахдаа сайн, гадаад, дотоодын, өөр өөр санаа зорилготой олон арван хүмүүсийг нэгтгэж, нэг зорилгын төлөө зангидаж чаддаг гэж өөрийгөө тодорхойлдог. Түүнчлэн Анд Глобалын хувьд мөнгөн ашиг олох нь бидний гол зорилго биш. Монгол залуучууд нэгдээд олон улсад өрсөлдөж чадна гэсэн том зорилго тээж, үүнийгээ батлан амжилттай ажиллаж байсан нэгэн. 

Тэрээр, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүнд харьяалагдаж байна. Мөн  УИХ-ын шинэ гишүүдийн санаачилгаар байгуулагдсан хиймэл оюун (AI), их өгөгдөл (Big Data)-д суурилсан Хөгжлийг дэмжих лобби бүлгийн гишүүн.

УИХ-ын Хөгжлийг дэмжих лобби бүлгийн гишүүд

Энэхүү Лобби бүлгийн үйл ажиллагаа нэн тэргүүнд мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийг бий болгоход хиймэл оюун, их өгөгдөлд суурилах шийдлүүдэд шаардагдах бодлого боловсруулж түүнд нийцсэн эрх зүйн орчин бий болгохоор ажиллаж байна. Хүн ам цөөн, жижиг эдийн засагтай манай улсын хувьд дутуу байдлаа технологийн оролцоотойгоор нөхөж нийт иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үйл явцыг хурдасгах учиртай гэж тэд харж байгаа. Үүний төлөө хичээнгүйлэн ажиллахаа дээрх лобби бүлгийн гишүүд илэрхийлээд байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn