ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж “Хүн амын тооллогын олон улсын 32 дугаар бага хурал”-ын нээлтэд оролцлоо
2024.08.22

ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж “Хүн амын тооллогын олон улсын 32 дугаар бага хурал”-ын нээлтэд оролцлоо

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж (2024.08.20) энэ сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Хүн амын тооллогын олон улсын 32 дугаар бага хурал”-ын нээлтэд оролцлоо.

Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэ хурлыг Америк, Ази, Номхон далайн орнуудын үндэсний тооллого статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг болон Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, БНСУ-ын Статистикийн газар хамтран зохион байгуулж байна.


Энэ удаагийн хурлаар “Ээлжит тооллогод ашиглах шинэ технологи болон мэдээллийн эх үүсвэрүүд” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Түүнчлэн улс, орнуудын хүн амын тооллогын зохион байгуулалт, статистик мэдээлэл боловсруулахдаа ашиглаж байгаа арга аргачлал, техник технологи, шинэлэг санаа, шийдлийн талаар мэдээлэл, туршлага солилцож, сорилт боломжийн талаар хэлэлцэж байна.

“Хүн амын тооллогын олон улсын 32 дугаар бага хурал”-д Америк, Хятад, Солонгос, Вьетнам, Энэтхэг, Тайланд, Малдив, Филиппин, Камбож, Азербайжан, Япон, Хонгконг, Сингапурын статистикийн байгууллагын удирдлага, төлөөлөл болон АНУ-ын Миннесотагийн их сургууль, МУИС-ийн багш, судлаачид оролцож байна.

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь Хүн амын завсрын тооллогыг ирэх 2025 онд зохион байгуулна.

АЖЛЫН АЛБА