2024.08.29

Ж.Бат-Эрдэнэ: Засгийн газар түүхэн том хөтөлбөр батлуулж чадлаа

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдлаа. Энэ хөтөлбөр шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь реформын эхлэл гэдгийг Ерөнхий сайд нэгэнтээ онцолсон. Тус хөтөлбөрт Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт туссан нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилтууд, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтууд, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний болон боловсролын салбарын реформ, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтуудыг багтаасан аж.

Энэхүү тогтоолын төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ ахалж ажилласан. Тэрээр, энэ хөтөлбөр нь улс эх орныхоо өнцөг булан бүрт хөгжил дэвшил, салбар бүрт ахиц дэвшил авч ирэх, бүсийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааны хөтөлбөр болж, амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. 126 гишүүнтэй анхны парламентын гишүүдийн саналыг авч, олон нам хамтарсан Засгийн Газрын түүхэн том үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулж чадлаа гэдгээ илэрхийлсэн юм.

Ямартай ч засгийн газрын хөтөлбөр батлагдлаа. Энэ засгийн газрыг өмнөх засгийн газруудын алдааг давтахгүй, хурдтай ажиллаж чадна гэж итгэж буй иргэд ч цөөнгүй бий. Түүнчлэн сайн ажиллаж чадах болов уу гэж эргэлзэж, анхааран ажиглаж буй иргэд ч олон байгаа. Ирэх дөрвөн жилд дээрх хөтөлбөрт туссан ажил хэрхэн үр дүнтэй, шударга, хурдтай хэрэгжиж, улс орны хөгжил, иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж буйг харах үлдлээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn