2024.09.09

Ёс зүйтэй манлайлал эдийн засгийн өсөлтийг дэмждэг

Дэлхий нийтээрээ Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад чиглэсэн оролцоотой, шударга, тэгш хүртээмжтэй, хариуцлагатай бизнесийг хөгжүүлж, үүнийг ёс зүйтэй манлайллаар удирдах нь нэн тэргүүний асуудал болж байна. Бизнест шударга хөдөлмөр эрхлэлт, нийгмийн болон байгаль орчны хариуцлага, санхүүгийн нээлттэй шударга байдал, тасралтгүй өөрчлөгдөж байж нэр хүнд өсдөг.

Харин бизнесийн болон Засгийн газрын ёс зүйгүй үйлдлүүдээс эдийн засаг уналтад ордог бол итгэлцэл сэргэхэд эдийн засаг нэмэгддэг гэсэн судалгаа бий. /Харвард Менежментор/ Ингэж өнөөдрийн хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн модел ирээдүйн нэр хүндтэй компанийн суурь болохоос гадна улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг юм.

ЁС ЗҮЙТЭЙ ШИЙДВЭР ИЛҮҮ ҮНЭ ЦЭНИЙГ БИЙ БОЛГОДОГ

“Битгий худлаа ярь, бүү хуур” гэх энгийн дүрмийг дагаж мөрдөхийн оронд нийгэмд хамгийн их үнэ цэнийг бий болгох шийдвэр гаргах нь өнөөдрийн ёс зүйтэй манлайллын шинэ загвар болоод байна. Түүнчлэн тогтвортой, өсөлттэй бизнес зөвхөн ашгийн төлөө бус хүн, байгаль, нийгэмд ашиг тусаа өгөх үнэ цэнийг санал болгосноор хэмжигдэж байна.

Ийм үнэ цэнийг бий болгоход ёс зүйтэй шийдвэр гаргах нь чухал. Харвардын Бизнес Сургуулийн профессор Max H. Bazerman зөн совиндоо тулгуурлан шийдвэр гаргахаас илүү тодорхой судалгаа нотолгоонд суурилж зөвлөлдөх зарчмаар шийдвэр гаргах нь ёс зүйг төлөвшүүлдэг гэж үзжээ. Олон улсын түвшинд ажлын байранд хувь хүний ёс зүйтэй байдлыг тодорхойлохдоо сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлж дүгнэдэг болсон. “Central test” олон улсын хүний нөөцийн үнэлгээгээр ажлын байрны ёс зүйг үүрэг хариуцлагаа ухамсарлаж байна уу, дүрэм журмыг хүндэтгэж байна уу, нотолгоон дээр суурилж шийдвэр гаргадаг уу, эрх тэгш байдлыг хүндэтгэдэг үү, бусдад болон байгууллагын өмчид хүндэтгэлтэй ханддаг уу, шударга ёсыг хэр хүндэтгэдэг вэ гэдэг 6 үзүүлэлтүүдээр тодорхойлдог. Жинхэнэ ёс зүйтэй байх нь зөвхөн хууль дүрмийг дагаж мөрдөхөөс ч илүү их зүйлийг шаарддаг учраас манай бизнесийн шийдвэр, үйл ажиллагаа бусдад ямар нөлөө үзүүлж болох вэ гэдгийг ойлгож урьдчилан тооцоолох хэрэгтэй.

Ёс зүйтэй компаниудад хөрөнгө оруулах нь нийгэмд эерэг үр дүнг бий болгоно. Өнөөдрийн компанийн зорилго зөвхөн ашиг олохоос илүүтэй нийгмийн асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулдаг жишгийг илүүд үздэг болсон. Үүнд ёс зүйтэй хариуцлагатай манлайлал чухал нөлөө үзүүлдэг. Түүнчлэн ёс зүйтэй манлайллаас хариуцлагатай бизнесийн үндэс суурь тавигддаг, ийм бизнест хямд санхүүжилтийн боломжууд ч өргөн болж байна.

Хариуцлагатай, ёс зүйтэй бизнес нийгмийн асуудлуудыг шийдэж явдаг тул Харвардын Бизнесийн Сургуулийн MBA хөтөлбөрт ёс зүйг менежерүүдийн үндсэн гурван үүргийн нэг болгон заадаг. Харин МҮХАҮТ-ын Бизнес Академи, Юнайтед Менежмент Консалтинг хамтран Ажлын байрны ёс зүйг олон улсын аргачлалаар үнэлж, амжилттай хэрэгжүүлэх, удирдах, компанийн засаглалын зөв тогтолцоог бий болгох тусгай сургалтын хөтөлбөр боловсруулан сургалт, зөвлөгөө өгч эхлээд байна.

Ёс зүйтэй манлайллын үндсэн тулгуур болох итгэлцэл дээр үр дүнтэй хамтын ажиллагаа, нээлттэй яриа хэлцэл, ажиллагсад, үйлчлүүлэгчид болон бизнесийн оролцогч талуудтай бат бөх харилцаа тогтоох, суурь боломж бүрддэг. Мөн хүн төвтэй биш асуудал төвтэй ярилцаж хэлэлцэж дадах нь итгэлцэл, хамтын ажиллагааг илүү бат бөх болгодог, харин манай нийгэмд энэхүү итгэлцэл тийм сайн биш байна. Цаашдаа үндэсний хэмжээнд байгууллагын ёс зүй, ёс зүйтэй манлайлал, шударга байдлыг хэвшүүлэх санаачилгыг хурдасгах, урамшуулах тогтолцоог бүрдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын манлайлал маш чухал юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn