СТАНДАРТ БИДНИЙ ИРЭЭДҮЙ…
Жапаниз Монголиа группын Гүйцэтгэх захирал Э.Баярхүү
2024.08.27

СТАНДАРТ БИДНИЙ ИРЭЭДҮЙ…

Энхтайваны гүүрний доор байрлалтай, жижиг контейнер бүхий дугуй засвараас эхлүүлсэн бизнес маань өнөөдөр өргөжин тэлж, автомашины дугуй, обуд худалдаа, дугуй засварын мэргэшсэн үйлчилгээг үзүүлэн, 20 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тодруулбал, Стандарт Тайр ХХК-ийг одоогоос арван жилийн өмнө буюу 2015 онд ахтайгаа хамтран үүсгэн байгуулсан. Компани байгуулах үндсэн шалтгаан нь Монгол Улсдаа дугуй засвар, дугуйтаа холбоотой үйлчилгээнд “шинэ стандарт” тогтоох зорилгоос үүдэлтэй. Нэг ёсондоо, дугуйтай холбоотой асуудал гарсан хүмүүсийн хамгийн түрүүнд зорих газар нь манайх байгаасай гэдэг мөрөөдлөөс эхтэй юм. 

Манай компани их хэмжээний ашиг орлогыг чухалчлах бус, “стандартчилал” гэх зүйлийг эх орондоо нутагшуулах нь бидний алсын хараа. 

Манай улсад автомашины дугуйн үйлчилгээний төвлөрсөн цэг хуруу дарам цөөн. Автомашины хамгийн чухал эд, анги бол яахын аргагүй дугуй. Бид өдөр тутамдаа хайртай дотнын хүмүүсээ машиндаа суулгаад хол, ойр хамаагүй явдаг хэр нь машиныхаа дугуйнд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Үүн дээр харамсалтай жишээ дурдъя. Өрхийн тэргүүн өөрийн хайртай эхнэр, хөөрхөн үрсээ суулгаад Хөвсгөл аймаг руу зуны улиралд аялал хийхээр явахдаа өвлийн дугуйтай 1000 км зам туулсан. Дугуйнд хэт халалт үүссэний улмаас дугуй буудаж, автомашин жолоодлого алдан осолдож, гэр бүлийн гишүүд бүгд алтан амиа алдсан байх жишээний. Энэ мэт автомашины дугуйнаас шалтгаалсан зам тээврийн ослууд орон нутгийн замд маш ихээр бүртгэгдэж байна. Гоё гутал өмссөн хүн гоё харагддаг харин чанартай дугуй тавьсан машин гоё харагдахгүй ч, амь насандаа баталгаа өгч, хайртай хүмүүсээ хамгаалж буйн хамгийн том илрэл юм.

Бид мэдсэн хэр нь алдсан бус мэддэггүйгээсээ болоод л алддаг. Тиймээс дугуй сонгож худалдан авахдаа хэд хэдэн зүйлсийг зайлшгүй мэдэх шаардлагатай. Тухайлбал, дугуйн бөөр хэсэг дээрх тоог анхаарвал зохино. Үүнээс тухайн дугуй нь хэдэн оны, хэдэн сард, хаана үйлдвэрлэгдсэн болох, хадгалах хугацаа нь хэдэн жил байна гэх мэтчилэн маш нарийн мэдээллийг авах боломжтой. Хүмүүс дэлгүүр ороод хугацаа нь дуусаж, хөгцөрсөн талх авдаггүй. Гол ялгаа нь талхны хөгц нүдэнд ил харагддаг бол дугуйн чанартай эсэх тэр бүр нүдэнд ил харагдахгүй. Яахав, хаа нэг газартаа язарч муудсан, хээ нимгэрсэн, хавагнасан эсэхийг хараад мэдэж болох ч илүү нарийн мэдээллийг мэдэх боломжгүй. Дугуй нь үйлдвэрлэгчээсээ хамаараад ашиглалтын хугацаа харилцан адилгүй бөгөөд дунджаар 8-15 жилийн хугацаанд ашиглах боломжтой байдаг. Зах зээлд энэ төрийн бизнес эрхэлж буй хүмүүс маань хадгалалтын горимыг ягштал барьж, үйлчлүүлэгчдэд чанартай дугуй нийлүүлэхэд анхаарах хэрэгтэй.  

Хүн бүрийн худалдан авах чадвар харилцан адилгүй. Хуучин эсвэл шинэ дугуй худалдан авахдаа мэдээлэлтэй байх нь нэн чухал.

Аливаа зүйлд “стандарт” хэмээх ойлголт тодорхой түвшиндээ байх ёстой. Бидний амьдарч буй өнөөдрийн нийгэмд бүхий л салбарт “стандарт” гэдэг зүйл алдагдсанаас үүдэн иргэндээ ээлгүй, хүүхэд хөгшдөд халтай нийгэм бүтсэн нь нууц биш. Тухайлбал, явган хүний зам талбай, автозамын орц гарц, замбараагүй төлөвлөлт бүхий гэр хороолол гэх мэт. Цаашлаад жолооч нар маань өвлийн улиралд өвлийн дугуй, зуны улиралд зуны дугуйг хэрэглэж хэвших нь угтаа дээр хэлсэн “стандарт” гэдэг зүйл юм. Бүх замд хэрэглэгдэх боломжтой дугуй гэж байхаас, дөрвөн улиралд нэг дугуй ашиглана гэдэг ойлголт хаа ч байхгүй.Манайхан автомашиныхаа дугуйг цагт нь солих тал дээр маш хойрго. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн дийлэнх нь бүх улиралд өвлийн дугуйтаа л явж байна. 

Дашрамд, манай хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажлуудыг хийсэн. Тухайлбал, СБД-ийн Эрүүл мэндийн төв болон нэг, хоёрдугаар төв, ГССҮТ-ийн түргэн тусламжийн авто машинуудыг тус тус өвлийн дугуйгаар хангасан. Иргэдэд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн байгууллагын автомашины дугуй өвлийн улиралд хамгийн сайн байх ёстой. Энэ ажлаа цаашид ч үргэлжлүүлнэ. Түүнчлэн манай улсад аль ч салбарт хүний нөөцийн асуудал маш хүнд байгаа. Дугуй засварын ажлыг эмэгтэй хүн хийхэд хэцүү. Ер нь хүнд нөхцөлийн ажил гэж явдаг. Албан ёсны мэргэжил биш учраас ажлын байранд хүмүүс тогтворгүй байх хандлагатай. Иймд, автомеханикийн чиглэлээр суралцдаг оюутнуудыг дадлагажуулах бааз нь болох чиглэлд Их, дээд сургуулиудтай хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна.  

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан