Нийгмийн хөгжил аль нэг улсын жишээ, загвараар түргэн болчихдог зүйл биш
Чөлөөт зах зээлд шилжиж, нийгмийн амьдрал өөрчлөгдсөн цагаас номын сонголт, чанар манайд эрс дээшилсэн. Үүний хажуугаар технологийн дэвшил ч яригдана. Хэдий номын бизнес дотоодын зах зээлд нутагшиж, тэлж өргөжөөд ашиг орлого нь нэмэгдээд байгаа мэт боловч хараахан тийм биш. Учир нь ном бол хүний анхдагч хэрэгцээ биш тул уншигчийн эрэлт хэрэгцээ, ижил үйл ажиллагаа явуулж буй нийлүүлэгчийн тооноос бас хамаардаг. Нөгөө талдаа паблишинг буюу хэвлэлийн газрын үйл ажиллагааны чиглэл хэвлэх үйлдвэрээс тусдаа зүйл. Хүмүүс үүнийг андуурах нь бий. Гэтэл номыг эрхлэн гаргах гэдэг нь зохиогчийн эрхийн бизнес гэж ойлгож болно. Хэвлэхээс бусад дизайн, редакцын цогц үйлчилгээ гэсэн үг.
Ер нь энэ салбарт 3 үндсэн үйл ажиллагааны чиглэл бий. Нэгдүгээрт паблишинг буюу ном эрхлэн гаргах, хоёрдугаарт хэвлэх үйл явц буюу хэвлэлийн үйлдвэр, гуравдугаарт худалдаа буюу номын дэлгүүр. Манай компани энэ гурвын зөвхөн паблишингийн үйл ажиллагааг эрхэлдэг. Мэдээж сорилт байсан. Учир нь тус гурван үйлчилгээг хамтад нь эрхэлдэг томоохон 2, 3 байгууллага бий. Тиймээс өрсөлдөөн дунд оновчтой паблишинг хийх нь том сорилтын асуудал. Тэднээс ялгарах зүйлээ онцолж чиглэлээ барих шаардлага чухал. Манай компани нийтлэг сэдвийн гэхээсээ тодорхой мэргэжлийн чиглэлийн номууд түлхүү гаргадаг. Тухайлбал уран зохиол, хүүхдийн ном бол бараг байхгүй. Нэмээд номын агуулга дизайн, технологийн үзүүлэлтэд илүү анхаардаг. Нэг талын ялгарал гэсэн үг. Мөн дэлхийн чиг хандлага болон олон улсад нэр хүндтэй шинэ бүтээлийг цаг алдалгүй уншигчдадаа хүргэхийг зорьдог.
ГАНЦ НОМООР АМЖИЛТ ОЛОХ БОЛОМЖГҮЙ
Олон компани нээгдэх нь зах зээлийн л хууль. Харин сайн бүтээл гаргаад бусдаас онцгойрох эсэх нь тухайн байгууллагын чадамжийн асуудал. Номын салбарт хувь, төрийн нийлсэн 350 орчим байгууллагаас 250 орчим нь паблишинг компани. Гэтэл эндээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь гарын арван хуруунд багтахуйц гэж болно. Учир нь номын зах зээл тийм том биш. Сайн ном гаргаад олон мянган хувь борлуулна гэсэн төсөөлөлд автаж болохгүй. Номын дийлэнх зардал буюу 80-90 хувь нь өртөгтөө шингэдэг. Ганц номоор амжилт олох боломжгүй.
Сайн ном, дээр нь нэр төрөл олон байж тодорхой ашиг олно. Ингэхийн тулд санхүүгийн даацыг давхар тооцох хэрэгтэй. Одоо бол номын хэрэглээ соёл маш өөр түвшинд хүрсэн. Жил бүр номын баяр өргөн дэлгэр болдог. Хавар намар хоёр удаа тэмдэглэдэг. Энэ үеэр маш олон уншигч номоо нөөцөлж харагддаг. Миний бодлоор уншигчийн хүрээ тэлж байгаа. Цаашид ч нэмэгдэх байх. Нийгэм болоод хүний хөгжлийн зайлшгүй шаардлагаар өргөжөөд л явах байх. Бүх зүйл сайжрах тал руугаа явж байдаг гэдэг. Тэгэхээр сайжирч л байгаа. Харин хурдан уу удаан уу гэдэг нь асуудал.
Г.Буянбаатар
Нийгмийн хөгжил аль нэг улсын жишээ, загвараар түргэн болчихдог зүйл биш байх. Улс орны оршин тогтносон, туулж өнгөрүүлсэн цаг хугацаа ихээхэн чухал. Үүнд хувь хүний хөгжил, ёс зүй ихээхэн нөлөөтэй. Хоёр том авторитар дэглэмтэй орны завсар ардчилсан тогтолцоо зарлаж чадсан манайх шиг гайхамшигтай улс ховор. Үүнийгээ цааш нь зөв удирдан чиглүүлж улс орны эрх ашгаа өмнөө тавьдаг төлөөлөлтэй болж чадвал урагшлах зам улам хурдсаад л явна гэж боддог. Суудлын машинаа сайжруулна гээд шууд хурд хүчтэй машины мотор тавьж болохгүй биз дээ? Тухайн моторынхоо хүчин чадлыг даахгүй бусад эд анги нь гэмтэнэ. Харин тухайн машинаа яаж богино хугацаанд дараагийн дэвшилтэд загвар руу шилжүүлэх үү гэдэг ухаан чухаг.