Хөгжлийн бодлого боловсруулахад мэргэшсэн эксперт
С.Лүндэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн
2024.09.12

Хөгжлийн бодлого боловсруулахад мэргэшсэн эксперт

С.Лүндэг нь 1982 онд Нийслэл Улаанбаатар хотод төрсөн. Төв аймгийн хуучнаар Авдарбаян сум буюу одоогийн Баян, Сэргэлэн сумын уугуул.

Салбартаа 20 орчим жил ажиллаж буй туршлагатай улс төрч

Тэрээр салбартаа 20 орчим жил ажиллаж буй туршлагатай улс төрчдийн нэг. Бакалаврын түвшнээ КТМС-д программ хангамжийн мэргэжлээр, магистрын зэргээ АНУ-ын Страйерийн Их сургуульд төрийн удирдлага болон МУИС-д улс төр судлалын чиглэлээр тус тус хамгаалсан. Ажлын гараагаа УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөхөөр эхлүүлж улмаар МАН-ын даргын туслах, Монгол Улсын Шадар сайдын Шадар туслах, Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслах, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх зэргээр тасралтгүй дэвшин ажилласан. Түүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Илгээлт 2100”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний томоохон хөдөлгөөнүүдийг боловсруулцаж, хэрэгжилтийг бодлогоор зангидаж ажиллахад голлох үүргийг гүйцэтгэсэн. Төдийгөөс өдийг хүртэл улс төрийн тогоонд 20 орчим жил, нийт таван Засгийн газарт ажилласан энэ замнал нь "мерит" зарчмын нэг жишээ болов уу.

Их бичгийн хүний өвөр дээр эрхэлж, эрдэм номд дурлан өссөн нэгэн

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Лүндэгийг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав агсны галын зээ гэдгээр нь хүмүүс сайн танина. Өвөөгийнхөө уран бүтээл, шүлэг яруу найргийг хойч үедээ сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2021 онд Шаравын Сүрэнжав санг үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажилладаг. Ш.Сүрэнжав гуай галын ганц зээгээ эрдэм мэдлэгтэй бас хүмүүжил сайтай болгон өсгөхийн зэрэгцээ 6 настай байхад нь 29 дэх Хамба Д.Чойжамцад шавь оруулж, Төвөд хэл заалган, буддын шашин судлуулж байсан түүхтэй юмсанж. Их бичгийн хүний өвөр дээр эрхэлж, эрдэм номд дурлан өссөн тэрбээр чамгүй бичих ур чадвар сайтай нэгэн. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн аливаа арга хэмжээ, баяр ёслолд хэлэх үг, мэндчилгээг бэлддэг байв. 

Хөгжлийн бодлогын баримт бичгийг хуудас хуудсаар нь мэддэг нь түүний давуу тал

Бүсчилсэн хөгжлийн бодлого, МАН-ын мөрийн хөтөлбөрүүд, Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого гэхчлэн ажлын хэсгүүдэд орж ажилласан. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хуудас хуудсаар нь мэддэг нь түүний давуу тал хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байсан удаатай. Нэг ёсондоо, бодлогын баримт бичгүүдийн хаана нь амин сүнс нь байгааг, хаана нь ямар логик байгааг түүнийгээ бүс нутагт хэрхэн ашигтай хөрөнгө оруулалт болгож чадах уу гэдгийг хамгийн сайн мэднэ.  Төвийн бүс нутагт “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөн хөдөө, аж ахуйн төрөлжсөн бүс нутаг болоход Ерөнхийлөгчийн улс төрийн дэмжлэгийг бүс нутагт авчрахад С.Лүндэг гишүүний оролцоо их. 

хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг нь эрчимжүүлэх чиглэлээр санал боловсруулах ажлын хэсгүүд байгуулагдав

Шинэ парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа дараах үндсэн чиглэлийг баримтлан ажиллана хэмээн УИХ-ын дарга тодотгосон. Хууль, эрх зүйн орчны Гурван төгөлдөржил нь нэгдүгээрт, хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хоёрдугаарт, Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох, гуравдугаарт, Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болгох үйл ажиллагаа юм. Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүдээс санал авсны үндсэн дээр Улсын Их Хурлын даргын захирамжаар холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,  хэрэгжилтийг нь эрчимжүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгүүд байгуулагдаад байна. Ажлын хэсэг бүрд Улсын Их Хуралд суудалтай бүх намын төлөөллийг оролцуулснаас УИХ-ын гишүүн С.Лүндэг, Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан