2024.09.16

С.Зулпхар: ТИКА байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

УИХ-ын гишүүн С.Зулпхар төрийн байгуулалтын чиглэлээр өнгөрсөн 30 орчим жил судалгаа хийж, ажилласан. Үүний зэрэгцээ нийгмийн бодлого үүн дотроо нийгмийн дундаж давхаргын чиглэлээр судалгаанд онцгойлон анхаарч ажилласан юм.Энэ судалгааны үр дүнд тулгуурлан "Алсын хараа-2050" баримт бичигт нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх зорилтыг тодорхойлж тусгуулсан. Улмаар энэ удаагийн парламентад нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх зорилтыг тодорхойлоход гар бие оролцож, ажиллахаа илэрхийлж байгаа.

Тэрээр, Удирдлагын Академийн захирал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж байхдаа Туркийн Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ТИКА байгууллагатай нягт хамтран ажиллаж, олон үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Тус байгууллага өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд манай улсад боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, нийгмийн олон салбарт 860 орчим төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн донор байгууллага юм. С.Зулпхар гишүүн ТИКА байгууллагатай цаашдаа боловсрол, эрүүл мэнд, залуучуудын хөгжил, хүүхэд хамгаалал, ахмад настан, соёл, хүмүүнлэгийн болон төрийн албыг чадавхжуулах чиглэлээр төсөл хөтөлбөрийг өргөжүүлж ажиллана хэмээн онцлоод байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn