Б..Батцэцэг: Эрхэмсэг ноён Бан Ги Мүн та тив дэлхий, зуун дамжсан эв зохирол, итгэл найдварын түүх, манай түүхийн нэгээхэн хэсэг боллоо
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
"Өнөөдөр бид энэ шагналыг гардуулахдаа дэлхийг холбосон гүүр болж хэдэн зууныг дамжсан удирдлага, манлайллын бэлгэ тэмдэг, үеийн үед оршсон их өв уламжлалдаа давхар хүндэтгэл үзүүлж байна. Монгол төрийн хамгийн дээд шагнал Чингис Хааны Одонг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан эрхэмсэг ноён Бан Ги Мүн-д гардуулах энэ мөч бидэнд энх тайван, эв нэгдэл, эрхэм ойлголцлыг бэхжүүлэх их үйлсийн талаар дахиад нэг эргэн бодох сэдлийг төрүүлж байна.
. . . Монгол Улсад энэ шагналыг хүн төрөлхтний сайн сайхны төлөө холч ухаан, хосгүй сэтгэлээрээ гавьяа байгуулсан, манай Эзэнт гүрнийг үндэслэгч Чингис Хааны зуун зууныг дамжуулан үлдээсэн их өвтэй сэтгэл зүрхээрээ холбогдох эрхэм чанаруудыг өөртөө шингээсэн хүмүүст олгодог. Энэ хоёр эрхэм хүнийг олон зуун жил зааглаж байгаа ч тэдний туулсан замнал, бүтээсэн үйлс хоорондоо төстэй, тэд эвдэрч хэмхэрснийг эвлүүлэн нэгтгэж, бутарч нурсныг буцаан сүндэрлүүлдэг эргэлзээгүй эрч хүчээр эх дэлхийг удирдан жолоодсон.
. . . Эрхэмсэг ноён, Бан Ги Мүн та НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа энх тайван, шударга ёс, хамтын ажиллагааны төлөө тууштай зүтгэж хүн төрөлхтний итгэл найдварыг тээсэн. Дипломат айлчлал хийх болгондоо, энэрэл нигүүлслийг илэрхийлэх болгондоо, яриа хэлэлцээг уриалах болгондоо та дэлхий ертөнцийн хөгжин цэцэглэх их үйлсэд хувь нэмрээ оруулсан. Зөрчил, сөргөлдөөний үеэр та талуудыг эвлэрүүлж ирсэн, цөхөрч мухардсан хүмүүст та итгэлийн оч болж байсан. Тийм болохоор та, олон соёл дамнасан өргөн уудам газар нутагт энх тайван, хөгжил дэвшил, ойлголцлыг бэхжүүлэхийг мөрөөдсөн Чингис Хааны Pax Mongolica үйлсийг үргэлжлүүлсэн билээ.
. . . Монгол Улс жинхэнэ хүч илд сэлэмний ирэнд бус, дипломат бодлого, хамтын ажиллагааны тууштай чанарт оршдогийг сайн мэддэг, энх тайвныг хүндэтгэж, төвийг сахих зарчмыг баримталдаг улс болохоор таны хичээл зүтгэлийг чин сэтгэлээсээ ойлгож, хүндэлдэг. Бас цаг уурын өөрчлөлт, тулхтай хөгжлийн зорилтуудыг дэмжиж эх дэлхийгээ авран хамгаалах үйлсэд их хувь нэмэр оруулсан болохоор тал хээр, уул ус, байгаль дэлхийгээ хайрладаг монголчуудын сэтгэл зүрхэнд та томоохон байр суурь эзэлдэг.
. . . Өнөөдөр бид энэ шагналыг гардуулснаар энх тайван, итгэлцлийг эрхэм болгосон дэлхийн ертөнцийн талаарх нийтлэг үзэл санаанд гүн хүндэтгэлээ илэрхийлж байна. Чингис Хааны их үйлсийг үргэлжлүүлж Африкийн цөлөөс Азийн эрэг хүртэл, НҮБ-ын индрээс эгэл иргэдийн сэтгэл зүрх хүртэл гүүр барих гэсэн таны хүсэл эрмэлзэлд хүндэтгэлээ илэрхийлж байна.
. . . Энэ шагналыг гардан авснаар Эрхэмсэг ноён Бан Ги Мүн та тив дэлхий, зуун дамжсан эв зохирол, итгэл найдварын түүх, манай түүхийн нэгээхэн хэсэг боллоо. Таны үлдээсэн өв үе үеийг урамшуулан зоригжуулж дипломат ёсны ариун зам мөрийг тэдэнд үргэлж сануулах болтугай!" гэв.