“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн болж байна
2024.12.17

“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яамнаас хамтран зохион байгуулж буй “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн өнөөдөр (2024.12.17) Төрийн ордонд болж байна.

Үндэсний зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар үг хэлэв. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар дүгнэн хэлэлцэж, цаашдын зорилтыг тодорхойлохоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буйг тэмдэглэв. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн найман хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаа талаарх тоон мэдээллийг дурдаад хүний сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь улс орны хөгжилд нөлөө үзүүлдэг болохыг дурдав. Монгол хүний дундаж наслалт 71.5 байгаа ч эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр богино байгаа гэлээ. Зан байдал, зуршил нь сэтгэл зүй, сэтгэцийн улмаар бие мах бодийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэдгийг тэрбээр дурдаад монгол хүн бүр хорт зуршлаас ангид байж, эрүүл мэнддээ анхаарах нь өрхийн төдийгүй улс орны хөгжилд үнэ цэнтэй гэв. Монгол Улс дахь ерөнхий боловсролын сургуулиудын 20 хүрэхгүй хувь нь сэтгэл зүйчтэй байгаа гэдэг тоо баримтыг энэ үеэр дурдаад өсвөр насны хүүхдүүд, залуучуудын сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах асуудал чухал бөгөөд өнөөдрийн зөвлөгөөнөөс ажил хэрэгч, үнэ цэнтэй санал санаачилга гарна хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн.

Монголчууд эртнээсээ сэтгэлийн амар амгалан нь эрүүл мэндийн суурь хэмээн үздэг уламжлал, туршлагатай болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлээд, орчин цагт үүнийг шинжлэх ухаанаар нотолж, нийтээр хүлээн зөвшөөрдөг болсныг дурдав. Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь өндөр хатуулагтай архи, тамхи, агаарын бохирдлоос үүдэлтэй, урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөлүүд байдгийг дурдаад цаашид урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү анхаарах нь өндөр үр дүнтэй хэмээн Эрүүл мэндийн сайд хэллээ. Төр засгаас архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүнд бий болсон эерэг нөлөөний талаар дурдсан. Тамхины хэрэглээ, түүнийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мөн танилцуулж байв. Технологийн дэвшлийн нөлөөгөөр сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудад нийтээр анхаарах шаардлага үүсснийг хэлээд энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг мөн танилцууллаа. Хувь хүний сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндээс өрхийн, нийгмийн сэтгэл зүй бүрдэх учраас бүх шатандаа анхаарч, сэтгэл зүйн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлж, үйлчилгээг чанаржуулан өргөжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхтэй холбоотой асуудлыг хөндөж байв. “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөнд оролцож буй мэргэжилтнүүд салбар хоорондын уялдааг хангаж, асуудлыг бодитой тодорхойлж, цогцоор нь хэлэлцэж үнэтэй зөвлөмж гаргана хэмээн найдаж байгаагаа илэрхийлээд бүх талаар дэмжин ажиллахаа Т.Мөнхсайхан сайд илэрхийллээ.