УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ 126 ӨНГӨ, 126 ХҮЧ ГЭЖ ХАРДАГ
Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн
2024.12.18

УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ 126 ӨНГӨ, 126 ХҮЧ ГЭЖ ХАРДАГ

2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог бол сонгогчид сонгуулийн холимог тэр тусмаа пропорциональ тогтолцооны ач холбогдлыг сайн ойлгож, улс төрийн намыг сонгож саналаа өгснөөр жагсаалтаар мэргэжил мэргэжлийн шинэ хүмүүс парламентад орох боломжтой болсон явдал. Сонгуулийн дүн гарахаас өмнө "Өөрчлөлт, шинэчлэл хийгээрэй. Найдаж байгаа шүү!" гэж захих, ерөехийн завсарт үг дайж, ирж байгаа үүрэг хариуцлагыг нь алхам тутамд нь мэдрүүлж байлаа.

Миний хувьд ОХУ-д сурган, сэтгэл судлалаар сурч, ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Төрийн удирдлагын чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалж, 29 жил Удирдлагын академид багшлахдаа менежмент буюу удирдахуйн ухаанаар мэргэшсэн.

Ирэх дөрвөн жилд хууль тогтоох энэ байгууллагын үйл хэрэгт өөрийн сэтгэл оюунаа бүрэн дайчлан ажиллана гэж бодож явна. Ялангуяа төрийн албанд үр дүн, үр ашгийг эрхэмлэх соёлыг хэвшүүлж бэхжүүлэх, боловсролын салбарыг хөгжүүлэх, хөдөлмөрийн хууль нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудад аль алинд нь ээлтэй байж, алсдаа улс орондоо хэрэгцээтэй, чанартай мэргэжил боловсрол эзэмшиж, ажил хөдөлмөр эрхэлж сайхан амьдрах нөхцөлийг бий болгосон тийм хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхэд илүү төвлөрч ажиллах бодолтой байна. Мөн Алсын хараа 2050 бодлогын баримт бичгийн нэг гол зорилт болох Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх тухайд бас эрдэмтэн судлаач хүний хувьд өөрийн хүч чармайлтаа дайчлан ажиллана. Монголчууд нэгэн зүгт хандаж чадвал их хүчийг бий болгож ихийг бүтээх болно гэсэн энэ бодлого зорилгыг бид дор бүрнээ хичээж явах ёстой гэж бодож явдаг.

Менежментийн нэрт эрдэмтэн Г.Герцберг "манай нийгэмд шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн (менежерийн) ажил хамгаас чухал. Учир нь нийгмийн институцүүд бидний төлөө ажиллах уу аль эсвэл авьяас чадвар, хүч нөөцийг хий дэмий үрэх үү гэдэг нь тэдний шийдвэрээс хамаарч байдаг" гэж хэлсэн байдаг. Менежерүүд буюу манай төрийн албаны шийдвэрээс бидний амьдрал хамаарч байдаг. Улс орны хөгжил, ард түмний амьдрал дээшлэн дэвжихийн тулд төрийн албаа чадавхжуулах нь чухал болоод байна. Төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт шинэчлэл сүүлийн 40 жилд дэлхий дахинаа өргөн цар хүрээтэйгээр хурдтай явагдаж ирлээ. Манайх цаг үеийн өөрчлөлтүүдийг төрийн албаны хууль, холбогдох хууль тогтоомждоо хуульдаа тусгаж, шинэчилсээр яваа. Гэхдээ нэг өөрчлөлтийн бодлогоос нөгөөд шилжих үед ялангуяа өөр үзэл баримтлалтай хуулиуд гарах бүрийд төөрөгдөл гарах, хольж хутгах явдал байсаар байна. Үүнийг нэн даруй цэгцлэх шаардлага тулгараад байгаа.

Өнгөрсөн хугацаанд нийгмийн баялгийн дахин хуваарилалтыг яавал шударга хийх вэ, мөн цалин хөлс, нийгмийн баталгааны бодлогууд намайг шаналгаж ирсэн. Өдгөө ч асуудалд энэ талаас хандахын сацуу нам үл харгалзан зөвийн талд зогсож, зөвийг дэмжих нь миний үүрэг гэж бодогдоно

Тэр тусмаа монгол төрт ёсны өв соёл, ирж байгаа цагийн өнгө аясыг тооцон өөрт тохирох арга замаар цэгцлэх хэрэгтэй гэж боддог.

Би арав гаруй жилийн өмнө улс төрийн сонголтоо хийж байлаа. Ингэхдээ төр засаг нь иргэн бүрийг сайн сайхан амьдрах боломжоор хангах үүрэг хариуцлага хүлээх ёстой гэсэн үзэл бодлоор социал демократ үзэл баримтлалтай МАХН- ыг намыг сонгож гишүүнээр элсэж байв. Түүнээс хойш 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин байлаа. Харин 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтаар сонгогдлоо. Хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй төрийн түшээгийн хувьд "нар мэт үл ялгаж, нуур мэт үл голно" гэсэн монгол төрт ёсны уламжлалыг шингээсэн сайхан үгийг ямагт санаж хичээж, аливаад адил тэгш, шударга хандах зарчмыг хичээж ажиллана. Зөвийн талд зогсож, зөвийг дэмжих нь миний үүрэг.

Намын зүгээс гишүүдийг хайрцаглаж шийдвэрт нөлөөлөх тухай ярьдаг. Ер нь төрийн түшээ үзэл бодол, үг үйлдлийнхээ хувьд хэр хэмжээнд бие даан ажиллах боломж нөхцөл бүрдэж байна вэ гэдэг асуудал хаа ч хэдийд ч гардаг. 

Угтаа хувь улс төрч болон хэсэг бүлгийн байр суурийг хэр хэмжээнд хослуулах вэ, үүнээс болж улс нийтийн эрх ашигт ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бодох тунгаах асуудал юм.

Хамгийн гол нь аливаа шийдвэр нийтийн эрх ашгийн төлөө санааг агуулах учиртай. Энэ үүднээс энэ засаг мөрийн хөтөлбөртөө эн тэргүүнд улс нийтийн эрх ашиг байна гэж тунхагласан. Улс төрийн талбар дээр улс төрийн хүчнүүдтэй өрсөлдөж хүч сорьж яваагийн хувьд мэдэж намын эрх ашиг байх нь ойлгомжтой. Намаараа бодлого чиглэлээ хэлэлцэж байр суурийг нэгтгэх үед олуулаа тал талаас нь ярьж бодлоо уралдуулан шийдвэр гаргаж байгаа. Нэгэнт хамтаараа шүүж хэлэлцэх үед өөрийн байр сууриа илэрхийлж ярилцаж, шийдвэрийг гар өргөж дэмжсэн бол энэ нь тухай хүний ч байр суурь гэж ойлгоно. Үүнийг хайрцаглах буюу бие даасан бодол санаатай байх боломж олгосонгүй, үг үйлдлийг хайрцаглалаа гэж үзэхгүй.

2024 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн 5 хүчний төлөөлөл 126 гишүүн ард түмнийхээ итгэлийг авч сонгогдоод байна. Салбар салбарын мэдлэг, чадвар, арга ухаантай 126 гишүүдийг 126 өнгө, 126 эрч хүч гэж би хардаг. Өнөөдөр парламентын гишүүдийн 2/3 нь анх удаагаа хууль тогтоох түвшинд ажиллахаар боллоо. Дээр нь социал демократ үзэлтэй Монгол Ардын нам, либерал үзэлтэй Ардчилсан нам, Хүн нам гэсэн хоёр намтай хамтарсан Засгийн газар байгууллаа. Парламентын өмнөх замналыг шинэ өнгө аясаар сэлбэсэн, олон талаас нягт нямбай шүүсэн шийдвэр гаргах ийм потенциал бүрдлээ.

Энэ потенциалыг бүрэн дүүрэн ашиглахын тулд тойрог, жагсаалт эсвэл хуучин шинэ гэлтгүй хуулиа дээдлэн, харилцан бие биенээ хүлээн зөвшөөрч хүндэтгэж харьцах, нийцтэй байдлыг эрхэмлэж, хэлсэн ярьсандаа эзэн болж ажиллах соёл бидэнд юу юунаас илүү хэрэг болно гэж боддог.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан