Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжив
Хууль зүйн байнгын хорооны /2024.12.18/ны өдрийн хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төслийг батлав. “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын тайланг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн талаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайлан, Байнгын хорооны дээрх тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүний хүсэлт, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн 11 дүгээр сарын 20-ны өдөр хяналтын сонсгол зохион байгуулсан гэлээ. Сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна төрийн байгууллага, албан тушаалтан 37, иргэн, хуулийн этгээд 85, цахимаар 2, ажиглагчаар 2 иргэн, нийт 126 оролцогч хамрагдсан байна.
Тус сонсголын үеэр Улсын Их Хурлын гишүүд болон оролцогчдын илэрхийлсэн саналыг нэгтгэн, ийнхүү Байнгын хорооны хуралдаанд танилцуулж буйгаа П.Сайнзориг гишүүн хэллээ. Үүнд, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, сонсголын үеэр олон давтамжтай хөндөгдсөн асуудлыг шийдвэрлэх арга замын талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах, гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах асуудлыг нарийвчлан зохицуулах хэмээжээ. Мөн Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг албажуулан, нэр томьёог нэг мөр болгож, улмаар Эрүүгийн хууль дахь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг тодорхой болгох шаардлагатай гэжээ. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Гэр бүлийн тухай хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлэх талаар чиглэл өгөх, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн талаар цогц судалгаа хийж, шаардлагатай тохиолдолд нэмэлт оруулах асуудлыг судлан шийдвэрлэх, шүүх шинжилгээний байгууллагын тоног төхөөрөмж, хүний нөөц, төсөв, санхүүжилт, чиг үүргийн талаар бодлогын арга хэмжээ авах талаар Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай хэмээсэн байна.
Мөн гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, эрх зүйн туслалцаа, харилцан үзүүлэх гэрээг гадаад улс орнуудтай байгуулах, Эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандлагын нөхцөл байдлын талаарх судалгаа, мэдээллийг холбогдох байгууллага нарийвчлан гаргаж, энэ талаараа Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороонд хүргүүлж, шаардлагатай тохиолдолд энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон иргэдтэй тогтмол уулзалт зохион байгуулж байх талаар санал олонтаа давтагдсан хэмээн тайланд дурдав.
Албан үүргээ гүйцэтгэх үедээ иргэнийг эрүүдэн шүүсэн, хүнлэг бус, хэрцгий хандсан, хүний эрхийг зөрчсөн албан тушаалтнуудын талаарх мэдээллийн сан үүсгэх, Төрийн албаны тухай хууль болон болон холбогдох бус хуульд заасны дагуу арга хэмжээ авах, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагууд нэгнээ хянадаг одоогийн бүтэц, тогтолцоог өөрчлөх асуудлыг судлан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах, Улсын Их Хурлаас эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандахтай холбоотой асуудлаар цогц хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах талаар мөн тусгажээ. Энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.