Д.Амарбаясгалан: Б.Чимидийн эхийг барьсан хууль дээдлэх ёсыг тууштай баримтлах нь бидний үүрэг
2024.12.05

Д.Амарбаясгалан: Б.Чимидийн эхийг барьсан хууль дээдлэх ёсыг тууштай баримтлах нь бидний үүрэг

“Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2024.12.05) Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимид агсны 90 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж буйгаараа энэ хурал онцлог болж байна.

Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, “Чимид сан” МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Монголын Хуульчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хуралд Ардын Их Хурал, Улсын Бага хурал, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд, хууль зүйн шинжлэх ухааны нэрт төлөөлөгчид, академичид Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Шихихутуг их сургууль, Азийн сан, Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчид оролцож байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр, малчин, бичиг үсгийн багш, багийн даргаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Б.Чимид агсан идэр залуу 30 гаруй насандаа Монгол Улсын их сургуульд хууль зүйн боловсрол эзэмшиж, хуулийн багш, Шүүх яамны сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий арбитрчаар ажилласан нь түүний үзэл санаа, үг сургаал нь онол, практик хосолсон үнэ цэнэтэй байхад нөлөөлсөн хэмээн намтар түүхээс нь товч дурдаад, түүний оролцож, зөвлөж батлуулсан хуулиуд нь өнөөг хүртэл “Чимидийн хуулиуд” гэж овоглогдож байгаа нь “жинхэнэ” мэргэжилтэн хүний хичээнгүй ажилласан хуулийн “амьдрах чадвар” илүү байдгийг түүний түүх, замнал нотолж байна гэсэн юм.

Мөн тэрбээр, Үндсэн хуулийн төслийн эхийг баригчийн нөр их хөдөлмөр, асуудлынхаа чиг, голыг алдахгүйг хичээж байгаа зүтгэл, зарим үндэслэлгүй дайралтад сөхрөөгүй ухаан зэрэг олон чанарыг түүний ном, зохиолоос хардаг тухайгаа тэмдэглээд, Үндсэн хуулийн төсөл дээр ажилласан баг гарсан саналуудыг механикаар бус, олон төрлийн харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ хийж, уялдаа холбоо, үндэслэлтэй байдлыг дүгнэж, зөв шийдэл бүхнийг нь тайлбарлан таниулах чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд эдгээр ажлыг зангидаж, өндөр мэргэшлийн зөвлөгөө өгч, зөв голдрилд нь чиглүүлж, төслийн эхийг барих ажлыг Б.Чимид агсан нэр төртэй гүйцэтгэсэн гэлээ. Түүнчлэн, Үндсэн хуулиар тогтоосон шинэ ёс, эрхэм зорилгыг олон түмэн, төрийн түшээдэд ухуулан таниулах, зөрүү буруу хэрэглэхээс сэргийлэх нь Б.Чимид агсны амьдралын дараагийн нэгэн чухал зорилго болж, Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёсыг төлөвшүүлэхийн төлөө бүх үйл хэргээ зориулсныг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.