Даваасүрэн.Ц Баярсайхан.Г Бат-Эрдэнэ.Б 2009.05.09

Усны сав, ойн сан бүхий газарт дур зоргоороо халддагийг цэгцлэв

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Р.Буд, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил, Д.Одхүү, Ш.Сайхансамбуу, Ц.Сэдванчиг, Д.Энхбат нар хамтран “Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахын хориглох  болон “Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл санаачлан боловсруулан  батлууллаа.

Эдүгээ дэлхий даяар нүүрлээд байгаа байгаль экологийн хямрал гамшиг манай улсад ч нэгэн адил тулгарч байна. Энэхүү хямралын нэлээд хувь нь байгаль орчноо хайрлан хамгаалах бидний өөрсдийн үйлс, байгаль хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, эрх зүйн орчин боловсронгуй биш, нэгэнт батлагдсан хуулиудын хэрэгжилт хангалтгүй байгаагаас энэ чиглэлд тодорхой үр дүн гарахгүй, байдал харин ч дордож байна. Үүнээс үүдэж ховор ан амьтан, ургамлын зарим төрөл зүйл устах, бэлчээр талхлагдан хөрсний үржил шим муудах, цөлжих, ой, усны нөөц хомсдох, хот суурины агаарын бохирдол ихсэх зэргээр амьдрах орчны чанар доройтож байгаа тул гишүүд хамтран хуулийн төсөл санаачилсан юм.

Эдүгээ дэлхий даяар нүүрлээд байгаа байгаль экологийн хямрал гамшиг манай улсад ч нэгэн адил тулгарч байна.

1960-аад оноос газар болон газраас үндэстэй нөөц баялгийг эдийн засгийн эргэлтэд түлхүү оруулж, газраас олох үр ашгийг нэмэгдүүлэхэд голлон анхаарч газар тариалан, малын тэжээл, ой мод, уул уурхайн үйлдвэрлэлийг улс орны эдийн засгийн бие даасан тулгуур салбарууд болгож хөгжүүлэхдээ зөвхөн ашиглалтыг нь чухалчлаад байгаль экологийн үр дагаврыг анхааралгүй орхисноос аажимдаа байгаль орчны хувьд доройтсон, зарим тохиолдолд тэнцвэр нь алдагдсан газар нутгууд бий болсон байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд ихээхэн хурдацтай хөгжиж байгаа уул уурхайн үйлдвэрлэл нь газар ашиглалт, байгаль экологийн тэнцвэрт байдалд улам бүр сөргөөр нөлөөлөх болжээ.

Хэдийгээр манай улсад ашигт малтмал хайх, олборлох явцад байгаль орчныг сүйтгэх, нөхөн сэргээхгүй байх явдлыг гаргуулахгүй байх эрх зүйн зарим зохицуулалт үйлчилж байгаа ч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зөвхөн дархан цаазат болон байгалийн цогцолбор газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглоод нөөц болон дурсгалт газрыг энэ зохицуулалтад хамруулаагүй байна. Газрын тухай хуулиар тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах асуудлыг зохицуулахдаа улсын тусгай хэрэгцээний газарт тусгай хамгаалалттайгаас гадна бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбайг оруулсан атлаа ашигт малтмалын орд бүхий газрыг оруулаагүй байдаг аж.

Түүнчлэн Ойн тухай хуульд ашигт малтмал хайх, олборлох ажиллагааг хориглохдоо зөвхөн хамгаалалтын бүсийн ойгоор хязгаарлаж ашиглалтын бүсийн ойг орхигдуулжээ, Усны тухай хуульд л гэхэд усны эх, ундаргыг онцгой хамгаалалтын бүсээр тогтоогоод усны сав газрыг оруулаагүй байгаа тул хүн амын удмын сангийн аюулгүй байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах үүднээс усны сав, ойн сан бүхий газарт ашигт малтмалын эрэл, хайгуул, ашиглалт явуулахыг хориглохоор хуульд тусгасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.