Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийнхөн хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллана
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэ гишүүдээ танилцуулах уулзалт зохион байгууллаа.
2013.06.03

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийнхөн хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллана

Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэ гишүүдээ танилцуулах ажлын уулзалтыг зохион байгууллаа. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн 2012 оны 77 дугаар захирамж гарган 2012-2016 онд ажиллах ХТҮЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. ХТҮЗ-ийн гишүүдийн 70 хувь нь Засгийн газрын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, удирдах албан тушаалтан, 30 гаруй хувь нь улс төр, нийгэм, соёл, олон нийт, шашин, хүүхдийн байгууллага болон Олон улсын байгууллагын төлөөлөгчид орсон байна.

ХТҮЗ-ийн гишүүдийн 70 хувь нь дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, удирдах албан тушаалтан байдаг.

Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ХТҮЗ-ийн гишүүдэд хандан салбараа төлөөлөн ажиллах хүн бүр хүүхдийн төлөө хариуцлагатай үүрэг хүлээж байгаагаа ухамсарлан хамтран ажиллахыг сануулж, гишүүнийх нь үнэмлэхийг гардуулан өглөө. ХТҮЗ нь Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ, хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцооны өргөн хүрээний асуудлаар нийгмийн хандлагыг өөрчлөхөд олон нийтийн хүчийг дайчлан салбаруудын хооронд зөв зохицуулалт, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана.