Баасанхүү.О 2014.01.07 | Сайт: Gogo.mn

О.Баасанхүү: Намайг хавчлаа гээд би гоншигнох хүн биш

О.Баасанхүү: Намайг хавчлаа гээд би гоншигнох хүн биш
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Сүүлийн үед УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй холбоотой янз бүрийн мэдээ, мэдээлэл гарах болсон. Ингээд түүнтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та БНСУ руу намын нөхдүүдийн хамт яваад даргаа эргээд ирсэн. Юуны өмнө намын их хурал хэзээ товлогдсон. Танай намын дарга оролцох эсэхийг асуумаар байна?

-Дахиад бага хурал хуралдах ёстой. Тэрүүгээр их хурлын тов тодорхой болно.

-Бага хурал хэзээ хуралдах юм. Намын дотор үүсээд байгаа нөхцөл байдлын талаар намын дарга та бүхэнд ямар үүрэг даалгавар өгсөн бол?

-Бага хурлыг хэн, ямар сценариар удирдаж явах юм бүү мэд. Нам унтаж байгааг хүн бүр мэдэж байгаа. Ярьж ч байгаа. Нам унтахад хоёр л шалтгаан бий. Нэг нь чанга дуугарч чадахгүй болчихсон. Эсвэл чанга дуугарахыг хүсэхгүй болчихсон.

-Чанга дуугарснаа хавчих хандлага гараад байгаа юм биш үү. Таныг намаасаа хөөх гэж байгаа гэсэн яриа одоо хүртэл намжихгүй нь?

-Намайг хавчлаа гээд би гоншигнох хүн биш. Би асуудлын гол нь юу вэ гэдгийг мэдэж байгаа учраас ярих зүйлээ нуухгүй байгаа шүү дээ. Хэвлэлд яриа өгснөөр хэн нэгний дургүй хүргэж байвал ярихаа больчихож болно. Гэхдээ дуугүй байлаа гээд хэнд ашигтай юм. Ардчилсан нийгэмд намаас гарах, хөөгдөх, өөр намд орох хэнд ч нээлттэй асуудал биз дээ. Би намаасаа гарлаа, болилоо гээд яах ч үгүй. Гарсан, гараагүй ч миний л асуудал. Би Ардчилсан намын гишүүнээр 1994 оны зургадугаар сард элсч 2011 оны нэгдүгээр сарын 26-нд гарч байсан.

Арван хэдэн жил энэ намын гишүүн байсан хүн учраас сайн сайхан яваасай л гэж хүсдэг. Намаас гарах болсон шалтгаан МАХН-ын нэрийг авснаас л эхэлж нэр хоч өгөөд л гадуурхаад эхэлсэн. Өмгөөлөгч, эмч хүн хэнд ч үйлчилдэг. Би МАН, АН, МАХН гурвууланг нь шүүмжилдэг. Бид намаар талцаад хэн хожих юм бэ. Өнөөдөр цөөхүүлээ байж ингэж алалцаж муудалцаж явахын оронд нэг туган дор тусгаар тогтнол, үндэсний бахархал, шударга ёс, хүний эрхээ баталгаажуулмаар юм. Зөв юманд нэгдэж, буруутайд шүүмжлэх хэрэгтэй. Азаар сайн ч муугаасаа олон учраас сайхан цаг ирнэ гэдэгт би итгэдэг. 

-Танай намын гишүүд таны эсрэг мессеж , сэтгэгдэл бичсэн нь ямар учиртай юм?

-Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдтэй хаалттай уулзалт хийх үеэр би хүсэлт гаргасан. Үүний дагуу шалгалт явуулахад манай МАХН-ын зарим этгээд ийм зүйл хийсэн байсан. Гүйцэтгэх ажлын материалыг ил болгож болохгүй учраас нэрийг нь дурдаж чадахгүй нь. Гэхдээ тухайн хүнд өөрт нь хэлэхэд шадар сайдын өрөөнд намайг зодох гэж дайрсан.

-Шадар сайд та хоёр бас түнжин хагараад байгаа юм уу?

-Тэрбишдагва дарга бид хоёр муудалцаж сайдсан зүйл байхгүй. Би твиттерээр жиргэсэн. Үүнийг хэвлэлийнхэн асуудал болгосон.

-Хэдхэн хоногийн өмнө та УИХ-ын даргад гурван хуулийн төсөл өргөн барьсан. АН-ын бүлгийн зүгээс НӨАТ-ын тухай хуулийн төслийг дэмжихгүй нь бололтой. 1,5 тэрбум төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгжийн орлогын татварын 90 хувийг буцаан олгохыг  Засгийн газар хурдан хугацаанд шийдвэрлэх ёстой гэж байсан?

-УИХ-ын гишүүн болж байгаагийн гол давуу тал хууль санаачлах, шинэчлэн сайжруулах,хяналт тавих зэрэг эрх бий. Энэ эрхэнд хэн ч халдах ёсгүй. Хуулийн тухай хуулийн төсөл нэрээр гишүүдийн хууль санаачилдаг эрхийг зогсоох гэж байна. НӨАТ-ын тухай хуулийг мундаг, ухаантайдаа би санаачилж боловсруулсан юм биш. Мэдлэгт суурилсан төрийн бодлого гаргахын тулд олон жил татварт мэргэшсэн хүмүүс, гадаадад сурсан мэргэжилтнүүд, нэр хүндтэй өмгөөллийн фирм хамтран ажилласан.

-УИХ-ын гишүүн бүр ялангуяа төсөв, татвартай холбоотой хууль санаачлах нь зохисгүй. Гэнэтийн ашгийн буюу алтны 68 хувийн татварыг санаачилсан гишүүдийн алдааг давтагдах вий гэсэн болгоомжлол байгааг Д.Эрдэнэбат дарга хэлсэн?

-Засгийн газар хуулийн төслөө оруулаад ирэг л дээ. Тэгээд хоёр хуулийн төслөө зэрэгцүүлээд сайн, муугаа хэлэлцэж болно. Дэлхийн жишигт харин ч эсрэгээрээ баян хүн илүү төлдөг. АНУ-ын Ерөнхийлөгч Обама жирийн гишүүд 10 хувь, их хэмжээний хөрөнгө олж байгаа нь 30-40 хувь төлөх талаар ярьж байгаа. Гэтэл манайд та их хэмжээний мөнгө олдог бол 90 хувийг нь эргүүлж өгье. Ядуу бол татварын дарамтандаа дуус гэсэн бодлого явах нь. Өнөөдөр үнэндээ Монгол Улсыг хэдэн газрын болон махны ченж олигархиуд энд тэнд худалдчих гээд байна. Солонгост хямрал үүсэхэд бүгдээрээ алтан ээмэг, бөгжөөс авахуулаад хувцсаа хүртэл өгсөн.

Манай долларын тэрбумтнууд гадаадад данстай учраас хямрал үүсвэл гараад л явчихна. Өнөөдөр олигархиуд дарамтлахын тулд дөрвөн том зэвсэгтэй болчихоод байна. Жишээлбэл хэвлэл мэдээлэл, мөнгө, албан тушаал, нам тэдэнд бий. Батчимэг гишүүн манай намд бүлэглэл бий гэдгийг хэлсэн биз дээ. Амаржаргал гишүүн огцрох шалтгаандаа хоёр банк амьсгаа хураах гээд байна гэдэг маш ноцтой мэдээлэл хийсэн. Би өөрөөс нь асуухад хэлээгүй. Амаржаргал гишүүн үнэхээр мэдэж байгаа бол хэлэх хэрэгтэй. Ард түмэн олигарихиудын дунд бөмбөг болох ёсгүй.

-Орлогын татварын 90 хувийг буцаан олгосноор жижиг, дунд үйлдвэрлэлийг тууштай дэмжих нэг алхам болно гэж үзээд байгаа шүү дээ?

-НӨАТ бол зарлага. Зарлага гэдэг утгаараа хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдөж байгаа. Буцаагаад авч байгаагаараа орлого. Ингэхээр аж ахуй нэгж НӨАТ төлснөөрөө ашигтай. Би үүнийг Ардчилсан нам эдийн засгийн олигархиудын лоббинд орчихож гэж харж байгаа. Буруу байвал НӨАТ-ын хуулийг ард иргэд, аж ахуй нэгж, татварынхан гээд хэлэлцүүлье л дээ. Үнэнийг хэлэхэд өнөөдөр олигархиуд юу хийж бүтээсэн гэж 90 хувийг нь буцааж олгох юм.

Юу бүтээж баяжсан юм хулгай хийсэн биз дээ. Хулгай луйвар хийж баяжсныг ард түмэн мэдэж байгаа. 1990 оноос өмнө бүгдэрээ адилхан л байсан. Томоохон орлоготой баячуудаас өндөр авч, дундаж орлоготойгоос нь бага татаж татварын ялгаатай орчныг бүрдүүлье гэсэн. МАХН өнөөдөр шударга юм бол эвслийн Засгийн газраас гарах хэрэгтэй. Ийм балай үйлдэл хийж байгаа хүмүүстэй нэг тогооноос хоол идээд ард түмнийхээ эсрэг зогсохоо болих хэрэгтэй.

-Ер нь, УИХ-ын гишүүдийн  ялангуяа сөрөг хүчнийхний санаачилсан хуулийн төсөл босго давахдаа хатуухан байх шиг байна?

-Болохгүй бүтэхгүй байгаа гээд хэлсэн ярьсан бүхнийг хуулиар л хязгаарлаж чадна. Тэгээд хууль санаачлах гэхээр үүнийг болно, тэрийг нь болохгүй гээд Ардчилсан намынхан өмчлөөд авчих юм. Би анх УИХ-д орж ирээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн бусдыг тагнаж чагнадаг заалтыг зогсоох хууль санаачилсан. Гэтэл Ц.Нямдорж гишүүн орилж эсэргүүцээд, Р.Гончигдорж гишүүнээр ажлыг хэсэг байгуулаад л мартчихсан. Нэг ч удаа хуралдаагүй. Гэтэл өнөөдөр таны утсыг тагнаж байгаа юм уу хэн ч мэдэхгүй шүү дээ. Та бид хоёр гэмт хэрэгтэн биш. Гэхдээ тасалгаан дотор шивнэж ярьдаг болчихоод байна. Гүтгэгдчих вий гэж айгаад 1937 он ирчихсэн юм уу хаашаа юм.  2008 оноос хойш Монголчууд шивнээ ард түмэн болчихсон шүү дээ. Өнөөдөр нөхцөл байдал ийм л байна.