Ганбат.Д 2014.01.10 | Сонин: Үндэсний Шуудан

Д.Ганбат: Эдийн засгаа бодвол энэ хуулийг батлах ёстой

Д.Ганбат: Эдийн засгаа бодвол энэ хуулийг батлах ёстой
УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат

Монголбанкинд тушаасан алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож бууруулах санал Засгийн газар гаргаад байгаа билээ.

Үүний тулд Ашигт малтмалын тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах төслийг УИХ-д оруулсан. Энэ төслийг боловсронгуй болгох УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Д.Ганбаттай ярилцлаа.

-Алтны татварыг бууруулах заалт Ашигт малтмалын тухай хуульд оруулах шаардлага үнэхээр байна уу. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд та бодит байдлыг хэлж өгөөч?

-Маш энгийн жишээгээр хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгааг тайлбарлая. Валютын ханш дээшээ хөөрөөд алга болж өглөө. Ийм байдалд алтаа улс орондоо авч үлдээх нь өөрөө зөв алхам юм. Тиймээс ч энэ төслийг УИХ-аар хэлэлцье гээд шийдчихсэн шүү дээ. Гэхдээ өргөн барьсан төслийг нэлээд өөрчлөх шаардлагатай гэж ажлын хэсгийн ахлагчийн хувьд үзэж байгаа. Улс орны өнөөгийн нөхцөл байдал, нийгмийн хандлага ямар байгаа билээ. Энэ бүхнийгээ бодолцоод хуулиа батлаад явах нь зөв гэсэн ойлголттой байна.

-Ямар байдлаар өөрчилнө гэж...?

-Гишүүдийн санал бодлыг сонсоно. Олон түмнийхээ санаа бодлыг тусгаж, өнөөгийн нөхцөл байдалтайгаа уялдуулан хуулийн төслийг өөрчлөх шаардлага бий. Ер нь бол алтыг Монголбанкаар дамжуулах нь зөв. Яг өнөөгийн нөхцөл байдалд гэвэл алтны үнэ буурч, валютын ханш өсч байна. Энэ үед Монголбанк алтаа худалдаж авах нь оновчтой. Улс орон алттай болбол валютын ханшид ч зохих хэмжээгээр нөлөөлнө. Тиймээс ч энэ хуулийг батлаад гаргавал улс орны амьдралд мэдэгдэхүйц нөлөөлж чадна гэж бодож байгаа шүү.

-Энэ төсөл батлагдвал татварын орлого буурах юм биш үү. Жишээ нь, Оюутолгойгоос улсын төсөвт төвлөрүүлэх хэдэн арван тэрбум төгрөгийн татварын орлого тасарна гэж сөрөг хүчний гишүүд мэдэгдээд байгаа шүү дээ?

-Татварын орлогод санаа зовж байгаа хүмүүс бий. Тэдний зөв. Хэн ч зовох л ёстой байх. Гэхдээ энэ төсөл дээр багагүй зүйл өөрчлөх шаардлага байгааг би хэллээ шүү дээ. Жишээ нь, Оюутолгой байна. Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнийхээ дагуу тодорхой хөнгөлөлт эдлээд явдаг. Өөрөөр хэлбэл, энэ хууль батлагдсан батлагдаагүй хөнгөлөлт эдлээд явж байна.

Тиймээс энэ хуулийг Оюутолгойд ашиглагдахааргүй байдлаар батална гэж тооцсон. Оюутолгой өмнөх гэрээгээрээ явж, бусад орд дээр хөнгөлөлт эдлүүлэх замаар явах нь зөв гэж ажлын хэсгийн ахлагчийн хувьд үзэж байна. Олон түмний санаа бодлыг сонсоход ч гэсэн, бие даагч гишүүдийн ярьж байгааг авсан нь ч тийм бодолтой байна лээ.

-Оюутолгойд үйлчлэхгүй гэсэн үг үү?

-Оюутолгойд үйлчлэх боломжийг өгөхгүй л гэж бодож байна. Өмнөх төслөөр бол бүх аж ахуйн нэгжид Монголбанкинд алтаа тушаавал 2.5 хувийн нөөц ашигласны төлбөр төлөх боломж олгох гэж байсан. Харин Оюутолгой угаасаа хөрөнгө оруулалтын гэрээнд заасан хөнгөлөлтөө эдэлж, таван хувийн л татвар төлөхөөр байгаа.

Тэрийг нь ч төлүүлнэ. Өөрөөр хэлбэл, жижиг аж ахуйн нэгжүүд, бичил уурхайчдыг Монголбанкинд алтаа тушаа, 2.5 хувийн татвараа төл л гэх юм. Ерөнхийдөө шороон ордууд дээрээ ийм хөнгөлөлтөө эдлүүлээд явна. Үндсэн ордуудын хувьд нэгэнт Засгийн газар, холбогдох байгууллагууд хянаж чадаж байгаа бол Оюутолгой шиг болгох ч юм уу, тэр зарчмаар явах байх аа.

-Алтны үндсэн орд, шороон орд гэдгээс хамаарч татварын орчин өөр байх юм уу?

-Яг өргөн баригдсан төсөлд бол тийм ялгаа байхгүй. Харин ажлын хэсгийн хувьд, мөн олон нийтийн саналыг сонссон ч ингэж ялгах нь зөв байгаа юм.

-Өсөн нэмэгдэх роялти алт дээр байх уу?

-Өсөн нэмэгдэх роялтиг өнөөгийн байгаа төвшнөөс нь өөрчилнө. Хуучин бол зах зээл дэх унц алтны үнэ 1100 ам.доллараас давбал хэдэн хувиар татвар өснө гээд тооцдог байсан. Энэ босгыг нь өсгөөд өгье гэж байгаа юм. 1800, 2000 ам.доллараас дээш болсон бол Өсөн нэмэгдэх роялти үйлчилнэ гэдэг ч юм уу.

-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үед АН- ын бүлэг нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож буулгахгүйгээр таван хувьд барих нь зөв гэж байсан. Энэ байр суурь өөрчлөгдсөн гэж ойлгож болох уу?

-Бүлэг дээр гишүүд янз янзын санал гаргаж байгаа. Тэрнээс нь авах ч юм байна, хаях нь ч бий. УИХ-ын нэгдсэн чуулган, Байнгын хорооны хуралдаан дээр хэлэлцээд сайжруулаад явна. Бас ажлын хэсэг дээрээ мэргэжлийн хүмүүсийг оруулж, оюун ухаанаа уралдуулж, ард түмнийхээ санаа бодлыг тусгаад явна. Авч чадах татвараа аваад явсан нь зөв биз дээ. Харин хянаж чадахгүй байгаа, далд эдийн засгийг бий болгоод байгаа, өөрөө амьдрах гэж ядаж байгаа тэр бизнесүүдийг дэмжье. Өөрөөр хэлбэл, байгаль орчноо нөхөн сэргээж чадаж байгаа тийм шороон ордууд, бичил уурхайчдаа дэмжье. Ингэж далд байгааг нь ил болгоё.

Нөгөө талдаа Монголын нөхөн сэргээгдэхгүй баялгийг ашиглаад явж байгаа, ашиг олж байгаа тэр газруудаас зохих хэмжээний татвараа авна. Үүнээс гадна үнэхээр үнэ нь өсөн нэмэгдээд буюу хөдөлмөр биш, үнийн ялгаанаас олж байгаа ашгаас нь бас улс орондоо хуваалцаг. Ер нь бол бүх ярьж байгаа саналуудыг тусгаад улс оронд хэрэгтэй хууль гаргая.

-Зөвхөн шороон ордууд дээр хөнгөлөлт үзүүлэх байдлаар хууль гарвал Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ өсч чадах уу. Засгийн газрын тооцож байгаа тэр хэмжээнд хүрэх үү?

-Энэ хуулийг батлаад хэрэгжүүлсний дараа үр дүн гарна. Хууль маань өөрөө таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Уг хугацаанд үр дүнд хүрнэ гэж харж байгаа. Өнгөрсөн онд Төв банкинд найман тонн алт тушаасан байна лээ. Өмнө нь буюу 68 хувийн татвартай байх үед бол бүр хоёрхон тонн алт тушаагдаж байлаа шүү дээ. Харин бодит байдал дээр Монгол оронд түүнээс хэд дахин их алтны олборлолт явдаг. Судлаачдын, хүмүүсийн ярьж буйгаар барагцаагаар жилд 20-иод тонн алт олборлодог гэсэн мэдээ бий. Энэ 20 тоннын хагас нь л Монголбанкинд тушаагдаж, бусад нь хууль бусаар гараад явчихаад байгаа. Үүнийг л бүгдийг нь Монголбанкинд тушаалгах гээд байгаа юм.