Ганхуяг.Д 2014.02.26 | Телевиз: UBS

Төрөөс алтны салбарынхныг дэмжихээ илэрхийлэв

Монгол Улс 2014 онд нэг сая, тонн зэсийн баяжмал, нэг сая тонн газрын тос, нэг сая унц алт, 10 сая тонн төмрийн хүдэр, 30 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөөд байгаа.

Монгол Улс 2014 онд нэг сая, тонн зэсийн баяжмал, нэг сая тонн газрын тос, нэг сая унц алт, 10 сая тонн төмрийн хүдэр, 30 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөөд байгаа.

Өөрөөр хэлбэл, энэ онд ийм хэмжээний ашигт малтмал олборлосноор манай улс эдийн засгийн өсөлтөө хангаж, цаашлаад хүн амынхаа амьжиргааны төвшинг дээшлүүлэх боломжтой болох юм. Түүнчлэн экспортоо ийн нэмэгдүүлснээр дотоодын зах зээл дэх валютын нөөц нэмэгдэж, үүнийг дагаад валютын ханшийн өсөлт ч саарч, эдийн засаг тогтвортой өсөх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа билээ.

Эл зорилтыг Эдийн засгийн хөгжлийн яам, холбогдох бусад яам болон агентлагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Дээрх зорилтын хүрээнд олборлогч компаниудын төлөөллийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар Өчигдөр хүлээн авч уулзлаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монголбанк болон түүнээс эрх олгосон банкинд алтаа тушаасан нөхцөлд 10 хувь байсан роялтын татвар буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5 хувь болгож бууруулсан.

Энэ нь олборлогч компаниудад том дэмжлэг болсон талаар “Мон дулаан трейд” компанийн ТУЗ- ийн дарга Ш.Бүтэд хэлж байв. Түүнчлэн татвар буурснаар компаниудын алтаа тушаах сонирхол нэмэгдэж, он гарсаар Монголбанк болон зарим арилжааны банкинд тушаасан алтны хэмжээ өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн гэсэн урьдчилсан дүн гарчээ. Мөн “Алтны салбарынхан энэхүү өөрчлөлтөд талархалтай хандаж байгаа. Он гарсаар нөөцөд байсан алтаа Монголбанкинд тушаасан” гэдгээ “Монполимет” группын захирал С.Энхтуяа хэлэв.

Эдийн засгийн хөгжлийн яамны мэргэжилтнүүд алт олборлолтын 2014 оны төлөвлөгөөнд “30 орчим компани нийт 11.4 тонн алт олборлох боломжтой” гэж тусгасан байгаа. Энэхүү төлөвлөгөөг биелүүлэх боломж байгаа эсэхийг судлах зорилгоор хувийн хэвшлийнхнийг энэ онд олборлох боломжтой алтныхаа хэмжээг ирүүлэхийг санал болгожээ. Алт үйлдвэрлэгчдийн холбооноос тус салбарт одоо үйл ажиллагаа явуулж буй 30 орчим компанийн ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөөг үндэслэж үзээд төрөөс санал болгож байгаа хэмжээний алтыг олборлох бүрэн боломжтой гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт хэллээ.

Тэгэхээр 30 орчим компани нийлж 11.4 тонн, үүн дээр Оюутолгой болон Бороогийн алтны ордоос 20 орчим тонныг олборлосноор найдлага тавьж буй тоо биеллээ олох бүрэн боломжтой болж байгаа аж. Төрөөс өнгөрсөн онд барилгын салбарыг дэмжиж ажилласан. Тэгвэл энэ онд алтны салбарынхныг дэмжиж ажиллахаар болж байгаа аж. Олборлогчид ч 160 сая ам.долларын санхүүжилтийг төрөөс хүсч байгаагаа илэрхийлсэн.

Сайд нар “Санхүүжилтийг олгоход асуудал үгүй. Харин эргээд бидэнд харуулах үр өгөөжийнхөө талаар салбарынхаа хэмжээнд сайтар төлөвлөж, идэвхтэй ажиллаарай” гэдгийг сануулав. Түүнчлэн алтны компаниуд, Монголбанк болон арилжааны банк, яамдын төлөөлөл хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.