Ганбаатар.С Элбэгдорж.Ц 2014.03.27 | Сонин: Өнөөдөр сонин

Эцэг, эхийн хүсэлтэд үндэслэн Хүүхэд харах төв байгуулна

Эцэг, эхийн хүсэлтэд үндэслэн Хүүхэд харах төв байгуулна
Эцэг, эхийн хүсэлтэд үндэслэн Хүүхэд харах төв байгуулна.

Монголын хүн амын найман хувийг эзэлж буй 2-5 настай хүүхдийн тоо 220 мянга. Тэднээс 56 мянга нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Гэхдээ сургуулийн өмнөх боловсрол хүртэж чадахгүй байгаа хүүхдүүдийн тоог 60 мянга, 80 мянга, бүр 240 мянга гэхчилэн харилцан адилгүй хэлж байгаа.

Юутай ч хамгийн багаар бодоход 10 хүүхэд тутмын гурав нь гэрээр хүмүүждэг аж. Хүмүүждэг ч гэж дээ, найман хувь нь гэртээ цоожлуулж, эсвэл эцэг, эх нь хүүхдийг хүүхдэд нь найдаад үлдээж байна. Тиймээс ч гэртээ химийн болон элдэв хорт бодис, эм бэлдмэлд хордож, галд түлэгдсэн хүүхдийн бараг тал хувь нь дөрөв хүртэлх насныхан байгаа юм.

Хэдийгээр энэ нь 2012 оны тоо баримт ч ойрын 10 жилд дээрх үзүүлэлт нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Учир нь улсын төсвөөр жилд дунджаар 30 орчим цэцэрлэг шинээр барьж байгаа ч улам бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг гүйцэж түрүүлнэ гэдэг дэндүү хол байна. Энэ бол ердөө л цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ ус, агаар шиг хэрэгтэй байгааг тоогоор илэрхийлж буй хэрэг. Тиймээс ч УИХ дахь эмэгтэй гишүүд хүүхэд харах үйлчилгээ нэвтрүүлэхээр Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулаад буй.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар тус тусдаа Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл санаачилсан. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслүүдэд зарчмын ялгаа төдийлэн байхгүй ч С.Ганбаатар гишүүний санаачилсан төсөлд зөвхөн 2-5 насны хүүхдүүдийг хамруулахаар байгаа бол Ерөнхийлөгчийн төсөлд нэг ой зургаан сартайгаас гурав хүртэлх насны хүүхэд хамаатай. Өөрөөр хэлбэл, энэ насны хүүхдүүдийг тусгайлсан Хүүхэд харах төвөөр дамжуулан харах, асрах, хооллох, тоглуулах ерөнхий үйлчилгээг стандартын шаардлага хангасан орчинд үзүүлэхээр заасан хэрэг. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бодит туршлагад үндэслэсэн болохыг хэлж буй. Ингээд Ерөнхийлөгчийн санаачилсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг танилцуулъя.

Одоогоор цэцэрлэгт хамрагдаж буй нэг хүүхдийн хоолны мөнгө буюу хувьсах зардал гэж сард 116 мянган төгрөг төсвөөс санхүүжүүлж буй. Харамсалтай нь гэрээр хүмүүжиж буй үлдсэн хэсэгт энэ мөнгө огт хүртээлгүй гэсэн үг. Тиймээс Монгол Улсын бяцхан иргэдийн эрх тэгш байдлыг хангах үндсэн үзэл баримтлал энэ хуулийн төслийн амин сүнс гэдгийг төсөл санаачлагчид тайлбарлаж буй.

Цэцэрлэгийн багшийн хүрэлцээг харгалзан мэргэжлийн шаардлагыг урьтал болголгүй 18-60 хүртэлх насны тодорхой шаардлага хангасан хүмүүс таны хүүхдийг харах нь

Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд “Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд сар бүр 116 мянган төгрөгийг “өгөх” боломжийг энэ хуулиар нээх юм” гэсэн. Үүнд 50 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдийг хүн амын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх байдлаар урамшуулж, дэмжинэ. Үйлчилгээний төлбөрийг үйлчилгээ эрхлэгч болон эцэг, эх, асран хамгаалагчид харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтоох аж.

Хүүхэд харах төвөөр дамжуулан хүүхдийг асарч, хамгаалж, тоглуулан хөгжлийг нь дэмжинэ. Зохих шаардлага хангасан байранд, үйл ажиллагааны стандарт баримтлан дээрх үйлчилгээг эрхлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Хүүхэд харах төв байгуулж болно. Хамгийн гол нь Хүүхэд харах төв байгуулах эрхийг эцэг, эхийн хүсэлтэд үндэслэж олгоно.

Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүд тухайн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнд заавал хүсэлт гаргах шаардлагатай болж байгаа юм. Ингэхдээ үйлчилгээ эрхлэх зөвшөөрөхийг тухайн шатны Засаг дарга олгох юм.

Цэцэрлэгийн багшийн хүрэлцээг харгалзан мэргэжлийн шаардлагыг урьтал болголгүй 18-60 хүртэлх насны тодорхой шаардлага хангасан хүмүүс таны хүүхдийг харах нь. Мэдээж бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой, бие бялдар, сэтгэцийн хувьд эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, мэргэжлийн сургалтад хамрагдсан байх шаардлага тавьж буй.

Мэргэжлийн хүмүүсийг тусгайлсан сургалтад хамруулах асуудлыг салбарын яам хариуцна. Хүүхэд харах үйлчилгээний цагийн хуваарь уян хатан зохицуулалттай байна гэсэн ч төвийн ажиллах нийт хугацаа 12 цагаас хэтрэх ёсгүй. 12-15 хүүхэдтэй нэг бүлэгт багш, туслах багш, тогооч гэсэн гурван хүн ажиллана гэж тооцсон байна лээ.