Агаарын бохирдол урагт хэрхэн нөлөөлдөг тухай нарийн судалгаа алга
Агаарын бохирдол урагт хэрхэн нөлөөлдөг тухай нарийн судалгаа алга
2014.04.14

Агаарын бохирдол урагт хэрхэн нөлөөлдөг тухай нарийн судалгаа алга

 Чуулганы баасан гаригийн хуралдаанаар гишүүн Д.Сумъяабазарын тавьсан асуулгад Эрүүл мэндийн сайд Н.Удвал хариулт өгөв.

Тэрбээр агаарын бохирдол хүний эрүүл мэнд, эхийн урагт хэрхэн нөлөөлж байгаа, түүнээс урьдчилсан сэргийлэх талаар юу хийж байгааг мэдэхийг хүсчээ. Манай улс 1976 оноос хойш гадаад орчны агаарт азотын давхар исэл, хүхрийн хоёр ч исэл, нийт тоосны хэмжээг шинжилж, хянаж ирсэн юм байна. Хүүхдүүдэд хамгийн их тусдаг амьсгалын замын өвчин агаарын бохирдлоос улбаатайг судалгаагаар тогтоожээ.

Ялангуяа гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушгины үрэвслийн нэг шалтгаан болдог аж. Нийслэл хотын хүүхдүүд амьсгалын эрхтэний өвчнөөр агаарын бохирдол багатай хот, суурингийн хүүхдүүдтэй харьцуулахд 7-8 дахин илүү өвчилж байгааг тогтоожээ.

Мөн хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын түвшин 10 мкг/дл илэрч байгаа нь дархлалын хариу урвалд сөрөг нөлөө үзүүлж, өвчлөлийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлж байгааг сайд хэлэв. Харин агаарын бохирдол урагт хэрхэн нөлөөлж буй талаар манайд тоймтой судалгаа байхгүй, эхлэл шатандаа яваа гэнэ.

ЭМШУИС дээр 2013-2015 оны хооронд ийм судалгаа хийхээр төсөл эхлүүлж буй юм байна. Олон улсад бол агаарын бохирдол урагт нөлөөлдгийг хэдийнэ тогтоожээ. Үүний дараа гишүүд Монгол Улсын хүн амын хэдэн хувь нь агаарын бохирдлоос болж өвчилсөн, нас баралтын хэдэн хувь нь үүнээс шалтгаалсан гэх мэт нарийн мэдээлэл авахыг хүсэв. Гэвч ийм судалгаа манайд мөн л байсангүй.

“Амьсгалын замын тогтолцооны өвчин 2008 онтой харьцуулахад 50, зүрх судасны өвчин 35 хувиар нэмэгдсэн.

Улаанбаатарт агаарын бохирдол РН2.5-ын агууламж ДЭМБ-ын агууламж стандартаас өвөлдөө 4-7 дахин их байгаа гэнэ. Үүний эсрэг арга хэмжээ авахгүй бол нас баралт, уушгины хавдар, зүрх, судасны өвчин, ургийн гажиг тасралтгүй өснө гэсэн прогноз гарчээ. Энэ талаар Н.Удвал сайд “Амьсгалын замын тогтолцооны өвчин 2008 онтой харьцуулахад 50, зүрх судасны өвчин 35 хувиар нэмэгдсэн.

Он гарсаар 157 хүүхэд ургийн гажиг хөгжилтэй төрсөн” гэсэн мэдээлэл хэлээд “Гэхдээ үүнийг бүгд агаарын бохирдлоос үүдэлтэй гэж үзэж болохгүй. Олон хүчин зүйлээс шалтгаалдаг учраас гүнзгийрүүлж судлах шаардлагатай” гэсэн юм. Утааны эсрэг маск тараах асуудал юу болсныг О.Содбилэг гишүүн сонирхоод “НҮБ-ын Хүүхдийн сангийн Копенгагийн агуулахад байгаа учир авчрахад хугацаа шаардаад энэ өвөл амжаагүй. Дараагийн өвөл авчирна” гэсэн хариулт сонсоно лээ.

Асуулга тавьсан гишүүн Д.Сумъяабазар төгсгөлд нь “Агаарын бохирдлын эсрэг хэмжилт хийхээс хэтрэхгүй явж ирлээ. Энэ бодит нөхцөл байдлаас дүгнэлт хийж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, хойшид гарч болзошгүй үр дагавраас урьдчилан сэргийлэхэд гол нь анхаарах учиртай. Гэтэл үүнийг орхигдуулж ирсэндээ ЭМЯ дүгнэлт хийх ёстой. Агаарын бохирдол урагт нөлөөлж эхэлсэн байхад салбарын яам тодорхой арга хэмжээ аваагүй байна” гэсэн юм.