Шүлхий өвчинтэй холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцлахаар боллоо
Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж, зүүн гурван гарсан аймагт шүлхий өвчний тархалтын нөхцөл байдал, авсан арга хэмжээний үр дүн, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцлээ.
Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт өнгөрсөн 1 дүгээр сарын 27-нд шүлхий өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өвчний тархалт Сүхбаатар аймгийн 6 сум, Хэнтий аймгийн 1 сум, Дорноговь аймгийн 6 сум буюу нийт 3 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан юм. Өнөөдрийн байдлаар шүлхийгээр өвчилсөн 3454 малыг зориудаар устгаж, 4,5 сая малыг вакцинжуулаад байна. Сүүлийн 11-41 хоногт мал нэмж өвчлөөгүй байна.
Иймд Дорноговь аймгийн Иххэт, Даланжаргалан сумдыг аймгийн Онцгой комиссын мэдэлд үлдээж, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймагт тогтоосон хорио цээрийн онцгой болон хязгаарлалтын дэглэмийг цуцлахаар боллоо. Гэхдээ өвчний голомттой бүс нутагт малын шилжилт хөдөлгөөнийг 2 сарын хугацаанд хориглож, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн гаргахдаа орон нутагт нь ариутгал, халдваргүйжүүлэл хийсний үндсэн дээр зөвшөөрөгдсөн зам маршрутаар тээвэрлэх юм.
Хэдийгээр энэ удаагийн шүлхийн дэгдэлтийг зогсоож чадсан ч анхаарч үзэх, эргэж харах олон асуудал байгааг Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга М.Энх-Амар тэмдэглэлээ. Тухайлбал, Мал эмнэлэг, үржлийн газрын хариуцлагагүй ажиллагаанаас үүдэн вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчигдсөн. Улсын ариун цэврийн төв лаборатори энэ удаагийн өвчлөлийг “А” хэвшлийн вирусээр үүсгэгдсэн гэж тодорхойлсныг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын лавлагаа лаборатори үгүйсгэж “О” хэвшлийнх гэж тогтоосон. Хэрэв “А”, “О” хэвшлийн хам вакцин хэрэглээгүй бол буруу оношилсноос үүдсэн үр дагавар, хор хохирлыг тооцоолох аргагүй байлаа гэж тэрбээр онцоллоо. Мөн аймаг, мэргэжлийн байгууллагууд Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээс давсан тушаал, албан даалгавар гаргах, голомтын бүсэд ажилласан албан хаагчид иргэд, зорчигчдыг чирэгдүүлэх, хүнд суртал гаргах, дээрэнгүй харьцах тохиолдол цөөнгүй гарсан талаар жишээ татлаа. Малчдыг хариуцлагажуулах шаардлага ч байна. Шүлхий өвчин анх илэрсэн Сүхбаатар аймгийн Онгон суманд л гэхэд “нядалсан”, “олдохгүй байгаа” гэсэн шалтгаанаар 7000 гаруй малыг 2013 оны намрын вакцинжуулалтад хамруулаагүй байжээ.
Шүлхий өвчний голомтыг устгах, тархалтыг зогсоох, устгасан малд нөхөн олговор олгоход Засгийн газар 2005-2013 онд нийт 27,1 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл энэ удаагийн өвчлөлийн үед 10,6 тэрбум төгрөг зарцуулаад байна. Цаашид улсын төсвөөс ийм байдлаар их хэмжээний хөрөнгө зарцуулаад байх уу, эсвэл энэ өвчинтэй тэмцэх стратеги, арга барилаа өөрчлөх үү гэдгийг эргэн харах шаардлагатай гэж Улсын онцгой комиссын гишүүд үзлээ.
Эдгээр нөхцөл байдалд үндэслэн Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва холбогдох байгууллагуудын удирдлагад хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө