Монголд элэг шилжүүлэн суулгах боломжтой болжээ
Дотооддоо элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулахад төрийн дэмжлэг ихээхэн үгүйлэгдэж байгаа. Монголд 50-80 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа энэ мэс заслын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх, санхүүжилтийг улсын төсөвт суулгах хэрэгтэй байгаа юм.
4 настай Дэлгэрсайхан хүүд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай улсын эмч нар, солонгос эмч нартай хамтран энэ онд амжилттай гүйцэтгэсэн. Дээрх төрлийн мэс заслыг гадны улс орнуудад 100-200 хүртэлх сая төгрөгөөр хийгддэг бол Монгол улсад 50-80 сая төгрөгт багтаж байна. Хагалгаанд орох шаардлагатай 23 хүүхэд байгаагаас эхний хүүхэд болох 4 настай Бүжинлхам охин 9-р сард хагалгаанд орох ёстой.
Цөсний замын төрөлхийн битүүрэлтэй төрсөн хүүхдүүдэд эхний ээлжинд кафай хагалгаа хийдэг. Энэ хагалгаа хийлгэсэн хүүхдүүдийн 50% нь эдгэдэг бол бусад нь заавал элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болдог.
Эх ургийг тээх явцдаа эхний 3 сард агаар дуслын болон ахуйн замаар элгийг гэмтээгч вирусын халдвараар өвчилсөн нь хүүхдийг цөсний замын битүүрэлтэй төрөхөд хүргэж байна гэж болно.
Монголд хүүхдээд элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөгдсөн байгаа хоёрдахь охины ар гэрт хагалгааны төлбөр болох 50 сая төгрөгийг 9-р сар хүртэл цуглуулах хугацаа байгаа ч Лхагвасүрэнгийнх гэдэг энэ залуу гэр бүлд монголчуудын тусламж хэрэгтэй байгаа юм.
Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөгтэй эмчилгээний зардлаас 85 хүртэлх хувийг хөнгөлүүлэх саналыг гаргаж энэ онд төсөвт 9 гаруй тэрбум төгрөгийг суулгуулах гэж салбарын сайд нь оролдсон ч дийлээгүй гэдгээ хэлсэн. Энэ шийдвэр гаргагчид элэг шилжүүлэн суулгах хагалгаа ямар нарийн төвөгтэй өндөр өртөгтэйг ойлгохгүй байгаагийн нэг илрэл юм.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал: 2014 оны төсөвт суулгах гээд лоббидоод чадаагүй. Яагаад гэвэл орлогын эх үүсвэр нь энэ хэрэгцээг дааж чадахгүй байсан. Цаашид орлого нэмэгдээд ирэхээр 9 тэрбум төгрөгийг улсын төсөвт батлуулчихвал боломжтой. Энэ өндөр өртөгтэй эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны тодорхой хувийг үнээс нь хамаарч даатгалын сангаас тодорхой хувийг нь даах бололцоог нээж өгөхөөр бодлого гарсан.”
Элэг шилжүүлэн суулгах хагалгааг нэвтрүүлсэн улс орны салбар өндөр хөгжсөнд тооцогддог. Гэхдээ манай улсад энэ нэр хүндээс илүүтэйгээр өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа элэгний өвчтэй хүүхдүүдийнхээ амийг аврах асуудал чухлаар тавигдаж байна. Орон байраа худалдаж, ах дүүгийнхээ хашаа байшинг барьцаалж өндийж босоход амаргүй өрөнд унан байж амьд үлдэж байгаа өвчтөн. Энэ мэс заслыг хийх гэж зориглон ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд төрийн дэмжлэг, хайр халамж үгүйлэгдэж байна.