Улсын хэмжээнд 200 гаруй хүн бөөрний аппаратад ордог
“Бөөр хамгаалах өдөр”
2014.03.14

Улсын хэмжээнд 200 гаруй хүн бөөрний аппаратад ордог

Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг байна.

Манай улсад анх 2009 оноос тэмдэглэж эхэлсэн. Энэ жилийн хувьд “Бөөрний цочмог гэмтлээс сэргийлье” нэрийн доор зохиогдож байгаагаараа онцлог болж байна.

Эрүүл Мэндийн Яамны БХЗГ-ын дарга Д.Мөнхбат “Манай улсын эрүүл мэндийн салбарт зайлшгүй шийдэх ёстой асуудлуудын нэг нь бөөрний архаг өвчин. Бөөрний эмгэгийг Монголд хоёр аргаар эмчилдэг. Эхнийх нь хиймэл бөөрний аппарат буюу гемодиализ. Энэ нь өндөр технологи учраас үнэтэй, нэг удаа ороход 150 мянган төгрөг бөгөөд  долоо хоногт гурван удаа орох шаардлагатай байдаг.

Улсын хэмжээнд 200 гаруй хүн тус аппаратад ордог. Тэгэхээр долоо хоногт дунджаар 500 мянган төгрөгийг нэг хүнд зориулж гаргадаг. Энэ нь жилд дунджаар дөрвөн тэрбум орчим төгрөгийг улсын төсвөөс гаргадаг гэсэн үг. Цаашид бид Гемодиализийн аппаратад орж байгаа хүмүүсийн тоог энэ түвшинд нь барих буюу бууруулахад чиглэн ажиллаж байна. Дараагийн арга нь бол бөөр шилжүүлэн суулгах мэс засал.

Монголд 100 гаруй хүн бөөр шилжүүлэн суулгуулсан бөгөөд зөвхөн мэс засал эмчилгээнд хувь хүнээс 3,5 сая төгрөг, улсаас 8,5 сая төгрөгийг зарцуулдаг ба дархлаа тогтоох эм нэг хүнд жилд 1000 гаруй ам долларын өртөгтэй болдог. Энэ нь хувь хүнд төдийгүй эрүүл мэндийн салбарт асар их тоо” хэмээн  онцолж байна.