Ц.Алтанцэцэг: Үйлдвэрийн цогцолбор парк барих нь цаг үеэ олсон оновчтой санал
"Мөнхийн тун" ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Алтанцэцэг
2014.04.08

Ц.Алтанцэцэг: Үйлдвэрийн цогцолбор парк барих нь цаг үеэ олсон оновчтой санал

Мөнхийн тун ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Алтанцэцэгтэй ярилцлаа.

- Танай компани ямар ямар эмийг үйлдвэрлэж байна вэ?

Мөнхийн тун компаний 1992 онд, харъяа “Тунфарм” эмийн үйлдвэр  2004 онд тус тус байгуулагдсан. Үйлдвэр нь эхлээд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан бол 2012 оноос ISO-9001 стандартын, компьютерийн удирдлагатай бүрэн автоматчлагдсан багаж төхөөрөмжтэй, GMP-ийн шаардлага хангасан өөрийн байранд үйл ажиллагаа явуулах болж, шахмал, капсул, үрэл, тос, нунтаг 50 гаруй төрлийн эм үйлдвэрлэх болов.

-Эм үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал нь юу вэ?

Монгол улсын эм хангамжийн тогтолцоо нь 100 хувь хувийн хэвшилд шилжсэн буюу зах зээлийн нэлээд сонгомол хэлбэрээр хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд  олон арван эмийн үйлдвэрүүд байгуулагдлаа. Гэвч эдгээр үйлдвэрүүд эрүүл өрсөлдөөний талбар болж чадахгүй, ихэнх нь түрээсийн байранд, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй, инженер-техникийн мэргэжлийн боловсон хүчнээр дутмаг, бас уламжлагдан ирсэн туршлагагүй, боловсон хүчин тогтвор суурьшилтай ажилладаггүй  буюу олддоггүй бэрхшээлтэй тулгарч байна.

- Үүнийг хэрхэн шийдэх вэ?

 Үүнийг шийдвэрлэхэд компаниуд өөрсдөө гарцаа олох, нөгөө талаар улсаас боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, газар олгох, өөрсдийн байр барихад төрөөс тусламж үзүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлбэл хөгжлийн явцыг түргэтгэнэ.

-Үндэсний зайлшгүй эмийн хэдэн хувийг үйлдвэрлэж байна. Үүнд төр засгаас үзүүлж буй дэмжлэг юу байдаг вэ. Дэмжлэгийг хэрхэн зохистой болгох вэ?

Монгол улсын эмийн үйлдвэрүүд зах зээлд шилжихээс өмнө эмийн хэрэгцээний 10 хүрэхгүй хувийг үйлдвэрлэж байсан бол зах зээлд шилжсэнээс хойш 25 орчим хувийг үйлдвэрлэх болсон гэсэн баримжаа тоо байдаг. Үүгээр би юу хэлэх гээд байна гэхээр эм хангамжийн талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил бараг хийгдэхгүй болсон, жишээ нь гэхэд л өнөөдөр ямар эм их эрэлт хэрэгцээтэй, ямар эм илүүдэж байна гэхэд л хэлэх үг алга байна.

Төр, засгийн дэмжлэг гэвэл хууль эрх зүйн орчин тогтоож өгснийг эс тооцвол тодорхой дэмжлэг алга. Төр, засгаас хүлээж буй дэмжлэг гэвэл дээр дурьдсанаас гадна тендерийн бодлогыг хямд үнэнд биш, чанарт тулгуурлах талаар өөрчлөх, зөвшөөрлийн олон шат дамжлаг, хүнд суртлыг арилгах, ханган нийлүүлэгч, хүлээн авагчийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжсэн менежменттэй болгох дотоодод үйлдвэрлэж буй эмийг импортооор оруулж ирэхгүй байх  зэрэг байж болох юм.

-Нийслэлийн ойролцоо эмийн үйлдвэрийн цогцолбор паркийг байгуулах санал гарсан дэмжигдээд явж байгаа. Ер нь ингэж хөгжүүлэхэд эмийн үйлдвэрүүд, ялангуяа танай үйлдвэр бэлэн байна уу?

Өнөөдөр тэргүүлэх эмийн үйлдвэрүүд өөрийн эмийн үйлдвэрийн барилгыг бараг барьчихсан байна. Манай орны өвөрмөц нөхцөлд, цаг уураас шалтгаалан эмийн үйлдвэрийн барилга их өндөр үнээр босдог. Заавал дотуур барилга шаардлагатай болдог тул дахин дахин барилга бариад байх боломжгүй. Эмийн үйлдвэрийн цогцолбор парк барих нь байгуулах нь цаг үеэ олсон оновчтой санал гэж үзэж байгаа.

-Ингэснээр хэрхэн хөгжинө гэсэн үг вэ. Одоогийн 30 гаруй эмийн үйлдвэрүүд яг үйлдвэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж чадаж байна уу

Эмийн үйлдвэрийн парк байгуулсанаар хөгжинө гэж байхгүй. Харин химийн үйлдвэрийн цогцолбор паркийн асуудал бол шал өөр асуудал. Паркийн асуудлыг амжилттай шийдсэн ч  боловсон хүчний хангамж, тэдний ахуй нөхцлийг хангах асуудал бол хүнд асуудал. Жишээ нь: Манай компани анх Дархан-уул аймагт байгуулагдсан. Тэндээ хөгжихөд газар, дэд бүтцийн хувьд бүрэн бололцоо байсан ч мэргэжлийн боловсон хүчнийг олж ажиллуулах, байршуулах хүндрэлээс болж Нийслэлийг хөгжлийн төвөө болгосон, ийм байдал үүсэхийг үгүйсгэхгүй.

Монгол улсад 30 хол давсан эмийн үйлдвэрүүд байгаа, тэд бүгд GMP-ийн шаардлага хангаж байна уу  гэдгийг бол хэлэхэд хүнд, цаг хугацаа харуулна байх.

-Химийн үйлдвэрлэл хөгжсөн газарт эмийн үйлдвэрлэл хөгждөг. Манайд энэ байдал ямар түвшинд байна.

Химийн үйлдвэрлэл хөгжсөн газарт эмийн үйлдвэр хөгждөг гэсэн хууль байхгүй. Мэдээж, өөрийн орны химийн үйлдвэрээс эмийн түүхий эдээ авбал таатай нөхцөл үүснэ. Гэхдээ эмэнд бол маш олон төрлийн химийн бодис ордог, бас тэр нь тийм их хэмжээгээр ордоггүй, манай мэтийн 3 сая орчим хүн амтай жижигхэн улсад нэг эмэнд орох химийн бодис хичнээн кг, эсвэл хичнээн тонн хэрэгтэй байх болдоо, тун ялихгүй байж мэднэ, тооцоо судалгаа хийх л хэрэгтэй. Жишээ нь: манай хөрш Хятад улс гэхэд дэлхийн эмийн түүхий эдийн бараг 70- 80 хувийг хангадаг гэдэг юм даа. Өөрөөр хэлбэл, ихэнх улс орны үйлдвэрлэсэн эм Хятадын түүхий эдээр л үйлдвэрлэгдсэн байх жишээтэй. Химийн үйлдвэрийн хөгжлийн чиглэлд химич эрдэмтэд үгээ хэлэх бизээ.

-Сайжруулах арга зам, ямар дутагдлыг нөхөх вэ?

Бодоход энэ асуулт эмийн үйлдвэрийг сайжруулах арга замын тухай байх л даа. Эмийн үйлдвэрлэлийг сайжруулах арга зам нь GMP-ийн шаардлага хангасан нөхцөлд, стандартын дагуу, баталгаатай түүхий эдээр үйлдвэрлэл явуулах л юм. Ер нь болж өгвөл бусад орноос хараат бус болох л гол зорилт байх болно.

-Үндэсний эмийн үйлдвэрлэлд юу шаардлагатай байна вэ, Дэлхий нийтээрээ томоохон эмийн үйлдвэрүүд шинэ эм зохион бүтээх зэрэг асуудлаар нэгдэн нийлж байгаа. Энэ талаарх таны бодол?

Үндэсний эмийн үйлдвэрт юу шаардлагатайг бараг түрүү хэлсэн л дээ. Нэмээд хэлэхэд улсаас хөнгөлттэй нөхцлөөр зээл олгох, орчин үеийн тоног төхөөрөмжийг хил гаалиар оруулахад татвараас чөлөөлөх, боловсон хүчнийг гадаад улс оронд Засгийн газрын тэтгэлгээр сургахад бодлогоор дэмжиж  зэрэг  нь маш чухал.

Дэлхий дахинд эмийн үйлдвэрийн хөгжилд маш олон дэвшил гарч байна. Юуны түрүүнд  зах зээлд өрсөлдөх чадвартай болохын тул нэгдэх, хувьцаат компани, корпораци болох чиглэл рүү явж байгаа нь ажиглагддаг. Манай улсад ч ийм үйл явц явах байх. Ийм туршлага эхлэж байна. Тухайлбал, манай тэргүүлэх хэд хэдэн компани нэгдэж шингэн эмийн үйлдвэр байгуулж байна. Энэ туршлага нь  бусад компаниудыг энэ чиглэлд хөтлөнө гэж найдаж байна.

-Эмээ өөрсдөө үйлдвэрлэдэг болсноор ямар давуу талтай вэ?

Монгол улс эмээ өөрсдөө үйлдвэрлэдэггүй, цөөхөн хэдэн орны хараат байсан зовлонг зах зээлд шилжсэн он жилүүдийн эхэнд хангалттай мэдэрсэн. 1990-ээд онд манай улс зах зээлд шилжин ороход Эрүүл мэндийн салбар дотроос хамгийн хүнд байдалд орсон нь эм хангамжийн тогтолцоо байсан юм. Тэр үед манай улс гадаадаас эм худалдан авахад зориулан гаргадаг төсвөө гаргаж  чадахаа больсноос эмийн дутагдалд орсон. Энэ байдлаас гарахын тулд пүүс, компаниуд, хувь хүмүүсийг  гадаадаас эм оруулж ирэхийг зөвшөөрсөн.

Ерөөсөө эм үйлдвэрлэл гэдэг бол чанарын тухай асуудал.

Энэ нь хоёр үр дагаварт хүргэсэн. Нэг нь Монгол улсад “эмийн ганзагачид” гэсэн хүмүүс бий болж, хар зах дээр эм зарах болсон бөгөөд энэ сөрөг үр дагавар одоо ч гэсэн бүрэн арилаагүй, мэр сэр дуулдсаар байна. Нөгөө нь эм хангамжийн улсын тогтолцоонд ажиллаж байсан мэргэжилтнүүд  хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллагууд байгуулж эхэлсэн. Түүхэн энэ үйл явцаас харахад л өөрсдөө эм үйлдвэрлэдэг болсноор эмийн хангамж сайжрана, наад зах нь бусдаас хараат бус болно шүү дээ.

-Эмийн үйлдвэрлэлийн чанарт хэрхэн анхаарч байна вэ? GMP нэвтрүүлэлт ямар байна.

Ерөөсөө эм үйлдвэрлэл гэдэг бол чанарын тухай асуудал. Эмийн үйлдвэрийн чанарын асуудлыг GMP-д сайн тавьж өгсөн байдаг. Ийм болохоор GMP сайн баримталдаг, барилга байгууламж, тоног төхөөрөмж нь сайн, чанарын хяналтын алба нь сайн ажилладаг эмийн үйлдвэрийн эм чанартай л байна. Эрүүл мэндийн яам эмийн үйлдвэрийн GMP-ийг шинэчлэн батласан, 2015 оноос GMP-ийн гэрчилгээ олгож эхлэнэ, тэр үед л GMP нэвтрэлтямар байгаа нь тодрох бизээ.Бас Чанарын удирдлагын тогтолцооны (MNS ISO 9001:2010)  стандартын дагуу “чанарын гарын авлага” гарган, чанарын стандарт мөрдсөн газарт эмийн чанар сайн байх болно. Манай компани чанарын удирдлагад шилжих баримт бичгүүдээ боловсруулан бэлтгэл ажлаа хангаад байна.

-Эмийн үйлдвэрлэлд түүхий эдээ дотоодоос авах бүрэн боломжтой. Энэ тал дээр байдал ямар байна. Ашигладаг уу?

Уламжлалт эмийн зарим түүхий эд, ялангуяа ургамал, амьтны гаралтай түүхий эдийг бол магадгүй дотоодоос авах боломжтой байх. Химийн түүхий эдийг бол дотоодоос авах ямар ч боломж байхгүй.

-Эмийн үнийн асуудлаар ямар бодолтой байдаг вэ?

Эмийн үнэ харьцангуй тогтвортой байгаа гэж үздэг. Эм хангамжийн байгууллагууд нь  импортын эм, дотоодын үйлдвэрийн эм гэсэн 2 эх үүсвэрээс эмээр хангадаг тул эмийн үнэ нь  эх үүсвэрээсээ шалтгаалан  ялгаатай байдаг.

Импортын эм нь аль улсаас импорлож байгаа, чанараасаа хамаарч үнэ нь янз бүр байна. Эмийн түгээлт тендерээс гадна ханган нийлүүлэх байгууллагуудын өөрсдийнх нь эмийн сан, бие даасан эмийн сангуудаар явагддаг. Магадгүй бие даасан эмийн санд л эмийн үнэ өндөр байх хандлага байдаг байж болох юм. Ханган нийлүүлэх байгууллага бол эмийн үнийг бодитой байлгахыг эрмэлздэг.

-Ард иргэдээ чанартай үр дүн сайтай эмээр хангахад ямар нөөц боломж байна вэ?

Өнөөдөр манай хамт олны өмнө Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хүн ам, эмнэлгийн байгууллагыг хангах, эм үйлдвэрлэлийг жил бүр өргөжүүлэх, үйлчилгээний шинэ хэлбэр нэвтрүүлж, соёлтой чанартай үйлчлэх, зах зээлээ өргөтгөх, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах өргөн нөөц бололцоо байна. Энэхүү боломжийг  манай хамт олон

үр бүтээлтэй ашиглан ард иргэддээ үйлчлэнэ. Санасан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн сайхан ерөөлийг дэвшүүлье.

 Ерөөл бат оршиг. Танд амжилт хүсье.