Гадаад эм л сайн, монгол эм тааруудаа гэж боддог бодлоосоо бид салах ёстой
УИХ-ын гишүүн С.Ганбаатар эмийн үйлдвэрт ажиллав
2014.03.12

Гадаад эм л сайн, монгол эм тааруудаа гэж боддог бодлоосоо бид салах ёстой

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Сарангэрэл нар эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогод тусгагдсан эмийн аюулгүй байдал, чанарыг хангах асуудлын хүрээнд эм хангамжийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар эмийн үйлдвэр, эм биобэлдмэлийн лаборатори, эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа.

“Тунфарм” эмийн үйлдвэр 50 гаруй төрлийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Улсын Их Хурлын гишүүдийг “Тунфарм” эмийн үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Алтанцэцэг угтан авч үйлдвэрийнхээ үйл ажиллагаатай танилцууллаа. “Тунфарм” эмийн үйлдвэр 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тус эмийн үйлдвэр нь GMP-ийн шаардлага хангасан байранд үйл ажиллагаагаа явуулснаар чанарын шаардлага иж бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг болж чадсан гэлээ. Энэ хамт олон бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж шинэлэг технологи нэвтрүүлэн, боломжтой хямд үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа аж.

Мөн эмийн үйлдвэрийн 60 орчим хувь нь мэргэжлийн эм зүйч нар ажиллаж байгаагийн зэрэгцээ ISO-9001 стандартын шаардлага хангасан компанийн бүрэн хяналтанд автомат тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ явуулдаг байна. “Тунфарм” эмийн үйлдвэр шахмал, капсул, үрэл, шингэн, нунтаг, тосон түрхэц хэлбэрийн 50 гаруй төрлийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. С витамины үрлэн савалгааны уутыг шинэчилснээр зөвхөн эмийн сангуудаар худалдаалах бус хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан иргэдэд хүргэдэг болсон төдийгүй мөн шингэн савалгаатай болгосон нь бага насны хүүхэд хэрэглэхэд хялбар болжээ.

“Тунфарм” эмийн үйлдвэр мөн дэргэдээ нэг удаагийн хувцасны /маск, малгай, нөмрөг г.м/үйлдвэрийг монголд анх удаа байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд зах, зээлээ судалсан талаар ерөнхий захирал танилцуулсан. Хэрвээ энэ үйлдвэр ашиглалтад орвол нэг удаагийн хувцас хэрэглэл зөвхөн эмнэлгийн байгууллагын хэрэгцээгээр зогсохгүй бусад салбарт ч өргөнөөр хэрэглэгдэх ач холбогдолтой аж. Үйлдвэр байгуулахын тулд “Чингис бонд”-оос хөрөнгө оруулалт авах төсөл боловсруулж байгааг ч тэрээр дуулгасан юм.

Түүнчлэн төрөөс бусад мэргэжлийн хүмүүсийг бодлогоор гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлдэг. Харин хувийн хэвшлийнхэн, компаниуд ганц хоёр хүнээ л сургах боломжийг бүрдүүлж чаддаг. Иймд төр, засаг бодлогоороо үндэсний үйлдвэрүүдийн тэргүүлэх мэргэжилтнүүдийг гадаад, дотоодод сургахад тусламж, дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаагаа тэрээр мөн уламжиллаа.

С.Ганбаатар гишүүн, эмийн үйлдвэрүүдийг хүчтэй дэмжих ёстой. Монгол орны эмийн хэрэглээг 100 хувь хангах маш олон бүтээгдэхүүнийг энэ эмийн үйлдвэр гаргаж байна. Олон эмийн үйлдвэрүүдийг төрөөс бодлогоор дэмжиж, хүчтэй хяналт тавьснаар баталгаатай эмийг хэрэглэнэ гэсэн үг. Гадаад эм л сайн, монгол эм тааруудаа гэж боддог бодлоосоо бид салах ёстой. Эцсийн дүнд өөрийн юм өөрийн л байдаг. Монголын эмийн үйлдвэрүүдээр орж бодит байдалтай танилцлаа. Дэлхийн хэмжээний стандартын багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Бид үүн дээр төрийн зүгээс хууль эрх зүйн орчноор яаж дэмжих вэ гэдгийг нэлээд нухацтай нарийн ярьж байна гэлээ.

“Айвико” дуслын шингэний үйлдвэртэй танилцав

Монгол, ИБУИНВУ, Австрали, Тайвань, БНСУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай тус үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхлээд 10 гаруй жил болж байгаа ажээ. Улсын Их Хурлын гишүүдэд Үйлдвэр эрхэлсэн захирал Б.Таванжин үйл ажиллагааныхаа талаар болон лабораториудын тоног төхөөрөмжтэй танилцуулав. Тус үйлдвэр их эзэлхүүнтэй дуслын шингэний үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Монгол Улсад анх удаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалаар үнэлүүлж GMP /Үйлдвэрийн зохистой дадал/ гэрчилгээг авсан байна. Үйлдвэрийн гол зорилго аюулгүй, чанартай, үйлдлийн өндөр идэвхтэй бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах явдал ажээ.

Тус үйлдвэр жилд 10 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 30 гаруй нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Үйлдвэртэй танилцах явцад стандартыг чангатгах асуудал хамгийн чухал болохыг Улсын Их Хурлын гишүүд онцолж, эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагааг хөндлөнгөөс сонсох бус бодит байдалтай газар дээр нь танилцсанаар илүү өргөн мэдээлэл авч байгааг өнөөдрийн арга хэмжээ харуулж байна гээд, та бүхний үйл ажиллагааг цаашид дэмжиж хамтарч ажиллах болно гэлээ.

Өндөр мэдрэг техник, технологийг бүрэн хэмжээнд ашиглах зорилт тавьж байна

Лабораторийн шинжилгээний үнэн бодит байдлыг хадгалахын тулд ур чадварын тест авах шинжилгээнд хамрагддаг.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нэгдсэн төв лабораторийн эрхлэгч Б.Амар үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.

Тэрээр танилцуулгадаа, тус лаборатори нь хүнс, эм, ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүн, ургамал, ургамлаас гаралтай түүхий эд, хөрс, усны шинжилгээг үндэсний болон олон улсын стандарт бүхий шинжилгээний арга, аргачлал дээр тулгуурлан гүйцэтгэж байна.

Шинжилгээний үнэн бодит байдлыг хөндлөнгөөс үнэлүүлэхийн тулд үндэсний болон олон улсын ур чадварын сорилтын хөтөлбөр, лаборатори хоорондын харьцуулалтад тогтмол оролцож байна. Лабораторийн шинжилгээний үнэн бодит байдлыг хадгалахын тулд ур чадварын тест авах шинжилгээнд хамрагддаг. Цаашид боловсон хүчнийг мэргэшүүлэх, чадавхижуулах, өндөр мэдрэг техник, технологийг бүрэн хэмжээнд ашигладаг болох зорилт тавин ажиллаж байгаа гэлээ .

Хэрэглэгчид рүү хандсан ямар үйл ажиллагаа явуулж байгаа болон иргэд хүнсний бүтээгдэхүүн, эмийг хэрэглэхдээ хортой байна уу, хоргүй байна уу гэдгээ лабораторид авчирч шалгуулах боломж хэр байдаг талаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар тодруулсан юм. Хэрэглэгч хувь хүн байна уу, албан байгууллага байна уу хэн ч байсан бүтээгдэхүүнээ манай лабораторид шинжлүүлэх бүрэн боломжтой. Энгийн хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг шинжлүүлэх хүсэлтээ гаргаад ямар ч шат дамжлагагүй шалгуулах боломж нээлттэй. Шинжилгээний тариф маш бага. Манай лаборатори олон улсын итгэмжлэлийг энэ оны наймдугаар сард авахаар ажиллаж байна гэсэн хариултыг лабораторийн эрхлэгч Б.Амар өглөө.

Улсын Их Хурлын гишүүд мөн өнөөдөр “Цомбо” эмийн үйлдвэр, “Монос” эм ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан юм.

Манай лаборатори олон улсын итгэмжлэлийг энэ оны наймдугаар сард авахаар ажиллаж байна

Улсын Их Хурлын гишүүд Эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах явцдаа эмийн аюулгүй байдал, чанарыг хангах, төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг улам илүү боловсронгуй болгох, олон улсын арга зүй, туршлага дээр үндэслэн ДЭМБ-ын Эмийн чанар, аюулгүй байдлын төвөөс зөвлөж буй

“Эмийн зохицуулалтын байгууллага эсвэл Хүнс эмийн агентлагийн аль оновчтойг нь байгуулах” өөрөөр хэлбэл эм зүйн салбарын мэргэшсэн хяналтын байгууллагыг шинээр байгуулах, түүнчлэн тус салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлууд, цаашид хууль эрх зүйн орчинг улам илүү боловсронгуй болгох үүднээс холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт хийх талаар дээрх байгууллагуудын удирдлага, мэргэжлийн хүмүүстэй ярилцаж санал солилцлоо.

Гишүүд эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан тухай болон цаашид шийдвэрлэвэл зохих асуудлын талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм