“Эрүүл Монгол хүн” хөтөлбөр эмийн салбарт үргэлжилнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Сүүлийн үеийн үнэлгээ, судалгааны дүнгээс харахад, эмийн бодлогыг оновчтой болгох, эмийн чанарын баталгааг хангах ажилд түлхүү анхаарах шаардлага үүссэн. Түүнчлэн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагааг үр ашигтай явуулах, хүн амаа эмийн зохистой хэрэглээний мэдлэгтэй болгох чиглэлд нэн түрүүнд арга хэмжээ авах хэрэгтэй гэнэ.
Иймд Шинэчлэлийн Засгийн газар "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд эмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шинэчилж байгаа аж.
Шинэ зохицуулалтаар эмийн салбарт олон улсын жишигт нийцсэн стандарт бий болно. Энэ баримт бичиг нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцөл бүрдүүлэхэд чиглэгдэх юм байна.