И.Балжинням: Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн 50 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой
Монос холдингийн төслийн гүйцэтгэх захирал И.Балжиннямтай ярилцлаа.
-Эмийн үйлдвэрийн салбарт тэргүүлэгч компаний хувьд эмийн үйдлвэрлэлийн хөгжлийг хэрхэн харж байна вэ. Ямар асуудлыг нэн түрүүнд шийдэх шаардлагатай вэ?
Эмийн үндэсний бодлого 2002 онд батлагдсанаар эм үйлдвэрлэлийг хөгжүүлэх үзэл баримтлал хангагдсан гэж хэлж болно. Бодлого сайн ч төр засгийнхаа хүрээнд дэмжигдэж, дорвитой ажлууд хийгдэхгүй байгаа. Өнөөдөр монгол улсад үйлдвэрлэгдэж буй эмийн хорь хүрэхгүй хувийг дотооддоо үйлдвэрлэж байна гэхээр үйлдвэрлэлийг цаашид зөв бодлоготойгоор нэмэгдүүлэх шаардлагатай нь харагдана.
Дотооддоо бид үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн тавин хувийг үйлдвэрлэх бүрэн боломжтой.
-Одоо эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд юу дутагдаад байна вэ?
Хамгийн гол асуудал нь хөрөнгө мөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байна. Тухайлбал GMP олон улсын стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд хамгийн хямдхандаа 650,000 ам доллараас нэг сая ам долларын хөрөнгө шаардлагатай. Стандартын материалаар стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж гэхэд дор хаяж 40 мянган ам долларын үнэ ханштай.
Гэтэл өөрийн гэсэн орон байргүй эмийн үйлдвэрүүдэд тийм боломжийн талаар ярихад хэцүү.
-Энэ нөхцөлд эмийн үйлдвэрүүд хоорондоо нэгдэж ажиллахаар шийдсэн хэрэг үү. Эмийн үйлдвэрийн цогцолбор бариснаар ямар ач холбогдолтой вэ?
Монос фарм компанийн хувьд Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр эмийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийг эхлүүлсэн. Одоо агуулах ашиглалтад орж байгаа бөгөөд удахгүй хоёр үйлдвэрийн барилгын ажил дуусна. Үүний дараа дотоод үйлдвэрээ барих, тоног төхөөрөмжөө суурилуулах ажил хийгдэнэ гэхээр 2015 үйлдвэр ашиглалтад орно гэсэн үг.
Харин Эм холбооны зүгээс санаачилж хэд хэдэн эмийн үйлдвэрүүд хамтраад цогцолбор барих асуудлыг ярьж байгаа. Үүнд би ажлын хэсэгт ажиллаж байгаагийн хувьд хэлэхэд цогцолбор барихад газар, дэд бүтцийн асуудлыг шийдэх шаардлагатай байгааг хэлмээр байна. Хотын ойролцоо цахилгаан, дэд бүтэц нь шийдэгдсэн газар олдохгүй л байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас GMP стандартын дагуу 1 мкв ажлын байрны гадна дахиад түүнтэй тэнцүү хэмжээний ногоон байгууламж барихыг шаарддаг. Хэрвээ 10 мянган мкв үйлдвэрийн байгууламж барина гэвэл 10 мянган мкв ногоон байгууламж барих шаардлагатай болно. Ингэхээр газрын сонголт маш зөв байх шаардлагатай.
-Үйлдвэрүүд ямар байдлаар нэгдэх вэ. Монголд 10 үйлдвэр амбицлиныг зэрэг үйлдвэрлэдэг хэрнээ зарим нэр төрлийн дутагдалтай эмүүдийг үйлдвэрлэхгүй байгааг хэрхэн зохицуулах вэ?
Үйлдвэрүүд дагнах, хорших чиглэлээр ажиллана. Дангаараа үйлдвэрлэдэг эмээ тухайн үйлдвэрүүд өөрсдөө хийнэ. Харин олуулаа нэг эм үйлдвэрлэдэг бол нэг нь л үйлдвэрлэдэг байхаар төрөлжинө.
-Үндэсний зайлшгүй шаардлагатай 280 гаруй нэр төрлөөс тавин хувийг нь дотооддоо үйлдвэрлэх боломжтой гэсэн. Үүний тулд ямар оновчтой бодлого, дэмжлэгийг барих вэ?
Яг тодорхой дэмжлэг алга. Одоо шинэ бодлого гарахаар тодорхой болох байх. Гэхдээ хамгийн түрүүнд эмийн түүхий эдийг НӨАТ-ын татвараас чөлөөлөх, хөнгөлөлт эдлүүлэх, адил төстэй импортын эмэнд квот тогтоож өгөх хэрэгтэй байна. Үүний дараа зохион байгуулалт болон эм, түүхий эдийн бүртгэлийг сайжруулах хэрэгтэй.
Бид нар ерөнхийдөө эм холбоогоор дамжуулж саналаа өгчихсөн. Нэлээн чамбай саналууд тусгагдсан. саналаа өгсөн. Өмнөх бодлогод хангамж, хүртээмжийг түлхүү ярьж байсан бол одоо дотоодын эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарах тухай орсон. Гэхдээ эцсийн байдлаар төр засгийн хэмжээнд батлагдаж өгөхгүй байгаа нь хяналттай холбоотой байх.
-Ямар хяналт вэ?
Шинэ бодлогод эмийн зохицуулалтын албыг байгуулахаар заасан. Тус алба нь боловсруулсан бодлогыг хэрэгжүүлэх, хяналтыг хийх болно. Бусад улсын хувьд тус алба нь яамны хэмжээний том агентлаг байдаг туршлага бий.
-Хяналтын олон байгууллага байгаа шүү дээ. Ухаалаг төр яах болж байна?
Хуучин тогтолцоогоор явахаар бодлого хэрэгжүүлж буй, тодорхойлж байгаа нөхдүүдийн хооронд будлиан гарч тодорхойгүй байдал үүсдэг. Өнгөрсөн жил гэхэд эмийн үйлдвэрүүдийн таван удаа, таван өөр газраас шалгасан. ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн. Нэг шалгалт ойролцоогоор 14-21 хоног байдаг гэж бодохоо бүтэн жилийн 3-4 сард нь шалгуулаад ажлаа хийж чадаагүй.
Бүгд л хянана гэдэг. Үүнийг л цэгцлэх хэрэгтэй байна. Ямар ч уялдаа холбоо алга. Ийм сонин үзэгдлүүдийг цэгцэлвэл эм үйлдвэрлэлийн салбар хөгжинө.
-Ард иргэдийн амьдралаас шалтгаалж эмийн үнийг хэрхэн бууруулах боломжтой вэ?
Хоёр талтай асуудал. Нийгмийн эмзэг хэсэг бол бухимдахаас өөр аргагүй. Гэтэл нөгөө талаас бид эрүүл мэндээ үнэгүйдүүлсэн ард түмэн. Социализмын үеэс л оношилгоо нь үнэгүй, эм нь үнэгүй, эмнэлэг нь үнэгүй явж ирсэн учраас эрүүл мэндийнхээ төлөө хариуцлага үүрч сураагүй. Импортын эм янз бүрийн орноос чанарын баталгаа хангагдсан эсэх нь эргэлзээтэй зах зээлээс ирдэг учир байдал хүнд байна.
Хэрвээ дотоодын эмээ бодлогоор дэмжээд, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадвал харьцангуй дундаж үнээр баталгаатай эм авах боломж бүрдэнэ. Эмийн үнэ чанартайгаа нягт уялдаатай. Цэвэршлийн зэрэг нь өндөр түүхий эдээр хийгдсэн эм мэдээж үнэтэй. Тэр хэрээр эмчилгээний чанар идэвхи нь өндөр. Гэтэл хямд эм олныг авч уугаад өвчин нь эдгэрэхгүй, бүр даамжирч эрхтэн системийг гэмтээж болзошгүй.
Тэгэхээр хүмүүс маань эрүүл мэнддээ жоохон анхаарал тавьж, мэдлэг мэдээллээ сайжруулах хэрэгтэй.
-Дотоодын үйлдвэрлэгчид төрийн худалдан авалт, тендерт хэрхэн оролцдог вэ?
Тендерийн байдал харьцангуй сайжирч байгаа. 2000 оны эхэн үед хийсэн судалгаагаар эх нялхаст төрсөн хүүхдүүдийн 90 хувь нь пенициллиныд мэдрэг бус байсан. Пенициллины бол нянгийн эсрэг үйлчилгээтэй. Гэтэл хүүхдүүдэд тариад үйлчлэхгүй байсан нь тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой. Гэтэл үйлчлэхгүй тариаг шал дэмий нялх хүүхдүүдийг зовоож хийж байсан хэрэг. Саяхныг хүртэл пенициллины тендерт ялдаг. Эмнэлгүүд нь хэрэглэдэг л байлаа ш дээ.
- Танай компани эмийн үйлдвэрлэлээ цогцоор нь хөгжүүлэхээр оролдож байгаа манлайлагч гэж хэлж болно. Төр бодлогоор биотехнологи, шинжлэх ухааны чиглэд дэмжлэг үзүүлнэ гэсэн. Хэр үзүүлж байна вэ?
Төр засгийн зүгээс инновацийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүд цөөн зарлагдаж байгаа юм. Гэхдээ бага хэмжээний төслүүдэд оролцож л байна. Манай улсад биотехнологийн чиглэлээр үйлдвэрүүдбайгуулах боломжтой гэж үздэг. Яагаад гэвэл малын дайвар бүтээгдэхүүнээс эм бэлдмэл гаргаж авах боломж ихэссэн. Тиймээс улсаас том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай.
Манайх хорт хавдрын эсрэг үхрийн элэгний судалгааг 1997 оноос хойш 17 дох жилдээ туршиж байна. Сүүлийн хоёр жилд клиник судалгаа хийж байна. Ямартай ч амьдрах хугацааг нь уртасгаж байгаа эерэг үр дүнгүүд батлагдсан. Харин одоо хоёр гуравдугаар шатанд орсон өвчтөнд хэрэглүүлж үр дүнг нь үзмээр байна.
Манай үйлдвэрэх орны ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг чихрийн шижин, дархлал сэргээх чиглэлээр үйлдвэрлэхээр бүтээгдэхүүний судалгаа хийж байгаа.
-Эм үйлдвэрлэлийн салбарт боловсон хүчний байдал хэр байдаг вэ?
Мэргэшсэн боловсон хүчинг бэлтгэж чадахгүй байгаа. Их сургуулиуд ерөнхий мэргэжлийн эм зүйчид л бэлдэж байгаа учраас яах аргагүй боловсролын тогтолцоонд өөрчлөлт хийх хэрэгтэй. Тухайлбал мэргэшсэн технологич, мэргэшсэн эмийн үйлдвэрийн инженерүүдийг бэлдэх хэрэгтэй.