Ж.Амарсанаа: Вакцины ач тусыг үгүйсгэж болохгүй
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа
2014.01.13

Ж.Амарсанаа: Вакцины ач тусыг үгүйсгэж болохгүй

Вакцин ямар тустайг эмч мэргэжилтнүүд төдийгүй эгэл иргэд ч сайн мэднэ. Хуучин цагт хүүхэд бүр заавал тусдаг гэж ойлгодог байсан зарим өвчлөл эрс багасч зарим нь бүр устаж үгүй болсон нь үнэхээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга буюу дархлаажуулалтын ач тус.

Саяхныг болтол вакциныг “Орчин үеийн анагаах ухааны нэгэн гайхамшиг” гэдэгт хэн ч эргэлзэж байсангүй. Гэтэл сүүлийн нэг жилийн дотор вакцинаас болж сэдэрсэн өвчлөлийн талаарх мэдээллүүд аав ээж нарт түгшүүр төрүүлж эхэлжээ. 15 настай охин суумгай болж, тавхан сартай охин татаж саажсаны дээр долоон настай охин хуруунуудаа тайруулахад хүрсэн нь вакцинаас үүдэлтэй гэж эцэг эхчүүд харамсан өгүүлэх болжээ.

Ил мэдээлэгдсэн нь энэ боловч цаана нь ийм түүх олон бий гэх. Сар жилийг саатан, хүсэн хүлээж төрүүлсэн үрээ эрүүл саруул бойжуулах хүсэл хүн бүрт бий. Гэтэл вакцин аюултай юм бол тариулахаа больчихъё гэх ээж нар ч таарлаа. Иймд бид дархлаажуулалтын ач тус хийгээд сөрөг нөлөөллийн талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт Баянхонгороос нийслэлд ирж эмчлүүлж байгаа охины аавын мэдээлэл олныг цочроолоо. Охиныг ЭМЯ-ныхан, сайд дарга нар яагаад эргэсэнгүй вэ гэж олон хүн гайхаж байна?

-Би ЭХЭМТ дээр очиж, охины эрүүл мэндийн байдалтай танилцаж, аав ээжтэй нь уулзсан. Хэв­лэлийнх­­нийг дагуулж явж, ний­тэд мэдээ­лээгүй л болохоос.

-Охины өвчлөлийн тухайд та юу хэлэх вэ. Үнэхээр вакцинаас болж өвд­сөн үү, эсвэл өвчин нь вакцин хиймэгц сэдэрсэн юм уу. Хүүхдийг гаднаас хараад вакцин хийж болохгүй гэдгийг мэдэх боломж байсан уу?

-Н.Энхбилэг охины хувьд суурь өвчин нь вакцинаас болж сэдэрсэн. Ховор тохиолддог өвчин байсны дээр гаднаас нь харахад ямар ч шинж тэмдэг байхгүй учир эмч тухайн үед илрүүлж чадаагүй. Охиныг өвдсөний дараа суурь өвчин сэдэрсэн гэдгийг ялгаж чадаагүй, өвчилсөн шалтгааныг нь вакцины урвал гэж танилцуулснаас болж хүмүүст буруу ташаа ойлголт төрсөн юм билээ.

-Охинд вакцин хийсэн эмч хариуцлага хүлээх үү?

Товлолт вакциныг хийх болсноор халдварт өвчний тоо жилээс жилд буурсан.

-Хүүхэд суурь өвчтэй байсан болохоор эмчийг буруутгах аргагүй юм. Энэ мэт харамсалтай тохиолдлоос болоод эцэг эхчүүд төдийгүй дархлаажуулалтын эмч нарт ч түгшүүр төрж эхэлсэн. Хэрэвзээ эцэг эх хүүхдээ вакцинд хамруулахаас татгалзлаа гэхэд “Таны хүүхдэд хэрэгтэй. Тариулчих” гэж хэлэх зориг зүрхтэй эмч олдохгүй болж байна. Энэ бол алсдаа их хор уршигтай л даа.

-Вакцинаас болж өвчин нь сэддэрсэн хүүхдүүдэд улсаас нөхөн олговор олгох ёстой гэх хүмүүс байна. Энэ талаарх зүйл заалт  хуулинд бий юү?

-Вакцины урвал хүндрэлийг улс эх орноос үнэ төлбөр­гүй эмчилдэг. Харин суурь өвчин сэдэрсэн бол яах вэ гэдгийг ном журамд хараа­хан тусгаагүй байна. Гэхдээ вакцины дараа суурь өвчин нь сэдэрсэн хүүхдүүд гадаадад эмчлүүлэх тохиолдолд 1-5 сая төгрөгийн тэтгэмж өгч байгаа.

-Ингэхэд манай улс вакциныг чухам аль улсаас авдаг юм бэ. Хадгалалт хамгаалалтад итгэлтэй байж болох уу?

-Төрснөөс хойш 48 цагийн дараагаас эхлээд 15 нас хүртэлх хугацаанд 11 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх долоон төрлийн вакциныг хийдэг. Үүнийг товлолт вакцин гэж нэрлэдэг. Товлолт вакциныг хийх болсноор халдварт өвчний тоо жилээс жилд буурсан. Товлолт вакцинаас гадна тархвар судлалын заалтаар дархлаажуулалт явуулдаг. Ямар нэгэн халдварт өвчний дэгдэлтийн үед хийдэг вакциныг ийн нэрлэдэг. Мөн сайн дурын дархлаажуулалтыг иргэдийн өөрсдийнх нь хүсэлтээр хийж байна.

Вакциныг хуулийн дагуу ДЭМБ-ын гэрчилгээтэй байгууллагаас НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар авч байгаа. Вакцины үйлдвэрлэл, тээвэрлэлтийг “Чингис хаан” нисэх онгоцны буудал хүртэл Хүүхдийн сан хариуцдаг болохоор найдвартай. Вакцинийг голчлон Европын орнууд тэр дундаа Бельги, Азийн орнуудаас  Энэтхэг зэрэг улс оронд үйлдвэрлэсэн вакциныг голчлон сонгосон байдаг. Тархвар судлал, сайн дурын вакциныг дотооддоо тендер зарлан нийлүүлдэг. Ийм тохиолдолд БНХАУ-аас оруулж ирэх нь бий. Мөн л ялгаагүй өндөр шаардлага тавьж, бүх шаардлага хангасан сайн чанарын вакцин оруулж ирдэг.

-Чанарын тухайд юү хэлэх вэ?

-Миний мэдэхээр чанаргүй тарилга ирсэн тохиолдол байхгүй.

-Хугацаа хэтэрсэн болон хадгалалт тээвэрлэлтэд эргэлзэх хэрэг­гүй гэж ойлгож болох уу?

-Хэзээ ч хугацаа дууссан вакцин тарихгүй. Хугацаа дуусмагц нь устгалд оруулдаг.

-Дархлаажуулалтад хэдий хэрийн хөрөнгө төлөв­лөдөг вэ?

-Энэ жилийн хувьд дарх­лаажуулалтад 6,8 тэрбум төгрөг төлөвлөсөн. Төсвийн хөрөнгө жил бүр харилцан адилгүй. Халдварт өвчин бага гарсан жилд вакцинд зориулах хөрөнгийн хэмжээ бага байна л гэсэн үг. Жилд дунджаар 4-6 тэрбум төгрөг зарцуулдаг. Үүнээс зайлшгүй хийх товлолт вакцинд жилд 1,2 тэрбум төгрөг зориулдаг.

-НҮБ-ын Хүүхдийн сангаас вакцин авахдаа хөнгөлөлттэй үнээр авдаг уу. Товлолт вакциныг хэрвээ улсаас даадаггүй байсан бол эцэг эхчүүдээс хэдий хэрийн мөнгө зарцуулах байсан бол?

-НҮБ-аас асар их хөнгөлөлт үзүүлдэг. Хэрвээ хүмүүс өөрсдөө мөнгөө төлдөг байсан бол нэг вакциныг багаар бодоход 10-20 ам.доллараар авах байсан.

-Вакцин хийснээс болж хүүхэд өвдсөн тохиолдол гарах бүрт эцэг, эхчүүдэд түгшүүр төрөх болжээ. Вакцинд итгэхээ больж, ядуу буурай орнуудад вакциныг туршилт маягаар хийдэг гэх болж. Энэ хэр үнэний ортой вэ?

АНУ-д л гэхэд хөхүүл ханиадны вакцины урвал хүндрэлээс болоод вакцинд хамрагдалт буурсан.

-Яалаа гэж. Харин ч эсрэгээрээ ядуу буурай байх тусам хөнгөлөлттэй тусламж илгээдэг нь НҮБ-ын зарчим шүү дээ. Вакцинийг эсэргүүцсэн, ач холбогдлыг нь бууруулсан цуу яриаг дэлгэрүүлж байгаа нь өөрөө үндэсний аюулгүй байдлыг хөндсөн хэрэг болж байгаа юм. Бид үр үндсээ өөрсдөө аюулт өвчинд нэрвэгдүүлэх ноцтой асуудал гэж би хувьдаа боддог.

АНУ-д л гэхэд хөхүүл ханиадны вакцины урвал хүндрэлээс болоод вакцинд хамрагдалт буурсан. Үүний муу үр дагавар олон жилийн дараа илэрснийг тус улсын эрүүл мэндийн салбарынхан онцолсон байна лээ. 1976 онд жилд мянга орчим хүүхэд хөхүүл ханиадаар өвчилж байсан бол 2004 онд 26 мянга гарсан байх жишээтэй. Хөхүүл ханиад туссан өвчтөнүүдийн нэг хувь нь нас бардаг энэ аюулт өвчнөөс болж бараг 300 хүүхэд амь насаа алдах аюул нүүрлэсэн байх жишээтэй.

Дэлхийн 500 сая хүний амь насыг авч одсон цагаан цэцэг өвчнийг вакцины хүчээр дарж, одоо устсан өвчний нэг болоод байна. Жаран жилийн өмнө л тахал мэт түгж байсан энэ өвчнийг залуус бол мэдэхгүй биз ээ. Мөн улаанууд өвчний улмаас 20 мянган нярай төрөлхийн гажигтай төрдөг байсан бол халдварт саагаар АНУ-д жилд 16 мянган хүүхэд саажилттай болж байжээ. Энэ болгоныг вакцины хүчээр хамгаалж, төдий тооны хүүхдэд эрүүл энх аж төрөх баталгаа нь вакцин болсоор ирснийг онцолмоор байна.

Вакцин хийснээс  өвчин нь сэдэрсэн тохиолдлууд гарч байгаа нь үнэхээр харам­салтай. Гэвч вакциныг эсэргүүцсэнээс болж олон мянган хүүхэд эрсдэлд орвол хариуцлагыг хэн хүлээх вэ. Хүүхэд нь өвдсөн аав ээж үү, вакциныг үгүйсгэн бичээд байгаа сэтгүүлчид үү,  хэвлэлийн байгууллага уу. Харамсалтай нь вакцин хийлгээгүйн хор холбогдол 10-20 жилийн дараа илэрдэг гээд бодохоор ур уршгийг одоо тооцох боломжгүй.

-Өнгөрсөн жил өсвөр насны охидод умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийж эхэлсэн. Гэтэл вакцины хор холбогдол тэдгээр охидыг насанд хүрэх үед үр зулбах, үргүйдэлд орох зэрэг байдлаар илэрдэг хэмээн эсэргүүцэх хүмүүс байсан?

-Уг нь их сайн вакцин шүү дээ. Уг вакциныг хийснээр охидыг насанд хүрэх үед умайн хүзүүний хавдартай эхчүүдийн тоо эрс буурах юм. Дэлхийн хэмжээнд 40 сая охидыг дээрх вакцинаар тарьсан байдаг. Тэдгээр хүүхдүүдээс осол аваар болон бусад халдварт өвчин, суурь өвчлөл зэргээс болж эндсэнийг вакцинтай холбон нийтэд мэдээлсэн хүмүүст буруу ташаа ойлголт төрүүлэх ажиллагааг вакцины эсрэг бүлэглэлүүд зориуд хийж байдаг. Ийм бүлэглэлүүдийг шашны байгууллагаас санхүүжүүлэх нь ч бий.

-Гадаадын улс орнуудад юм байна, тийм үү. Манайд арай ч вакцины эсрэг бүлэглэл бий болохдоо хүрээгүй биз дээ?

-Гадны вакцины эсрэг бүлэглэлүүдийн гар хөл Монголд ороод ирчихсэн юм биш байгаа гэж бодогдох үе бий. Хойшид ч ороод ирэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж, холбогдох албаныхан, тодруулбал, Тагнуулын ерөнхий газар анхааралдаа авах нь зүйтэй санагддаг. Нөгөөтэйгүүр зарим эмийн компанийн зүгээс борлуулалтаа алдахгүйн тулд элдэв цуурхал гаргах нь бий.

Өвчин байхгүй бол эм борлогдохгүй шүү дээ. Мөн вакцин үйлдвэрлэгчдийн өрсөлдөгч нар тухайн улс оронд түрүүлж нийлүүлэлт хийсэн үйлдвэрлэгчийн нэр хүндийг унагах, өөрсдийнхөө орон зайг бий болгох үүднээс зориуд худал мэдээлэл түгээдэг гэсэн сэжиг бий. Энэ мэт увайгүй алхмуудаас болж, вакцинаас айж болгоомжлох хэрэггүй гэдгийг эцэг эхчүүдэд дуулгая.

-Дархлаажуулалтын ачаар манай улсад гарсан эерэг үр дүнгийн талаар товч дурдвал?

-Хамгийн ойрын жишээнээс нэг хоёрыг хэлье. Улаанбурхан буюу корь өвчин устаж үгүй боллоо. Мөн халдварт бохирын шар буюу А гепатитын эсрэг вакцин хийснээр бохирын шараар өвчлөгсдийн тоо эрс буурсан. Халдварт өвчин судлалын төвд бохирын цочмог шараар өвчлөгсдийг хэвтүүлэх 150-170 ортой тасагт хүмүүс олноороо хэвтэж эмчлүүлдэг байсан бол одоо гурван хүн л эмчлүүлж байна.

Тэгэхээр энэ бол тэр олон хүнийг эрүүл мэндээрээ хохирохоос хамгаалж чадсан. Шар өвчин туссан хүн удаан хугацаанд эмчлүүлж ажил хөдөлмөр, хичээл сургууль завсардахаас сэргийлсэн. Хүүхдүүд өвдлөө гэхэд эцэг эхчүүд хүүхдээ сахин чөлөө авахад хүрдэг байснаас үзэхэд эдийн засгийн хувьд ч ач тусаа үзүүлсэн.

-Манай чинээлэг давхаргынхан хүүхдэдээ вакцин хийлгэхээ больсон гэх юм. Вакцин хийлгэлгүй татгалзсан тохиолдол хэр олон байдаг вэ?

-Вакцинаас татгалзсан талаарх мэдээлэл манайд ирээгүй. Чинээлэг давхаргынхан вакци­наас татгалзах болсон гэдэг нь юу л бол. Харин монгол хүүхдүүд гадаадад мэндлэх нь амьд­ралын боломж бололцооноос хамааралгүй түгээмэл тохиолдож байгаа үзэгдэл. Улс орон бүрийн эрүүл мэндийн тогтолцоо өөр өөр байдаг. Манай улсад заавал хийх ёстой гэж үздэг вакциныг бусад улсад хийх шаардлагагүй гэж үзэх нь бий. Халуун орнуудад хумхаагийн вакциныг заавал хийдэг бол манайд шаард­лагагүй байх жишээтэй. Тиймээс гадаадад төрсөн ээж нар эх орондоо ирмэгцээ хүүхдүүдээ вакцины хяналтад оруулаарай гэж сануулъя. 

-Вакцинаас татгалзах монгол хүн байхгүй гэж та бодож байна уу?

-Тиймээ. Манай монголчууд чинь харь­цангуй боловсрол өндөртэй, шинжлэх ухаанч улсууд шүү дээ. Тийм болохоор дархлаа­жуулалтаас татгалзана гэдэг өндөр эрсдэлтэйг ойлгох биз ээ.

-Товлолт вакцинд шинэ нэр төрөл нэмэгдүүлэх боломжтой юу. Уушгины хатгалгааны вакцин тарьдаг болно гэж сонссон?

-Улс орон хөгжөөд, эдийн засгийн хувьд хүчирхэгжих тусмаа вакциныг илүүтэй хэрэг­лэдэг. Бид эхний ээлжинд уушгины хатгалгааны эсрэг вакциныг оруулж ирэхээр судалж байна. Манайд жилд олон арван хүүхэд хатгалгаа тусч, тэднээс эрсдэх тохиолдол олон байна. Тиймээс эхний ээлжинд хүүхдүүдээ хатгал­гаанаас хамгаалах хэрэгтэй болчихоод байна. Дараагийн ээлжинд салхин цэцгээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа. Салхин цэцэг маш хурдтай тархдаг, нэг хүүхэд өвдөхөд ангийнхан нь тусчих жишээтэй. Гэхдээ эрсдэх нь бага учир хатгалгааны дархлаажуулалтыг түрүүлж авах нь зөв гэж үзэж байгаа.