Д.Батцогт: Хүнс, эмийн агентлагийг дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд байгуулсан байдаг
УИХ-ын гишүүн,Нийгмийн бодлого,боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2014.04.09

Д.Батцогт: Хүнс, эмийн агентлагийг дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд байгуулсан байдаг

2013 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хийж, гүйцэтгэсэн ажлын талаар Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Д.Батцогттой ярилцлаа.

-УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд хууль, тогтоомжийн ямар ямар төсөл дээр ажиллав?

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2013 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай”, “Соёлын өвийг хамгаалах тухай”, “Хамтын тэтгэврийн тухай” хуулийн төслүүд дээр ажиллалаа. Эдгээр хуулийн төслүүдийг сайжруулах, чамбайруулахын зэрэгцээ хуулийн төслүүдийн талаар иж бүрэн судалгаа хийлгэхээр УИХ-ын дэргэдэх Судалгааны төвд хүргүүлээд байна. Мөн “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хууль хэрэгжсэнээр даатгалын санд ямар ачаалал өгөх болон ачааллыг дааж чадах эсэх асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад албан тоот явуулаад байна.

-Хяналт шалгалтын чиглэлээр ямар ямар ажлууд хийгдсэн бол?

-Улсын Их Хурал хууль батлахын зэрэгцээ хяналт шалгалтын чиглэлээр ажилладаг. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд харьяалагддаг яамд, байгууллагуудын үйл ажиллагаа болон Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцах үүрэг, чиглэл бүхий Ажлын хэсгүүдийг томилж ажиллуулсан. Улсын Их Хурлын гишүүн А.Бакейгаар ахлуулсан ажлын хэсэг шинжлэх ухаан, технологийн салбарын бодлогын шинэчлэл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, ШУА-ийн үйл ажиллагаа болон салбар хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан.

Энэ хүрээнд шинжлэх ухааны байгууллагуудын өмнө тулгарч байгаа асуудлууд, цаашид авах арга хэмжээний талаар академич, эрдэмтэн, доктор, судлаач нартай санал солилцлоо.

Мөн Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг Засгийн газраас өргөн барих гэж байгаатай холбогдуулаад эмийн талаар төрөөс баримтлах бодлогын талаар өнгөрсөн намрын чуулганы хугацаанд Байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Сарангэрэл нар МХЕГ-ын төв лаборатори, эмийн хувийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Түүнчлэн нэлээд урт хугацаанд ажиллах үүрэг, чиглэл бүхий Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Тус ажлын хэсэг хөдөө орон нутагт ажиллахын зэрэгцээ Байнгын хорооны эрхлэх ажлын хүрээнд харьяалагддаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, Улсын Их Хурлаас батлагдан гарсан хууль, тогтоомж, бодлогын бичиг баримтуудын хэрэгжилтийг шалгах, энэ дагуу санал, дүгнэлт боловсруулж, Байнгын хороондоо тайлагнах юм.

-УИХ-ын гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт ажилласан. Танай Байнгын хорооны хувьд хаана хаана ажиллав, орон нутагт тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ?

Улсын Их Хурал, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран Мянганы сорилтын сангийн зорилтуудын хэрэгжилтийн явц байдлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан.

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд орон нутагт хуваагдаж ажиллалаа. Миний хувьд Байнгын хорооны ажилтнуудтай хамт Ховд аймагт ажилласан. Энэ хугацаанд Ховд аймгийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёл, спорт, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хэлтэс зэрэг олон байгууллагуудаар орж байгууллагуудын өмнө тулгарч байгаа ямар асуудал байгаа талаар саналыг нь сонсч, хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгаа, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг биелүүлэх талаар хэрхэн анхаарч ажиллаж байгаатай танилцлаа.

Мөн чуулганы завсарлагааны хугацаанд Дорнод, Хэнтий аймагт ажиллаж Засаг даргын Тамгын газар, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн С.Ганбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Дархан, Сэлэнгэ, Баянхонгор аймагт ажилласан. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүд аймгийн залуучуудтай уулзалт хийж, нийгмийн салбарын байгууллага, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, Улсын Их Хурал болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хүрээнд хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдийн талаар иргэдэд нээлттэй сонсгол хийж, харилцан ярилцаж санал бодлогыг нь сонслоо.

Түүнчлэн А.Бакей гишүүн Баян-Өлгий аймагт ажилласан бол Ж. Батсуурь гишүүнээр ахлуулсан Байнгын хорооны ажилтнууд Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаж, иргэдийн санал бодлыг сонсож, зарим байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ аймгийн удирдлагуудтай уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцан санал солилцлоо. Чуулганы завсарлагааны хугацаанд ажилласан ажлын хэсгүүдийн тайлан, дүнг Байнгын хороо сонсох ёстой.

-Өнгөрсөн хугацаанд Байнгын хорооны хүрээнд ямар ямар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бол?

-Улсын Их Хурал, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран Мянганы сорилтын сангийн зорилтуудын хэрэгжилтийн явц байдлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд Байнгын хорооны даргын хувьд үг хэлж, идэвхтэй оролцлоо.

Цаашид Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангуулах тал дээр Байнгын хороооны зүгээс НҮБ болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, сайжруулах шаардлага байгаа талаар ярилцсан. Энэ хүрээнд НҮБ-ын суурин төлөөлөгчтэй ойрын хугацаанд уулзаж дараа дараагийн ажлын явц байдал, цаашид хийх ажлын талаар санал солилцох зорилготой байна. Өмнөх уулзалт дээр Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх асуудлаар тодорхой саналуудыг дэвшүүлсэн.

-Та саяхан Филиппин Улсад айлчилсан. Айлчлалын зорилго, ач холбогдол юунд байв?

-Миний бие болон Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, З.Баянсэлэнгэ, Я.Содбаатар нарын гишүүдээр ахлуулсан Эрүүл мэндийн яамны зарим ажилтнууд, Азийн Хөгжлийн Банкны шугамаар хэрэгжиж байгаа төслийн удирдагч, албаны бусад хүмүүс багтсан нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Филиппин Улсад айлчиллаа.

Филиппин Улсын Хүнс, эмийн агентлагийн үйл ажиллагаатай танилцаж хүнс, эмэнд хэрхэн хяналт тавьж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Айлчлалын зорилго нь Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт, бичгийг боловсруулан Засгийн газраас өргөн барих гэж байгаатай холбогдуулан хүнс, эмийн талаар Филиппин Улс ямар бодлого барьж ажилладдаг талаар туршлага судлах, танилцах байсан. Энэ хугацаанд Филиппин Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн газрын дарга Т.Она, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Шин Ён Сү болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай уулзаж санал солилцоо.

Тус улсад дэлхийн эрүүл мэндийн Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудын төв байрладаг. Мөн Филиппин Улсын Хүнс, эмийн агентлагийн үйл ажиллагаатай танилцаж хүнс, эмэнд хэрхэн хяналт тавьж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Филиппин Улсын Хүнс, эмийн агентлаг 50 гаруй жилийн түүхтэй, тогтсон үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ хүнс, эмийн хяналтын бодлогоо сайн авч явдаг байгууллага байдаг юм байна.

Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан Засгийн газраас өргөн барих гэж байгаатай холбогдуулаад эмийн асуудлыг тусгайлан зохицуулдаг, хянадаг агентлаг байгуулах асуудал яригдаж байгаа. Монгол Улсад эмийн хэрэглээ ямар хэмжээнд байгааг бүгд мэдэж байгаа.

Өөрөөр хэлбэл эмийн замбараагүй хэрэглээ их байна, чанартай чанаргүй нь мэдэгдэхгүй олон эм гаднаас орж ирдэг. Эмчийн жоргүй, хяналтгүйгээр эм зарагдаж байдаг. Иймээс хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс эмийн бодлогоо чангатгах, хяналт тавих, үнийн зохицуулалтуудыг хийх шаардлага тулгарч байгаа бөгөөд энэхүү зохицуулалтыг хийхийн тулд Эмийн агентлагийг байгуулах зайлшгүй шаардлагатай юм байна гэсэн ойлголтыг гишүүд энэ хугацаанд авлаа.

Хүнс, эмийн агентлагийг дэлхийн өндөр хөгжилтэй олон улс орон байгуулсан байдаг байна. Тухайлбал Хятад, Солонгос улс гэхэд олон жил Хүнс, эмийн агентлагтай байж байгаад саяхнаас яам болгон өөрчилсөн байх жишээтэй. Дэлхийн улс орнууд хүнс, эмийн асуудалд онцгой ач холбогдол өгч ажилладаг юм байна. Тиймээс энэ асуудал Монгол төрийн зайлшгүй авах арга хэмжээний нэг байна гэсэн итгэл үнэмшлийг бид олж авсан. Иймд Байнгын хороо цаашид эмийн бодлогыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхэд ихээхэн анхаарал тавьж ажиллана гэсэн бодолтой байна.