Э.Бат-Үүл: Бидэнд мөнгө, танд газар байна
Бидэнд мөнгө, танд газар байна
2014.04.18

Э.Бат-Үүл: Бидэнд мөнгө, танд газар байна

Улаанбаатар хот 28 мянга шахам га суурьшлын газартай. Үүнээс 79 хувь буюу 22 мянган га-г гэр хороолол эзэлдэг. Өнөөгийн байдлаар гэр хороололд 186 мянга гаруй өрх ямар ч газар зохион байгуулалтгүй, инженерийн болон нийгмийн зориулалттай байгууламжийн хүртээмжгүй орчинд амьдарч байгаа.

Энэ нөхцөл нь атар, хөрсний бохирдлын голомтыг үүсгэснээс нийслэлийн нийт иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоожээ. Агаарын бохирдлын 50 хувь нь хөрснөөс үүсэх тоосжилт, 35 хувь нь нүүрсний утаанаас бүрдэж байна. Үүсээд байгаа энэхүү нөхцөл байдлыг шийдвэрлэхэд, басхүү иргэдээ тохь тухтай амьдруулахын тулд гэр хорооллыг барилгажуулах ажлыг хотын захиргаанаас эхлүүлсэн. Хүмүүсийн хамгийн их мэдэж байгаа нь гэр хорооллын дахин төлөвлөлт. Харин нөгөө нь, Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл юм.

Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд хийж буй газар шинэчлэн зохион байгуулах ажлын талаар өчигдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүл мэдээлэл хийлээ. “Газар шинэчлэн зохион байгуулах” гэдэг нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөс арай өөр.

Дахин төлөвлөхөд иргэд өмчийн газраа гүйцэтгэгч компанид өгч оронд нь байр, эсвэл мөнгө авч байгаа. Урт хугацааны нүсэр ажил учраас дахин төлөвлөлтийг хүлээж байгаа иргэд цөөнгүй бий. Тэгвэл үүнийг хүлээлгүй иргэд өөрсдөө санал нэгдэж бичил дахин төлөвлөлт буюу газар шинэчлэн зохион байгуулах төслийг сонгож болох ажээ.

Харин газрыг шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдахын тулд иргэн өөрийн өмчийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтад шаардлагатай талбайг нийслэлд хувь нийлүүлэх юм байна.

Ингэснээр иргэдийн, газар өмчлөгчдийн хүсэлт, оролцоо, шийдвэрт үндэслэн зураг төсөл, төлөвлөлтийг боловсруулах аж. Иргэд зохион байгууллагад орж нийт талбай дээр амьжиргааны орон сууц, нийгмийн зориулалттай байгууламжийг хаана, ямар хэмжээтэй барих талаараа эхлээд өөрсдөө тохиролцоно. Ингээд гүйцэтгэгч компани, Гэр хорооллын орон сууцжуулах төслийнхөнтэй гэрээ байгуулах ажээ. Одоогийн байдлаар 30 мянга орчим иргэн газар шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлжээ.

Нийслэлийн Засаг дарга Э.БАТ-ҮҮЛЭЭС мэдээллийн үеэр цөөн зүйл тодруулав.

-100 айлын Гэзэгийн худаг, Гандан орчмын дахин төлөвлөлтийн ажил урагшгүй байна. Энэ хавийн айлууд газар шинэчлэн зохион байгуулалтад оролцож болох уу?

2013 онд гэхэд гэр хорооллын дахин төлөвлөлтөд 87 тэрбум төгрөг төсөвлөсөн.

-Болно. Болохоор барах уу, болоосой билээ гээд залбираад байна. Гэзэгийн худагийнхан хоёр бүлэг, Гандангийнхан дөрвөн бүлэг болж хуваагдчихаад ажил явахгүй байна. Иргэдийн газар учраас тэд шийднэ. Захиргааддаг арга байхгүй шүү дээ. Уг нь зураг төслийг нь хийчихсэн шүү дээ.

-Иргэд нийлээд газраа шинэчлэн зохион байгуулъя гэвэл хотын төсөв мөнгө хүрэлцэх үү?

-Төсөв бол байгаа. Бид багцаагаар төсөв тавьчхаад яваад байна. Иргэд төлөвлөлтөө хийгээд, зургаа гаргаад ирэхээр төсвийг нь тооцоод ИТХ- аар оруулаад батлах ёстой. Тухайн жилийн төсөвт мөнгө батлалгүй явуулчхаар ажил хоцорчхоод, батлаад явуулъя гэхээр зураг төсөл нь байдаггүй. Ийм байдалд орчихсон. Ямар ч байсан манай инженер, төлөвлөлтийн байгууллагууд өөрсдөө урьдчилсан тооцоолол хийж байгаад мөнгийг нь тавиадоруулж байгаа юм. Бидэнд мөнгө бий. Харин иргэнд газар байна. 2013 онд гэхэд гэр хорооллын дахин төлөвлөлтөд 87 тэрбум төгрөг төсөвлөсөн.

-Гэр хорооллын айлууд эмх цэгцэд орохын тулд нүүдэл хийж таарна. Зарим айл нь байшин, барилгатай байгаа. Тэрийгээ нүүлгэх хөрөнгө мөнгө байхгүй. Нүүлгэлтийн зардалд хотын захиргаа туслах уу?

-Энэ төлөвлөлтийг яагаад иргэдээр өөрсдөөр нь хийлгээд байгаа вэ гэхээр заавал нүүж, шилжих албагүй. Нүүж шилжихгүйгээр зохицуулж болно. Ганц, нэг айл байж магадгүй. Хамгийн гол нь иргэд яавал бага зардлаар шинэчлэн зохион байгуулалт хийх вэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй.

-Эмнэлгийн хашаанд орон сууц бариад байгаа асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-Уг нь эмнэлгийн хашаанд орон сууц барих хориотой. Гэтэл зөвшөөрөл өгөөд барилга нь эхэлчихсэн байна. Барилгын суурь тавьчихсан учраас бид зогсоож болдоггүй. Одоо бол эмнэлгийн хашаанд зөвшөөрөл өгөхгүй зогсоочихсон байгаа. Өмнө нь зөвшөөрлөө аваад ажил нь явчихсан барилгуудыг зогсоох хэцүү байна.