Газраа чөлөөлөөгүй иргэд ч орон сууцанд орох сонирхолтой байна
НИТХ-ын дарга Д.Баттулга
2014.04.04

Газраа чөлөөлөөгүй иргэд ч орон сууцанд орох сонирхолтой байна

Нийслэлийн  ИТХ-аас өнгөрсөн онд гэр хороололд дахин төлөвлөлт хийх тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын дарга Д.Баттулга бүтээн байгуулалтын ажилтай өчигдөр танилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн XXX хороо буюу нэгдүгээр хорооллын арын дэнжийн гэр хороололд хийсэн дахин төлөвлөлтийн явцыг сонирхсон юм. Эндэхийн ажил 2013 оноос эхэлсэн бөгөөд шинэ хороолол төслийг хэрэгжүүлж 168 айлын хашааг эмх цэгцтэй байдлаар татаж, 10 айлыг цэвэр, бохирын шугамтай холбож мөн 1.5 км зам тавьжээ.

Замын цементэн хучилтыг хийгээгүй ч удахгүй хийнэ гэж “Атмор” компанийн гүйцэтгэх захирал У.Энхбилэг хэллээ. Тус хороонд    нүүрс  шингэрүүлэх буюу хийн зуух барих аж. Харин тус дүүргийн X хорооны иргэд өөрсдийн санаачилгаар “Оршин суугчдын түр зөвлөл” байгуулж    гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг дэмжиж байгаа  гэсэн. Түр зөвлөлийн дарга Б.Сүхбаатар “Сургууль цэцэрлэгийн асуудлыг давхар шийдэж өгч байгаа нь сайшаалтай байна. Наад зах нь хөрсний бохирдол хаа сайгүй үүсээд жорлонгийн нүх ухах газаргүй болсон. Тиймээс орон сууцжуулах нь зүйтэй гэж үзээд хорооны иргэд бүгд дэмжиж санаачилгаараа идэвхтэй оролцож  байна. Иргэд хоёр талын гэрээгээ хийсэн" гэсэн юм.

Гэр хороолол дахин төлөвлөлтөөр дулаан бохирын асуудлыг шийдэх боломжтой ч хотын зах руу хэт холдох тусмаа төвөгтэй болдог. Тиймээс төвөөс тусдаа шинээр хийх шаардлагатай бөгөөд үүний нэг нь Дамбын эцэст барихаар төлөвлөсөн орон сууц байлаа.

Энэ газар нь “Цэлмэг Ази” компанийн хариуцсан хэсэг бөгөөд таван айлыг нүүлгэж, барилгын ажлаа эхлэх гэтэл барилгын суурь тавих газар ус тогтжээ. Анх хөрсний судалгаа хийхэд илрээгүй ч цаад талын бохирын байгууламжийн ус хөрсөөр нэвчин суурь цутгах газарт тогтсон гэнэ. Төлөвлөөгүй зардал нэмж гарган бохирын байгууламжийн далан барих шаардлагатай аж.

Энэ мэт хороо бүрийн газрын байршил, онцлогоос хамааран барилгын компаниуд өөр, өөр зүйл ярьж байлаа. Зарим иргэн хэрэг болгон зорьж Д.Баттулга даргатай уулзаж байв. Иргэн А.Болор “Манайх энэ гудамжны цаана байдаг. Хурдан байранд ормоор байна. Хүмүүс ч бас дэмжиж байгаа. Энд ганцыг биш, тэнд зэрэг барьж болохгүй юу” гэх зэргээр санал бодлоо илэрхийлж байлаа.

Байрны суурь тавих гээд хашаанд нь тулгаад газар ухчихсан байхад одоо хүртэл газраа чөлөөлж өгөөгүй айл ч байна. Барилгын хүмүүс “Энэ айлыг холбогдох байгууллагад мэдэгдсэн. Газрын зөвшөөрөлгүй юм байна лээ. Нүүхгүй л байна. Удахгүй шийдэх байх ” гэсэн юм. Газар чөлөөлж байгаа айлууд хэрхэн хүлээж авч байна гэхэд “Уг нь газар чөлөөлж өгсөн айлд орон сууц авахад үнэ мөнгийг хямдруулж уян хатан хандах юм. Гэтэл зарим айл нь нүүх шаардлагатай гэхээр үнээ нэмж өсгөх гээд бага зэрэг асуудал байна. Гэсэн ч тохиролцож байгаа” гэлээ. Энэ мэт гэр хороолол дахин төлөвлөлтийн ажил сайнтай, муутай өрнөж байна.