Э.Бат-Үүл: Би хур асуудалтай хоттой зууралдсан ч хурдтайгаар цэгцэлж байна
Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-Нийслэл хот үүсэн бий болсны 374 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа. 374 жилийн түүхтэй хотын хувьд таныг харьцангуй шинэ дарга гэж хэлэх байх. Шинэ дарга маань өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу хийж амжуулав аа?
-Хийсэн ажил гэвэл их бий. Саяхан бид тайлангаа нэгтгэж харахад 55 онцлох ажил хийсэн гэсэн дүн гарсан. Товчхон дурьдвал энэ жил 282 км урттай зам засвар, шинэчлэлийн ажлыг хийсэн нь өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэж байгаагүй ажил болсон юм. Мөн хот тохижилтын чиглэлээр хийсэн олон багц ажлууд байгаа. Хотоо цэвэрхэн байлгах, цэцэгжүүлэх гээд л.
Манай хотын хувьд анзаарч харвал хүүхдэд илүү өөрөөр ханддаг хот болсон шүү дээ. Хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгдөг боллоо. Тэдэнд зориулж амралт, цагийн хуваарийг шинэчлэн ялангуяа бага насны хүүхдүүдэд анхаардаг хот болсон гэж хэлж болно. Мөн замын түгжрэлтэй холбоотой олон арга хэмжээг шийдсэн.
Гэхдээ энэ бол түр зуурын шинжтэй шийдвэрүүд. Яагаад гэвэл машин “төрөх” үйл явдал, зам барихаас хэзээ ямагт олон дахин хурдтай байна. Мөн би тэр бүр хүмүүсийн нүдэнд харагдаагүй ажлыг цохож хэлье. Улаанбаатар хотын 152 хорооны биеийн байдал ямар байгааг хэмждэг хэмжүүртэй болоод үүнийг тогтоож авлаа.
Эрүүл аюулгүй байдлын индекс, амьдрах орчны зураглал гэсэн ийм хоёр чухал зүйлийг хийсэн. Ингэснээрээ тэдгээрийг хараад л тухайн хорооны биеийн байдал ямар байгааг буюу сургуульгүй, гэмт хэрэг их гардаг, хогийн цэг, нийтийн тээвэр хүрдэггүй зэргийг мэдэж болох термометртэй болсон.
Үүнийг гурван сарын хугацаанд иргэдийн оролцоотойгоор хийсэн учраас илүү үр дүнтэй. Жишээ нь нэг хороонд сургуулийн насны 1500 хүүхэдтэй гэсэн бүртгэлтэй байсан. Гэтэл тухайн газарт очиход тийм тооны хүүхэд байгаагүй. Тэнд бүртгүүлчихсэн хэрнээ өөр газар амьдардаг хүүхдүүд байсан. Бид үүнийг өмнө нь мэддэггүй байлаа.
-Үүнийг гаргаснаар цаашид ажиллахад түлхэц өгөх нь гэж ойлгож болох нь ээ?
-Тийм шүү. Бид эрүүл аюулгүй амьдрах индекс, амьдрах орчны зураглалаа бариад хороо бүрт очиж 2014 онд юу хийх вэ гэдгээ иргэдтэйгээ уулзан ярих гэж байна. Автобус явуулах уу, сургууль барих уу, зам тавих уу гээд л ярина. Миний олзуурхаж байгаа ажил энэ. Ерөнхийлөгчийн хэлээд байдаг иргэдийн оролцоотой асуудлаа шийддэг барин тавин прометртой болсон.
-Бүтээн байгуулалтын ажлыг бид харж байна. Гэхдээ хот тэлж чадахгүй байна гэдэг шүүмжлэл бий. Энэ талаар юу хэлэх үү?
-Мэдээж хэрэг хот тэлэх бол зохих хугацааны ажил байж таарна. Жишээ нь Шувуун фабрик, Био комбинат руу ирэх жил л гэхэд замыг нь барьж дууссан. Энэ жил суурь хучилт л хийлээ. Био бол ерөнхий төлөвлөгөөгөөр 60 мянган хүнтэй дагуул хот болох юм.
Тийшээ автобусны хөдөлгөөн гаргалаа. Энэ хотыг бий болготол цаг хугацаа хэрэгтэй. Бидэнд байгаа бэрхшээл нь тэлэхээс өмнө хотын төв хэсэг асуудалд орчихсон байсан. Нойр хугасалж байгаа асуудал бол дулааны шугам хэзээ зад үсрэх бол гэдэг байна.
1971 онд хийсэн газар доорх байгууламж маань өвгөрөөд шаардлага хангахаа больсон. Хажуугаар нь зах замбараагүй газар олгосноос болоод инженерийн шугамын засвар үйлчилгээ хийх зайгүй болсон гээд асуудал их байсан л даа.
-Цэгцэлж чадаж байна уу?
-Би богино хугацаанд өндөр хурдтайгаар цэгцэлж байна. Мэдээж хэрэг хур хог гэдэг шиг хур асуудалтай зууралдсан л даа.
-Та Засаг дарга болохдоо орчин үеийн тохилог орон сууцтай болох тухай ярьсан. Өөрөөр хэлбэл хаус хороолол. Энэ ажлыг хийхийн тулд цаг хугацаа хэр шаардлагатай байна вэ?
-Би өөрт чинь нэг жишээ хэлье. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж манайд хийж байгаа ажлыг би Токиод явж байхдаа харж, танилцсан. Тэгэхэд 3.7 га газарт хийхэд 16 жил зарцуулсан байдаг. 12 жил иргэдтэй хэлэлцээр хийн дөрвөн жилийн хугацаанд барьсан. Энэ ажлыг Японы Морибилдинг гэдэг компани хийсэн.
Би иргэдээ аль болох хашаа руугаа бохир, цэвэр усны шугам татуулаад дэд бүтэцтэй болоод замаа засуулаад “Town House” маягийн байх болов уу гэж иргэдээ ятгаж байсан.
Би анх ажлаа авсныхаа дараа очиж туршлага судалж байсан учраас манай гэр хорооллынхон ингэвэл яана аа гэж дотроо сэтгэлээр их унасан. Гэтэл манайд байдал өөр байгаад би сэтгэл хангалуун байна. Жилийн дотор үндсэн тохиролцоо хийгээд хөрөнгө оруулалт нь эхэлж, сууриудыг нь тавьсан найман газар байна.
Нийт 20 газар байгаа үлдсэн 10 гаруйд нь тохиролцоо хийж байна. Би иргэдээ аль болох хашаа руугаа бохир, цэвэр усны шугам татуулаад дэд бүтэцтэй болоод замаа засуулаад “Town House” маягийн байх болов уу гэж иргэдээ ятгаж байсан. Гэтэл иргэд амьдрал дээр өөр сонголт хийж байна.
Нөгөө хөрөнгө оруулагчийг очоод уулзахаар иргэд газраа шууд орон сууцаар солих хүсэлтэй байдаг. Зарим нь “Town House”-тай болъё гэж байгаа ч олонхи нь орон сууцанд орох сонирхолтой байдаг. Зарчмын хувьд иргэд хэрхэн шийдэж байгаагаар л шийднэ. Хуучин хотын дарга газар өгөөд барилга бариулдаг байсан бол одоо хашааны эзэд газраа чөлөөлж өгөн барилга бариулж байгаа учраас дарга нар нь тэд байхгүй юу даа.
-Би бас эрүүл аюулгүй хотод амьдармаар байна. 600 мянган хүн амьдрах бололцоотой байгуулагдсан Улаанбаатар хот өнөөдөр нэг сая 200 мянган хүнийг дааж байна. Үүнд хүн амын төвлөрлийг багасгахын тулд яах ёстой юм бол. Нийслэлийн иргэн татвар төлдөг байх асуудлыг ярьж эхэлсэн?
-Нийслэл рүү тэмүүлж байгаа үйл явцыг сааруулах гэж татварын арга хэмжээ авч байгаа юм биш. Би хувьдаа татвар тэгж тавих ёсгүй гэж боддог. Нийслэлийн иргэд төвлөрч эхэлж байгаа нь муу үзэгдэл огт биш. Зах зээл идэвхжиж, нягтарч, сайжирч байгаа ч илүү чадалтай болоод байна гэсэн үг шүү дээ.
Бэрхшээл нь хүмүүс шилжиж ирж байгаа үед нь инженерийн үйлчилгээгээ буюу эмнэлэг, сургуулийг хүргэж чадахгүй байгаа нь л асуудал. Түүнээс биш ирж байгаа нь бэрхшээл биш. Хэрвээ бид нийслэлдээ татвар тавина гэвэл тухайн хөрөнгөөр таны амьдарч байгаа байшин хорооллын эмнэлэг, сургуулийг тордож байя.
-Монгол Улсын нийт хүн амын тал нь Улаанбаатар хотод амьдарч байна. Гэхдээ төсвийн цөөн хэсэг л Улаанбаатар хотын төсөвт ногддог гэж сонссон. Нийслэлийн төсөв хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Бид ирэх арваннэгдүгээр сарын 28-нд төсвөө хэлэлцэж батална. Бидний өөрийн төсвийн орлого 400 гаруй тэрбум төгрөг. Нийт улсын төсөвтэй зүйрлээд үзвэл таван хувь нь. Тэгсэн мөртлөө ДНБ-ий 63 хувийг ганцаараа хийж байгаа хотын хувьд төсвийн хуваарилалт шударга бус байгаа нь харагдаж байна шүү дээ.
Бид ядахдаа 10 хувийг тусгаж чадвал тэр өвгөрч хуучирсан дэд бүтцүүдээ шинэчилмээр байна. Бидэнд хуучин хорооллуудаа сэргээхэд 450 тэрбум төгрөг хэрэгтэй. Хэрвээ төсөвт энэ мөнгийг тусгаад өгвөл 3-4 жилийн дараа 3, 4, 13 дугаар хорооллуудыг шинэчилнэ.
-Ерөнхий сайдын авлигажсан төсөв гэж ярьсан нь нэлээд асуудал боллоо. Тэр дунд улс төр ч явагдлаа. Та түүнийг дэмжээд байсан. Яагаад дэвжив?
-Ерөнхий сайдын тэр авлигажсан төсөв гэдэг бол маш чухал үгийг хэлсэн. Хүмүүс тэр үгэнд нь нэлээд хөнгөн хандах шиг болсон. Ерөнхий сайд төсвийг хийсвэрээр нэмдэгт бухимдаад байгаа. Би ч гэсэн түүний хамт тууштай ажиллая гэж бодож байгаа.
-Үүнийг энгийн жишээгээр тайлбарлая л даа. Өнгөрсөн жил хотын төсвөөс мөнгө илүү гаргаж чадав уу?
-Чадахаар барах уу даа. Жишээ нь гудамжаа цэцэгжүүллээ. Манай хот тохижилтынхныг гудамжинд цэцэг тарьж байхад хүмүүс долоо хоноод л алга болно гэж бодож байсан. Гэтэл энэ жилийн цэцгүүд дулааны улиралдаа хүмүүсийг баясгалаа.
Нийслэл рүү тэмүүлж байгаа үйл явцыг сааруулах гэж татварын арга хэмжээ авч байгаа юм биш.
Энэ цэцгээр дамжуулан хотоо хайрлах үзлийг хэнээс ч ямар үзэл суртлаас илүү бий болгосон. Хотын гудамж талбайг үүр шөнөөр угаан ажилласан. Тэгэхэд 1.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан. Өөрөөр хэлбэл бид нохойны хөшөө барихгүй яг зориулалтын дагуу тохижилтоо хийхэд л хэмнээд эхэлсэн.
-Дугаарын хязгаарлалт цаашид үргэлжлэх үү?
-Үгүй. Ирэх зургаадугаар сар гэхэд дугаарын хязгаарлалтгүй болгоно гэж бодож байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулвал хүмүүс тэр бүр машин унаад байхгүй байх.
-Нийслэлийн 374 жилийн ойн баярын хурал хэзээ вэ?
-Баярын хурал хийхгүй. Иргэддээ зориулан маргааш /өнөөдөр/ “Улаанбаатарын үнэ хямдрал” гэдэг арга хэмжээг зарлаж байгаа. Бид нийслэлийн иргэдээ л баярлуулах гэсэн юм. Дээрээс нь энэ их бүтээн байгуулалтыг хийсэн компаниуд, хүмүүсээ шагная гэж бодож байна.
Тиймээс дарга нарын тоглолт, бөхийг болиулсан тэр мөнгөөрөө ажил хийсэн хүмүүсээ шагнана. Нийслэлчүүддээ, биднийг дэмжиж ажиллаж байдагт нь талархал илэрхийлье. Миний ажилласан нэг жилийн хугацаанд манай нийслэлчүүд нийслэл хотоо өөрийнхөө гэр орон шиг үзэж, ариглах сэтгэлгээ хүчтэй сууж эхэлсэнд их талархаж байгаа.
Энэ бол бидний ажлын хамгийн том үзүүлэлт. Одоо нийслэлийн иргэд миний гудамж, миний гэр гэдэг ойлголттой болсон. Хүүхдүүд биднээс хэзээ хот маань гоё болох вэ гэж асуудаг. Үүнд хурдан гоё болно гэж хариулмаар байна.