2013.11.06

Э.Бат-Үүл: Иргэд өөртөө авч буй үйлчилгээнийхээ чанар чансааг мэдэх ёстой

МҮОНТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгийн зочноор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцлоо.

-Энэ жилийн “Нийслэлийн өдөр”-ийн онцлог юу байна вэ?

-Энэ жилийн “Нийслэлийн өдөр”-өөр иргэд нь илүү баярлах л онцлогтой. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш 24 жилийн хугацаанд нүүр улайлгаж, сэтгэл шимшрүүлж, санаа зовоож явсан зүйл нь манай нийгмийн амьдрал дарга нарт зориулсан байдал олигтой өөрчлөгдөөгүй.

Бид энэ эрх мэдлийг авсанаас хойш тавьсан андгай маань иргэндээ зориулж амьдрах. Төр иргэндээ үйлчилдэг. Энэ жил бид дарга нарт зориулж концерт тоглохгүй. Улаанбаатарын өнгөрсөн нэг жилд хийсэн ажлын бүтээн байгуулагчдаа үнэлье, урамшуулъя. Бүтээн байгуулагч нартаа зориулсан шагналаа гардуулж, концерт тоглоно.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр бэрхшээлтэй зүйл нь юу байна вэ?

-Газрын эзэн болсон хашааны иргэд, хөрөнгө оруулагч хоёр тохирно гэдэг хамгийн хүнд асуудал. Энэ бол жам ёсны бэрхшээл. Ямар үнээр газраа үнэлэхээ газрын эзэн л хөрөнгө оруулагчтайгаа тохирох ёстой. Ер нь гэр хороолол орон сууцанд очерлогчдын хороолол гэж хэлэхэд болно.

-Та бүхний ажилд иргэдийн хяналт, шахалт, хүсэлт яаж тус болж байна вэ?

-Ил тод байдал бидэнд их хэрэгтэй. Цуу яриа, хов жив гэдэг нийгэмд хортой байдаг. Маш олон гэм зэмгүй хүн буруу ойлгогдож, хохирдог. Дараа нь түүнийг улс төрийн зорилгоор ашигладаг. Саяхан намынхаа ерөнхий нарийн бичгийн даргын суудалд өрсөлдөх гэж буй хүн намайг үг сүггүй гүжирдээд нэг том нийтлэл захиа бичиж.

Түүнийг нь тогтоолгуулахаар авлигатай тэмцэх газар өгсөн. Би хотынхоо бүх захиргааны ажилтнуудаас шаардаж байгаа. Ямар нэгэн зүйлд холбогдвол үнэн худлаа тогтоолгож ирээрэй. Тогтоолгож ирэхгүй бол холбоотой гэж ойлгон хална.

Нэгдүгээр сарын нэгнээс наймдугаар сарын нэгний хооронд 28600 машин шинээр дугаар авч, хөдөлгөөнд орсон.

Тэгэхээр би өөрөө үлгэрлэх ёстой. Бид иргэндээ үйлчилье гэж байгаа бол бараагаа нуугаад байж болохгүй. Ил тод тунгалаг байж тэдэндээ үйлчилнэ. Нэг анзаарсан зүйл нь бид хэрэндээ ил тод болоод байгаа ч нөгөө талаас иргэд сонирхох нь харьцангуй бага. Хамгийн гол нь иргэд өөртөө авч буй үйлчилгээнийхээ чанар чансааг мэдэх ёстой.

-Авто замын нэгдүгээр эгнээнд байгаа автомашинуудыг зөөх юм байна. Тэнд л тавьж болохгүй гэсэн. Саяхан нэг мэдээлэл сонсоход нэгдүгээр эгнээнд машинаа тавиад явсан 2000 гаруй хүнд торгуулын хуудас очиж гэнэ. Гэтэл энэ жаахан явахгүй байгаа юм биш үү. Энэ дээр яаамаар юм бэ?

-Эхлэнгүүт төгс болно гэж байхгүй. Өмнө нь гэрийн хаягаар торгуулын хуудас ирж байгаагүй. Харамсалтай нь бидэнд торгууль тавих, торгуулын хариуцлага тооцох эрх мэдэл хуулиар бараг байхгүй. Замыг өргөжүүлээд, гарцыг сайжруулаад байвал машины урсгал нэмэгдээд байдаг.

Энэ жил Улаанбаатарын түүхэнд байхгүй 282 километр урттай замын шинэчлэл хийгдсэн. 18 уулзвар ашиглалтад орсон. Нэгдүгээр сарын нэгнээс наймдугаар сарын нэгний хооронд 28600 машин шинээр дугаар авч, хөдөлгөөнд орсон. Сард 4000 гаруй машин.

Зам тээврийн хөдөлгөөнд орж буй машины тоо гэрлийн хурдаар өсч байна. Мөн орон нутгийн зам сайжирснаас хойш орон нутгийнхан Улаанбаатарын дугаар авах явдал эрс нэмэгдсэн. Түгжрэлээс гарах ганц гарц нь нийтийн тээврээ сайжруулаад хувийн хэрэглээг шахах хэрэгтэй.

Дэлгэрэнгүйг нэвтрүүлгээс...